Г.Сүндэрмаа:Намайг илүү сорьсон баззер таараасай гэж бодож байна

Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг-3” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаар өнгөрсөн сарын 6-наас эхэлж үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Энэ удаагийн дугаарт Эмоци продакшы жүжигчин МУСТА О.Тэмүүжин, загвар өмсөгч Ж.Энэрэл, загвар өмсөгч О.Билгүүн,“A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин М.Цэрэндолгор, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, жүжигчин Ч.Очгэрэл нарын залуус оролцож байгаа. Ингээд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч дуучин Г.Сүндэрмааг,“Өглөөний зочин” ярилцлагын буландаа урьсан юм.

-“Яг түүн шиг-3” шоуны дөрөв дахь дугаарын ялагчаар тодорсонд баяр хүргэе? Та өөрийгөө ялагч болно гэж төсөөлөөгүй уйлж байгаа харагдсан?

-Баярлалаа. Баззер маань ээлтэй байлаа. LP дуучны “Lost on you” дууг сонгосон. Урьд нь энэ уран бүтээлчийг мэддэггүй байсан. Дүрээ судлаад үзсэн чинь надад “Lost on you” дуу аягүй их таалагдсан, сонсоод баймаар. Ер нь би дүрээ гаргахдаа маскгүй, парик нүүр будалттай оролцсон. Надад амттай ялалт болсон. Яагаад гэвэл Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн хоёртой оноо тэнцээд шүүгчдийн дахин сонголтоор ялсан. Би ганцаараа мундагтаа ялалт байгуулаагүй. LP-ийн дүрийг яг түүн шиг болгож өгсөн баг хамт олны маань бүгдийнх нь ялалт. Яг түүн шиг шоуны ард ажиллаж байгаа бүх хүмүүсийн сэтгэл, зүрх, хөдөлмөр нийлж би ялалт байгуулсан.


-Шоунд оролцох санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

-Хамгийн анх “Яг түүн шиг” шоуны эхний улирлын дугаарт оролцох санал тавьсан. Би тэр үед өөрийн явуулдаг фитнесс клубээ нээгээд маш завгүй байсан. Тухайн үед санал тавихад “за ёстой уучлаарай оролцож амжихгүйн аягүй их ажилтай байгаа” гэсэн хариуг өгсөн.

Харин энэ жил надад тавьсан. Өмнөх жилүүдийн дугааруудыг үзчихсэн байсан учраас өөрийгөө нэг сориод үзье гээд оролцоод явж байна даа. Шоунд оролцох санал тавихад арван хүний дуу хоолой, дүрд хувирна, мөн шижигнэсэн залуучуудтай оролцох юм байна, дүрдээ хувирч, жүжиглэж, бүжиглэж чадах болов уу гээд санаа зовж л байсан.

-Таны хувьд дуучин хүн болохоор дуулалт тал дээр танд хүндрэл тохиолдохгүй байгаа байх. Харин жүжиглэхэд хэр байна вэ?

-Дуучин хүн дуулалт тал дээрээ гайгүй биш юм байна. Яагаад вэ гэвэл дуучин хүнд өөрийн гэсэн хоолойны өнгө тогтсон байгаа учраас хэцүү юм байна лээ.

-Эхний дугаарт Солонгосын дуучин СL-ийн дүрд хувирч “Неllo Bitches” дууг дуулж бүжиглэж үглэхэд хэр хүндрэлтэй байв?

-Амьдралдаа анх удаа үглэж үзлээ. Солонгосын мундаг бүсгүй СL-ийг өөрийнхөө хэмжээнд дуриасан гэж бодож байна. Надад бол үглэхэд таалагдсан. Ер нь цаашид гоё донжийг олдсон үглэлтэй уран бүтээл гаргавал гоё юм гэж санагдсан. Хүмүүс СL-ийн дүрд хувирсны дараа “таньд иймэрхүү дуу их зохих юм байна. Та үглээд гараад ирвэл яасан юм гэсэн” сэтгэгдлийг ирүүлсэн. Ер нь цаашдын уран бүтээлдээ тиймэрхүү өнгө аяс оруулъя гэж бодсон.

СL аягүй эрч хүчтэй “Неllo Bitches” дуугаа дуусан дуустал нь бүжиглэдэг юм байна лээ. Тухайн үед эхний дугаар байсан болохоор их сандарсан. Яг бүжиглэнэ гэсэн бүжгийн хөдөлгөөнөө гаргаж чадаагүй. Яагаад гэвэл би хамгийн сүүлийн үзүүлбэр байсан, тэгээд долоон оролцогч руу хараад сэтгэл хөөрөөд үзүүлье гэсэн хөдөлгөөнөө үзүүлж чадаагүй. Бүжигчин охидууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Би бүжигчин охидуудтайгаа хоёр номерын ард гарсан. Охидууддаа баярлалаа гэж хэлж байгаагүй юм байна лээ. Бүжигчин охидуудтайгаа бүжиглээд Jessie J -ийн “Bang Bang”, СL-ийн “Неllo Bitches” номерын бүжиг гоё болсон.

Тухайн үед үзүүлбэрээ үзүүлж дуусчхаад тайзан дээр “манай хамтлаг бүжиглэдэггүй” гээд хэлээд хамтлагийнхаа Э.Ганболор, Ц.Сарнай хоёрыгаа бүжиглэдэггүй мэтээр ярьчихсан.Тэрэндээ одоо болтол би харамсаад шаналаад яваад байгаа. Энэ дашрамд хэлэхэд “найз нь тухайн үед сандраад анх удаа ийм бүжиг бүжиглэлээ. Манай хамтлаг бүжиглэдэггүй гээд” хэлсэн шүү гэж хэлмээр байна.

-Хоёр дахь дугаарт Ардын жүжигчин Б. Зангад гуайн дүрд хувирсан. Дүрээ гаргахдаа айж байсан уу?

-Ардын жүжигчин хүнийг дууриах баззер таарахад аягүй их айдастай байсан. Оросоос ирсэн маскийн багийнхан үнэхээр сайн ажилласан. Дуулалтын хувьд өөрийнхөө хэмжээнд хичээсэн. Тэр мундаг хүний дуулалтыг би яаж 100 хувь дуурайж чадах билээ.

-Та Б.Зангад гуайтай уулзсан уу?

-Би уулзахаас айсан. Манай хамтлаг 2015 онд “Зүрхэн аялгуу” кино концерт хийхдээ Б.Зангад гуайтай холбогдож “Тунгалаг Буянт” дууг нь дуулах зөвшөөрөл авч байсан юм.

-Уулзахаасаа айсан гэлээ. Яагаад?

-Ахмад настай хүнийг дуурайхад дургyйлах байх гэж бодсон.

-Шоуны үлдсэн баззерт ямар уран бүтээлчийг тараасай гэж бодож байна вэ?

-Дараа дараагийн баззерт намайг илүү сорьсон баззер таараасай гэж бодож байна.

-Үзэгчид таныг их дэмжиж байгаа. Үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Намайг дэмжиж байгаа үзэгчдэдээ баярлалаа. Үзэгчдийнхээ итгэлийг алдахгүйгээр оногдсон баззеруудаа “Яг түүн шиг” үзүүлэхийг хичээнэ. Намайг дэмжиж итгэж байгаа хүмүүстээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.

-Шоунаас түр холдож, “Sweetymotion” хамтлагийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Есдүгээр сард Б.Чинбат маань бие даасан тоглолтоо хийнэ. Ц.Сарнай маань эзгүй байгаа. Удахгүй эх орондоо ирнэ. Хамтлагийнхаа 21 жилийн ойг угтаад нэг зүйлийг төлөвлөчихсөн байгаа. Удахгүй манай хамтлагийн “Хайраар би амьдардаг”шинэ уран бүтээл гаргах гэж байгаа.

-Танай хамтлагийн ахлагч дуучин Э. Ганболор “Гурван үг”нэртэй бие даасан уран бүтээлээ гаргасан. Таны хувьд цаашдаа ганцаарчилсан уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа юу?

-Бид гурав хамтлагаараа болон тус тусдаа уран бүтээл гаргахаар ярилцсан. Яагаад вэ гэвэл урлагийн тогоонд 21 жил оршин тогтносон, тийм болохоор тус тусдаа уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд өнгөрсөн жилээс эхлэн өөрийнхөө бие даасан уран бүтээлийг хийж эхэлсэн. Шинэ жилийн дөрвөн дууг попури болгож дуулсан байгаа. “Яг түүн шиг” шоунд оролцоод гоё гоё уран бүтээлийн сэдэл санаа төрж байна. Хийх юм их байна даа.

-Таны хувьд фэйсбүүк хуудсаар дамжуулан төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд зориулан гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхэлсэн. Энэ талаараа сонирхуулаач яг хэзээнээс эхэлж явуулах болов?

-2015 онд сургалтаа нээсэн. Уран бүтээлдээ анхаарлаа хандуулахын тулд одоохондоо сургалтаа засварласан байгаа. Ер нь бол охиноо төрүүлснийхээ дараа төрсний дараах эмэгтэйчүүддээ зориулсан сургалт явуулж эхэлсэн.

– Та ямар аргаар бүсгүйчүүдийг зөв галбираа олоход тусалж байсан бэ?

-Хэвлийн хоёр хөндлөн булчингийн дасгалыг өөр дээрээ туршиж үр дүнг нь мэдэрсэн болохоор бүсгүйчүүдтэйгээ энэ туршлагаа хуваалцаж тэдэнд ч бас өөртэйгөө адил төрснийхөө дараа хуучин галбиртаа түргэн ороход нь туслахыг чин сэтгэлээсээ хүссэн.

Хооллолт бол маш энгийн. Хооллолтынхоо балансыг бариад идчихвэл таргалж ч болно, турж ч болно. Хүмүүс эрүүл хооллолт гэхээр аягүй хэцүү гэж ойлгодог. Ердөө нүүрс ус, өөх тосоо бага хэрэглээд, уураг, ногоогоо түлхүү хэрэглэхэд болно.

Би сургалтаа явуулахдаа тухайн хүний дадал зуршил дээр тулгуурлаж сургалтаа явуулдаг байсан. Яагаад вэ гэвэл буруу дадал зуршилтай, дандаа гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг амьдралын буруу зуршилтай хүмүүсийг эрүүл амьдралын хэв маяг руу оруулахын тулд тархинд нь зөв дадал зуршлыг бий болгох, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаар хичээл ордог байлаа.

-“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд маш гоё  биетэй. Ийм болоход таны нөлөө байсан л байх даа?

-Манай хоёр үргэлж дасгал хөдөлгөөн хийдэг. Бид гурав өөр өөрсдийнхөө биендээ тохирсон дасгалыг олсон. Э. Ганболор балетаар хичээллэдэг, Ц.Сарнайгийн хувьд гэрийн нөхцөлд өөрийнхөө биед тохирох дасгалыг хийдэг.

Бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өөрийнхөө биед тохирсон дасгалыг хийвэл илүү үр дүнтэй гэж хэлмээр байна.

 

-Ихэнх хүмүүс эрүүл зөв хооллож байна гээд хэсэг хугацаанд хооллож байгаад зогсоодог шүү дээ. Эрүүл зөв хооллолт болоод дасгал хөдөлгөөнийг хэрхэн амьдралынхаа нэг хэсэг болгох вэ?

-Хамгийн эхлээд тархиндаа илүүдэл жингээ хасах зорилгоо суулгаж өгөх ёстой. Илүүдэл жинтэй хүн “би нээх гоё биетэй болмоор байна” гээд гурван хоног фитнесст яваад хичээллэхээ больдог. Мөн буруу дадал зуршлаасаа салж чадахгүй байгаа нь нөлөөлж байгаа. Дасгал хөдөлгөөн хийдэггүй хүн эхлээд өөртөө 10 минут алхаж эхлэх хэрэгтэй, тэгээд дараа дараагийнхаа өдрөөс эхлээд алхах минутаа нэмж болно. Бага багаар аажмаар эрүүл амьдралын хэв маягтай болно. Наад зах нь цагаан гурил, цагаан талхи хэрэглэдэг хүн бол цагаан талхаа бүхэл үрийн талхаар сольж болно. Хөц будаа идэж чаддаггүй хүн бол эхлээд цагаан будаагаа хөц будаатайгаа нийлүүлж агшаагаад идэж эхэлбэл яваа яваандаа хөц будаа хэрэглэдэг болох жишээтэй.

-Юнител группээс зохион байгуулсан “Ногоон байгаасай” аянд “Яг түүн шиг” шоуны оролцогчид нэгдэж Сэлбэ голын эрэг орчмыг цэвэрлэсэн байсан. Одоо урин дулааны цаг ирж байгаа учраас иргэд амралт зугаалгад явах нь ихэснэ. Амралт зугаалгад явах гэж байгаа иргэддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

– Голын эрэг орчмоор байгаа хамгийн их хог нь архины шил байлаа. Архины шилээ бүтнээр нь биш хагалаад хаячхаар нэг бүрчлэн түүж цэвэрлэхэд хүндрэлтэй байсан. Хагалсан архины шилэнд үхэр, шувуу, нохойнууд хөлөө зүсэх магадлалтай. Иргэд өөрсдөө ухамсартай баймаар байна. Амралт зугаалгад явсан бол тухайн газраа цэвэрлээд хогоо машиндаа хийгээд явах хэрэгтэй.

-Бидний урилгын хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Сонгосон дүрээ амжилттай бүтээж, үзэгчдийг гайхшруулаарай гэж ерөөе.

-Баярлалаа. Өглөө.мн сайтын хамт олон уншигч та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …