ҮХЦ-ийн гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж Б.Буяндэлгэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувийн  саналаар, Г.Туулхүүг   98.4 хувийн  саналаар, Ш.Солонгыг  93.3 хувийн саналаар, Ц.Нанзаддоржийг  96.4 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо.

Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт, 2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирлаар ажиллаж буй юм байна. 1992-1996, 2004-2008, 2012-2016 онуудад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нийт гурван удаа сонгогдон ажиллажээ.

 Г.Туулхүү 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж буй юм байна.

Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос “BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.

Ш.Солонго нь 1962 онд төрсөн. Тэрбээр 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж.

Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …