Фото: Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, эмнэлгийн ажилчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хусууллаа

Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг салбарын төлөөлөл болсон ажилтнууд Сүхбаатарын талбайд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялтын өмнөх суултыг хийж байгаа билээ.

Ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суултад оролцогчид өнөөдөр үсээ хусуулж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа илэрхийллээ.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суулт эхлээд дөрөв дэх хоногтоо сууж байна. Өнөөдөр өглөөний 9:00 цагаас эхлэн 13:00 цаг хүртэл сууна. Маргаашаас эхлэн 9:00-14:00 цаг гээд нэмэгдээд явна.

Шөнөжин нойргүй хоносон сувилагч, асрагч, эмч нарын төлөөлөл өнөөдөр ирсэн байна. Бид хийх ажилгүйдээ биш, ажил хийгээд ядуураад байгаа учраас олон мянган ажилтны төлөөлөл энэ суултад хүрэлцэн ирсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл суулт хийж байгаа хүмүүсийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх эрх нь эрүүл мэндийн сайдад байдаггүй. Хөдөлмөр нийгмийн улсын гурван талт хэлэлцээрийн үр дүнд шийдэгддэг. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй” гэв.

Харин Монголын шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан

Эрүүл мэндээ золин сууж байгаа энэ хүмүүс хийх ажилгүйдээ энд сууж байгаа юм биш. Өчигдөр хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийг хөдөлмөрчин ард түмэн эцсийн найдлага тавин, цалин нэмэх боломж гэж харж байсан ч нурсан, одоо дахиж хэлэлцээр хийхгүй. Хэлэлцээр хийнэ, судална гэсэн ийм замаар бид бүхнийг тайтгаруулж чадахгүй. Бид нар энэ тэмцлээ зогсоохгүй, тийм учраас дараагийн тэмцлийн хурц хэлбэр шилжинэ” гэлээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.