Б.Өсөхбаяр: Шат ахих тусам би чадна гэх итгэл төрж байсан

“The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Б.Өсөхбаярыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.

-Юуны өмнө “The voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг болсонд баяр хүргэе.

– Маш их баярлалаа.

-Б.Өсөхбаярыг “Voice” шоуны оролцогч гэдгээр нь уншигчид сайн мэднэ. Харин манай уншигчид өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Намайг Батсайхны Өсөхбаяр гэдэг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцдаг. Ам бүл 3, аав ээжийн хамт амьдардаг. Манай аавыг И.Батсайхан гэдэг. Завхан аймгийн Яруу суманд төрсөн, Аймгийн заан цолтой. Харин ээжийг маань Э. Гантуяа гэдэг. Өмнөговь аймагт төрсөн, одоо СХД-ийн 62-р сургуульд сургалтын менежер хийдэг.

Би 5-р ангид суралцаж байхдаа урлагийн үзлэгт орох гэсэн чинь “намайг солгой байна” гээд дуулуулаагүй. Харин 7-р ангид орж ирээд сургуулийнхаа найрал дууны хамтлагт ар талын хоорт зогсдог болсон.

Би “Voice”шоунд орсноороо бусдыг ялах биш өөрийгөө ялж чадсан гэж боддог. Надад дууны багш байхгүй. Бор зүрхээрээ гэдэг шиг өөрөөрөө явсаар байгаад мундаг шүүгч дасгалжуулагчийн багт орж энэ амжилтанд хүрсэн.

-Урлагт хайртай байсан учраас л багаасаа солгой гэж хэлүүлэн байж хоорт дуулдаг байсан байлгүй?

– Тийм ээ. Бага байхдаа маш их хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөмтгий хүүхэд байсан. Одоо ч ялгаагүй дээ. Майкл Жэксоны тоглолтыг үзээд гэртээ дагаж дуулаад бүжиглээд, дуурайж хувцаслаад явдаг байлаа. Мөн Жастин Биберийг харж яг түүн шиг дуучин болно гэж мөрөөддөг байсан.

-Аав нь бөх гэж хэллээ. Бөх удамшдаг гэдэг дээ. Бөхийн спортоор хичээллэж байсан уу. Энэ талын авьяас бий юу?

-Спортоор хичээллэдэг. Дунд сургуульд байхдаа Баянгол дүүргээс зохион байгуулсан чөлөөт бөхийн барилдаанд орж, түрүүлж байсан. Энэ нь аавтай минь л холбоотой байх гэж боддог.

-Тэгвэл танай удамд урлагийн хүн бий юу. Дуучин болоход юу нөлөөлөв?

-Аавын талд сайхан дуулдаг хүмүүс бий. Өвөө, эмээ хоёр маань хоёулаа уртын дуучин хүмүүс байсан.

-Дэлхийн хэмжээний шоунд орно гэж шийдвэр гарахад тийм ч амар биш болов уу. Энэ шийдвэрийг хэрхэн гаргаж байв?

– Өнгөрсөн аравдугаар сард санаандгүй Монгол ТВ-ийн фейсбүүк хуудас дээр тавигдсан “The Voice шоу Монголд удахгүй болно” гэсэн зарыг хараад “энэ шоунд заавал орно” гэж шийдсэн. Тэгээд өөрийнхөө бичлэгийг явуулсан. Удалгүй Монгол ТВ-ээс над руу холбогдож “нээлттэй шалгаруулалтад ирээрэй” гэсэн. Би тэр үед яг сургууль дээрээ Экологийн шалгалттай байсан ч дундаас нь хаяж гараад очиж оролцож байсан.

-“The voice of Mongolia” шоуны сэтгэлд тань хамгийн тод үлдсэн шалгаруулалт хэддүгээр шат байв?

-Миний хувьд “Blind audition” буюу эхний шат л хамгийн гоё байсан. Яагаад вэ гэвэл дөрвөн шүүгч эргэж харна гэж бодоогүй байсан. Тэгтэл дөрвүүлээ эргээд харчихсан. Маш их догдолж, сандарч, бас балмагдсан даа. Шат ахих тусам надад “би чадах юм байна” гэсэн итгэлийг өгсөн.

-Хэрэв шүүгчид сонгосон оролцогчдоо бэлтгэх биш оролцогчид хүссэн дуугаа дуулдаг байсан бол та ямар дуу дуулах байсан бэ?

-С.Ононбат дасгалжуулагч надад бүх дуунуудыг сонгож өгч байсан. Дасгалжуулагч маань миний хоолойнд тохирсон дуунуудыг надад сонгож өгсөн. Надад тохирсон дуунууд учраас маш их баяртай байдаг. Мөн хичээж дуулсан.

-Оролцогчид дундаас хэнтэй нь хамгийн дотно нөхөрлөдөг вэ?

-С. Ононбат шүүгчийн 17 оролцогчид бол өрсөлдөгч гэхээсээ илүү нэг гэр бүл шиг байсан. Шат болгон дээр манай багийнхан надтай хамт нэг тайзан дээр гарч байсан нь надад өөртөө итгэх итгэлийг илүү ихээр өгч байсан.

-Өөрийг тань дэмжиж саналаа өгсөн үзэгчидээ юу гэж хэлмээр байна вэ?

-Хором бүрийг ажрахгүйгээр намайг дэмжиж саналаа өгч байсан бүх үзэгчдэдээ маш их баярлалаа, энэ хүртэл ингэж явахад та бүхний минь итгэл найдвар хамгийн их нөлөөлж, надад дуулах итгэлийг хайрлаж байсан юм шүү.

-Өөрийг тань дуулахаас гадна загвар өмсдөг гэж сонслоо. Хэзээнээс загвар өмсөж эхэлсэн бэ?

-2015 онд сурагч байхад манай сургууль дээр “Нийслэлийн гоо охин, Нийслэлийн жентлемен хөвгүүн” гэсэн загварын тэмцээн болох удирдамж ирж, тэнд анх удаа маш санаандгүй байдлаар ороод Гран При шагналыг нь авч байсан. Харин 2017 онд New Models агентлагаас зохион байгуулсан “Mongolian new super star model” гэсэн тэмцээнд ороод “Шилдэг эрэгтэй модель” шагналыг хүртсэн.

-Б.Өсөхбаяр цаашид сонгосон шүүгчтэйгээ хамтарч ажиллах ч юм уу, уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа юу?

-Уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Удахгүй та бүхэнтэйгээ сайхан уран бүтээлээр уулзах болно.

-Манай уншигчдад ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Дэлхийн тавцанд гарах гэж хичээх болно. Гэхдээ агуу бүхэн энгийн байдаг гэж ойлгодог.





Г.Нараа

Санал болгох мэдээ

Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар …