Марек Жонса: Монгол залуучуудын Польшид суралцах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа манай улсад айлчилж буй Бүгд найрамдах Польш улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд талархаж буйгаа уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа хэлээд, хоёр улсын Засгийн газрын хооронд боловсролын салбарт хэрэгжүүлж буй хамгийн сайн хэлэлцээр болох Польш улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд 23 оюутныг суралцуулдаг үйл ажиллагаанд Монгол Улсын оюутнууд идэвхтэй хамрагддаг болохыг онцлон тэмдэглэлээ. Улмаар хоёр улсын парламент, яамдын хамтын ажиллагаа зөвхөн боловсролын салбараар зогсохгүй соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар тэлэхэд Монгол Улсын БСШУСЯ-ны үүд хаалга нээллтэй төдийгүй шинэ санаачилгыг дэмжихээ илэрхийллээ.

Бүгд найрамдах Польш улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса “Хоёр улсын хамтын ажиллагаанд эдийн засгийн харилцаа чухал байр суурь эзэлдэг боловч бид боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, анхаарч ажилладаг. Тиймээс Варшавын их сургуульд монгол хэл зааж сургаж буй багш нартай манай парламентын бүлэг идэвхтэй хамтран ажилладаг. Хэдийгээр хоёр улсын Засгийн газрын боловсролын яамдын хооронд байгуулсан хамтын ажиллагааны бие даасан хөтөлбөр дуусгавар болсон ч хоёр тал харилцан тохиролцсоны үр дүнд сунгах шийдэлд хүрсэн. Энэ хэлэлцээр зохих журмын дагуу дахин байгуулагдаж, монгол залуучуудын Польш суралцах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн боловсролын салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд таван жилийн хугацаатай эдийн засаг, санхүүгийн чиглэлээр хоёр улсын оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж болохыг Польшийн төлөөлөгчид хэллээ. Улмаар тэдний зүгээс эдгээр оюутнуудыг хос дипломтой төгсгөх боломжийг эрэлхийлж, нээж өгөхийг салбарын сайдаас хүссэн юм. Түүнчлэн энэ зун 10 монгол хүүхдийг хоёр багшийн хамтаар Польш улстай танилцуулах хүсэлтэй байгаагаа Бүгд найрамдах Польш улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса илэрхийлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Польш улсын төлөөлөгчдийн тавьсан саналыг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд, хоёр улсын оюутнуудыг хос дипломтой төгсгөх тухай асуудлыг БСШУСЯ-наас Засгийн газарт оруулан хэлэлцүүлэх, батлуулах, Польш улсад 10 хүүхдийг хоёр багшийн хамтаар явуулах, эдийн засаг, санхүүгийн чиглэлд оюутан солилцооны хөтөлбөрийг ажил хэрэг болгох, Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэх зэрэг боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан албан ёсоор саналаа тавьж, ажил хэрэг болгоно гэдгээ уулзалтын төгсгөлд хэллээ.

БСШУСЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …