Х.Чимгээ:Хүүхдийн бэлэг сонгохдоо үйлдвэрлэсэн хугацааг нь  шалгах хэрэгтэй 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас тавдугаар сарын 7-ноос эхлэн зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд  НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийгээд байна. Нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 164-г нь газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий 9 албан шаардлага, 1 албан даалгавар хүргүүлсэн.

Тавдугаар сарын 31-нд дэлхийн нийтийн тамхины эсрэг өдөр, зургадугаар сарын 1-нд Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдах газруудад нийт 150 албан хаагчийг ажиллуулна” гэлээ.

Харин Хүнсний чанар, Стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээ“Хүүхдийн баярын бэлгэнд орж болохуйц бүх төрлийн чихэр, чипс, ундаа, шоколаданд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд ихэвчлэн жижиг дэлгүүр, мухлагуудад зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг хадгалах хугацаа дууссан зөрчил илэрч байна. Мөн шошгын шаардлага хангахгүй худалдаалагдаж буй бүтээгдэхүүн нь Солонгос, Герман бүтээгдэхүүн байна. Гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, чавга, хатаасан жимсүүд түргэн үйлчилгээний цэгүүдээр борлуулагдаж байна.

Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд, ТҮЦ нь өөрөө стандарт хангасан үйлчилгээний цэг биш юм. ТҮЦ-ээс аль болох хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт битгий хийгээрэй гэж анхааруулмаар байна. Стандартын шаардлага хангасан орчноос, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, гарал үүсэл, хаяг шошгыг харж шалгаж авахыг зөвлөж байна. Мөн боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй” гэв.

Санал болгох мэдээ

Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын …