Б.Наранцэцэг: Даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой

Буят-Ээж эмнэлгийн ерөнхий эмч, зүрх судас, дотрын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, ОХУ-ын АУ-ны докторант Б.Наранцэцэгтэй даралт исдэх өвчний талаар ярилцлаа.


-Даралт ихсэх өвчний гол шалтгаан юу вэ?

-Олон янзын шалтгаанаар даралт ихэснэ. Жинхэнэ даралт ихсэх өвчин гэж байна. Шинж тэмдгийн даралт ихсэх өвчин гэж бий. Манай улсад шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин зонхилон тохиолдож байгаа. Жишээлбэл, бөөр өвдсөнөөс, бодисын солилцооны хам шинж өвчнөөс үүдэлтэй бамбайн хордлого зэрэг олон янзын өвчнөөс үүдэлтэй даралт ихсэх өвчин гэж бий. Анх 1997 онд хийгдсэн судалгаагаар манай иргэдийн цусны холестирин, сахар ямар байгааг шинжлэн харьцуулалт хийсэн юм. Тэгэхэд даралт ихсэх өвчин нутаг орноороо ялгаатай гарсан. Тухайлбал, уулын бүсэд оршдог, өндөр уулархаг газрын хүмүүс илүү даралт ихтэй. Нам тал газарт бол ерөнхийдөө даралт ихдэх өвчин харьцангуй цөөн тохиолддог. Мөн тухайн үед дүүргүүдээр нь албан газруудаар нь ангилан судалгаа хийхэд автобус баазын жолооч нар даралт ихтэй байсан. Өдөржин суудаг ажилтай хэрнээ өөх тостой хүнд хоол, хуушуур бууз, цуйван иддэг нь өвчний шалтгаан болсон байгаа юм. Одоогоор бол энэ төрлийн нийтийг хамарсан судалгаа бараг алга.

-Даралтаа хэрхэн хянах вэ. Хэдээс хэдэн насны хүний даралт хэд байх ёстой гэсэн заалт бий юу?

-Даралт тэдээс тэдэн насанд тийм байх ёстой гэх зүйл байхгүй. Харин даралт140/90 гэж бий. 140-өөс дээш гарвал даралт ихтэй байна гэж ойлгоно. Хүмүүс миний даралт заримдаа тэд хүрдэг яана аа, яаж байгаа юм бол гээд эм уудаг эмчлэх гэж оролддог. Эмчлэхээс урьтаж, ядарсан бол ядаргаагаа тайлаад, нойргүй хоносон бол нойр аваад, хоол цай холдсон бол хоолоо идээд, стресс бухимдалтай байсан бол орчноо солиод бухимдлаасаа ангижраад л даралт хэвийн болчихно. Уян хатан байгаа даралт хэд ч болж хэлбэлздэг.

-Даралт сэтгэл санаатай ч холбоотой гэсэн үг үү?

-140/90-ээс илүү гарвал даралт хэвийн биш гэж үзнэ. Гэхдээ суугаа ажилтай, стресстэй үед даралт ихэснэ. Жишээлбэл, автобус гэнэт хүчтэй тоормосолж болно, хэн нэгэн хүнд уур нь хүрч болно. Уур бухимдал гэдэг нь цусанд нь ихэссэн бодисуудыг гаргахын тулд үзүүлж буй хариу урвал гэж ойлгож болно. Нэг талаараа тархи зүрхийг хамгаалж байгаа процесс юм. Мөн хэтэрхий мэдрэг хүнд даралт нэлээд мэдрэгддэг. Зүгээр сууж байхад тархи толгой өвдөөд ч байгаа юм шиг байна гэдэг. Энэ бас л үл ялиг шалтгаант сэтгэл санааны өвчин. Тийм өвчин нэлээд дэлгэрсэн шүү. Даралтыг ерөөсөө зүрхний бичлэгээр л шинжинэ. Даралтын аппратаар хэмжээд, хэлээд эм уугаад байх шаардлага байхгүй. Заримдаа даралт ихддэг бол аль болох тайван бай, хэт их шингэн уудаг бол багасга, орчноо өөрчил. Турах гэж хоногт 5,6 литер ус ууж болохгүй биеийн жиндээ тааруулж ус ууна дунджаар 1,8-2 литрийг хэрэглэх ёстой.

-Хүүхдийн даралт хэд байх ёстой вэ?

-Хэвийн байх ёстой. Гэхдээ хүүхэд хөдөлгөөн ихтэй байдаг учраас судасны цохилт харьцангуй өндөр байдаг.

-Бөөрний өвчнөөс үүдэлтэй даралт ихэссэн бол бөөрөө хамгийн түрүүнд эмчлэх ёстой юу?

-Бөөрний даралт элбэг тохиолдох болсон. Хүнд хүчир ажилтай, хоолны буруу дэглэмтэй бол хэвшлээ өөрчлөх. Бөөрний өвчний шалтгаанаа тодруулж эмчлэх шаардлагатай. Мөн удам дагасан даралт гэж бий. Энэ тохиолдолд хүүхэд байхаас нь урьдчилан сэргийлэх шаардлагатай.

-Даралт ихтэх өвчний үед тогтмол эм уух ёстой гэдэг. Энэ хэр зөв зүйл вэ?

-Нэгэнт даралт ихсэлттэй гэж онош тавигдсан бол эмээ зөв зохицуулж ууна. Гэхдээ ганцхан даралтны эмийг уух биш хавсаргасан нийлмэл эмчилгээ гэж бий. Ганцхан даралтны эмчилгээ хийж, зөвхөн даралтны эм уусаар байгаад бөөрөө гэмтээж, тархины даралт, зүрхний шигдээс болох тохиолдол байна. Тодруулж хэлбэл, жинхэнэ даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой юм. Хавсарсан нийлмэл гэхээр өөх тосоо бууруулах, хөдөлгөөний дэглэмээ баримтлах ёстой. Судсаа тэлэх, цусаа шингэлэх гэх мэт хавсарсан нийлмэл эмчилгээ хийж байж даралт хэвийн болдог. Ганцхан даралтын эм уугаад зүгээр яваад байж болохгүй. Яагаад гэхээр даралтны эм нь цусны шингэн хэсгийг хөөж гаргаад, өтгөнийг нь үлдээчихдэг. Учраас араас нь өтгөрсөн цусыг шингэлж байж цусыг хэвийн болгоно. Тэгэхгүй бол нэг газар өтгөрсөн цус нь очоод таглаад зүрхний шигдээс тархины импакт өгчихдөг. Үүнд мөн амьдралын буруу хэв маяг, ажлын байрны стресс их нөлөөтэй. Залуучууд яаж сайхан амьдрах вэ гэж бодсоор мөнхийн стресттэй байна. Японд эмэгтэй хүн төрөөд 45 хоногийн дараа хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийдэг бол манайд хоёр жил гэртээ суух болдог гэх мэт нийгмийн стресс их байна. Стресээс үүдэлтэй өвчин ч олширсон.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …