Паспорт дээрээ сунгалт хийлгэсэн иргэд хохирогч болох уу?

Монгол Улсын иргэн Казахстан улсын хил дээр гадаад паспортын асуудлаас болоод буцжээ. Энэ бол тус иргэний бус харин Монголын төрийн байгууллагын гутамшиг юм. Сунгалт хийлгэсэн паспорттой гадагшаа явж болохгүй гэдгийг иргэндээ сануулсан бол хэн ч “сунгалт” нэртэй хэдэн тоо бичсэн паспорт бариад хил давахыг хүсэхгүй шүү дээ.

Гэвч төрийн байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулсангүй, хойрго хандсанаас болоод иргэд нь гадны улсын хил дээр гутамшиг болж байна. Магадгүй яг одоо ч сунгалт хийлгэхээр олон зуун иргэн паспортын хэлтсийн гадаа оочирлож байгаа биз. Өчигдөр Казахстан, маргааш өөр нэг улс удалгүй сунгалттай паспорт барьсан Монгол Улсын иргэн хил давах эрхгүй болж мэдэхээр байна. Ийм байхад манай төр яагаад арга хэмжээ авахгүй байна вэ.

Миний л хувьд 2017 онд таван жилийн хугацаатай сунгалт хийлгэсэн. Ингэхийн тулд өглөө эрт очиж, оочир дараалалд зогсож, төлбөр тооцоо хийж, бүтэн өдрийн ажлаа алдаж байсан юмдаг. Одоо энэ паспорт маань хэрэггүй болж байх шиг байна. Эсвэл 2022 оныг дуустал гадагшаа явахгүй бай гэж ойлгогдохоор. Тэгвэл над шиг хэрэггүй паспорттой иргэн Монголд хэчнээн байгаа бол. Тэд ч бас гадагш явах эрхгүй болж, “хоригдож” байна гэсэн үг үү?

Энэ бүх иргэний асуудлыг яах вэ. “Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ” гэдэг үг цахим хуудаснаа трэнд болоод байгаа шиг энэ асуудлаа шийдвэрлэж өгөөч ээ. Сунгалт хийлгэсэн бүх иргэний паспортыг дахин сунгадаггүй, дэлхийн улс оронд хүлээн зөвшөөрөгддөг гадаад паспортоор сольж өгнө үү. Одоо төр нэртэй байгууллагын ажлаа хийх цаг боллоо.  Гадаад паспортын бэлдцээс эхлээд өчнөөн асуудал бий байх. Гэхдээ л хэзээ нэг өдөр сунгалттай паспорт хэрэггүй болно гэдгийг мэдэж л байсан байж таараа. Одоо тэр цаг нь болчихлоо. Оочир дараалал хүндрэл бэрхшээл үүсгэлгүйхэн шиг иргэдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Манайхтай бараг л хил залгаа орших Казахстан улс руу гарч чаддаггүй гадаад паспорт гэж юу байх вэ дээ. Төр гэж байгаа л бол үүнийг бодож, яаралтай арга хэмжээ авна уу.


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …