Ж.Батзандан: 500, 600-хан мянган төгрөгөөр сайн эмч, багш нарыг ажиллуулах боломжгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн конвенцууд ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр” УИХ бол Монгол Улсын дотоод, гадаад бүх бодлогод анхаарлаа хандуулж ажиллах үүрэгтэй байгууллага. Гэвч хүний эрхийн асуудалд анхаарлаа хангалттай хандуулахгүй байгаа гэж би үзэж байгаа. Монгол хүн  Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Сүхбаатарын талбайд жагсан үсээ хусч буй эмэгтэйчүүд, өлсгөлөн зарлаж буй багш нар, эмч нарын зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлье.

500, 600-хан мянган төгрөгөөр сайн эмч, багш нарыг ажиллуулах боломжгүй. Иймд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалдаг эмч нар, үр хүүхдүүдэд  эрдэм ном сургадаг багш нарын цалинг  нэмэгдүүлэхийг эрх баригч намаас шаардаж байна. МАН сонгуульд оролцохдоо эмч, багш нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан шүү дээ. Хүний эрхийн үндэсний комиссын бүх илтгэл УИХ-д ирдэг.

Эдгээр илтгэлд Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт хэрээс хэтэрч байгааг, УИХ, Засгийн газар эдгээр зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилсэн байдаг. Гэвч Засгийн газар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Ганц жишээ хэлэхэд, эрх баригч нам өнөөдрийг хүртэл Хүний эрхийн дэд хорооны даргыг томилж өгөхгүй байна.

Мөн тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад илүү цаг болон амралтын өдөр ажилласан нэмэгдлийг олгохгүй байгаа талаар, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эрх онцгой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл ирсээр байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенцод өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг илүү цагаар ажиллуулахыг, үр хүүхдээс нь салгаж, хол томилж ажиллуулахыг хориглодог. Гэтэл манай улсад энэ эрх ноцтой зөрчигдөж байна. Миний бие Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, Гадаадын иргэн харьяатын байцаагч нараас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу 6 дугаар сарын дундуур “Нийтийн сонсгол” зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хөдөлмөрийн харилцааны явцад эрх нь зөрчигдөж буй бүх хүн УИХ руу өргөдөл, гомдлоо ирүүлээсэй гэж хүсэж байна” гэв.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …