О.Тэмүүжин: Өрсөлдөгчид чанга байна

Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирал эхэллээ. Энэ удаагийн дугаарт Эмоци продакшы жүжигчин МУСТА О.Тэмүүжин, загвар өмсөгч Ж.Энэрэл, загвар өмсөгч О.Билгүүн,“A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин М.Цэрэндолгор, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, жүжигчин Ч.Очгэрэл нарын залуус оролцож байгаа. Ингээд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ дугаарын шилдэг оролцогч жүжигчин О.Тэмүүжинг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урьсан юм.

-“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаар үзэгчдэд хүрлээ. Таныг Харангын Лхагвасүрэнтэй адилхан болсон гэж олон нийт үнэлж байна. Анх энэхүү шоунд оролцох санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

– Шоунд оролцох саналыг сонсоод гоё санагдсан боловч нөгөө талаас маш том айдас, хариуцлага хамгийн түрүүнд бодогдсон. Ямартаа ч эхний шатанд өөртөө таарсан дүрийг өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ бүтээлээ. Аман хүзүүнд орсон ч гэсэн сэтгэл санаа өөдрөг байгаа. Дараа дараагийнхаа шатанд өөрийгөө илүү дайчилж оролцоно.

-Шоуны шүүгч Г.Ганхүү “жүжигчдийг энэ шоунд оруулахгүй байя” гээд ам алдаад авсан. Үзэгчид ч таниас их зүйл хүлээж байгаа харагдсан. Учир нь өмнөх шоунд жүжигчин Т.Бархүү өөрийн авьяас чадварыг гайхуулсан шүү дээ. Таныг түүнтэй харьцуулаад байх шиг санагдсан?

-Т.Бархүүгээс илүү зүйлийг надаас шаардаж байгаа учир би шоундоо маш хариуцлагатай оролцох хэрэгтэй болж байна даа. /Инээв/

Хүн болгон ““Яг түүн шиг-2” шоунд жүжигчин Т. Бархүү сайн оролцсон. Энэ жилийн шоунд Тэмка сайн оролцох юм байгаа биз дээ” гээд л байгаа. Тийм болохоор эдгээр хүмүүсийн сэтгэлд нь хүртэл үзүүлбэрээ үзүүлж чадахгүй бол яана гэсэн айдас маш их байна. Шоунд оролцож байгаад баяр хүргэе. Амжилт хүсье гэсэн намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлаж байна.

-Гавьяат Х.Лхагвасүрэн маш олон сайхан, хит дуунуудтай. Харин та яагаад “Үзэсгэлэнт минь” дууг сонгож дуулах болов?

-“Үзэсгэлэнт минь” дуу бол Х.Лхагвасүрэн ахын сүүлд гаргасан дуу. Үoutube-т хандалтын тоо нь сайн байгаа уран бүтээл. Тэр ч утгаараа “Үзэсгэлэнт минь”дууг сонгосон. Х.Лхагвасүрэн ахын “Найз минь”, “Эрчүүд” зэрэг хит болсон дуунууд зөндөө байгаа л даа. Гэхдээ яг одоо үед хит болж байгаа дууг дуулъя гэж бодсон. Мөн энэ дуугаар дамжуулж, Монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүдэд мэндчилгээ хүргэе. Хайртай эхнэртээ ч бас энэ дууг зориулъя гэж бодож, сонгосон.

-Үзэгч, олон нийт, шүүгчид таныг янз янзаар л дүгнэж байна. Харин та өөрийгөө Х.Лхагвасүрэнтэй хэр адилхан болсон гэж бодож байгаа вэ?

-Шүүгч болон үзэгчид “туранхай байна, эсвэл гэдэсгүй Лхагваа байна” гээд ярьж байсан. Би уг нь хэрэндээ л өөрийнхөө биеийг Лхагваа ах руу дөхүүлж, порлон хүртэл цамцан дотуураа хийсэн. Гэвч тэр маань айхтар мэдэгдээгүй юм шиг байна лээ. Хамгийн гол нь Лхагваа ахын бие гэхээсээ илүүтэйгээр яг тэр уран бүтээлчийн сэтгэл дотроо юу гэж бодож дуулсан. Дуугаараа юуг илэрхийлэх гэсэн бол гээд Лхагваа ахыг мэдрэх гэж дуулсан.


-Шоуны эхний дугаарын үзүүлбэрийг тань таны хань ирж үзсэн байгаа харагдсан. Ер нь танд заавар зөвлөгөө хэр их өгч байна даа?

-Мэдээж  зөвлөгөө өгөлгүй яахав. Хамгийн гол энэ шоунд оролцох нөхцөлийг хангаж, ар гэрийн ажиллаа зохицуулж байгаа хайртай ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний хамгийн № 1 зөвлөх бол миний хань.

-Энэ жилийн шоунд оролцогчид насны хувьд ойролцоо залуус оролцож байгаа болохоор үзэгчид их өрсөлдөөнтэй шоу болох байх гэж таамаглаж байна?

-Тэгэлгүй яахав. Мэдээж манай өрсөлдөгчид их мундаг залуучууд байгаа. Бүгд л өөрт таарсан дүрээ амжилттай үзүүлж байна. Энэ жилийн “Яг түүн шиг” шоу нэлээд өрсөлдөөнтэй шоу болох нь эхний дугаараас харагдсан байх. Надад ч гэсэн өрсөлдөгчид минь чанга байна. Үнэхээр мундаг залуучуудтай өрсөлдөж байна гэдэг бол надаас улам илүү зүйлийг шаардаж байна гэсэн үг л дээ.

-Дараагийн дугаарт дуучин Укатай адилхан болно. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Нууц биш бол Укагийн ямар уран бүтээлийг дуулж, яг түүн шиг болох вэ?

-Киви хамтлагийн ахлагч Укагийнхаа “Don’t Stop” дууг дуулна. Энэ дууны утга нь гоё санагдсан. Битгий зогс нэртэй. Эхний дугаартаа MУГЖ Х.Лхагвасүрэн ахын “Үзэсгэлэнт минь” дуугаараа ард түмэндээ Тэмка Х.Лхагвасүрэн болж мэндчилгээ дэвшүүлсэн. Хоёр дахь дугаартаа “Don’t Stop” дуугаа дуулж “Зогсох эрхгүй, Битгий зогс Тэмка” гэж өөрийгөө хурцална. Энэ дуу ч гэсэн сүүлийн үед хит болж байгаа дуу болохоор сонгосон.

-Яг түүн шиг болохын тулд Укатай уулзсан уу, зөвлөгөө авсан уу?

-Ука найз руугаа утасдаад нүдний шилээ хаанаас авсан бэ гээд хувцас хунарыг нь асуугаад явж байна. /Инээв/

Шоуны туршид олон алдартны дүр төрх, дуу хоолойг дууриах болно. Таны хувьд ямар дүрд хувирах хамгийн хэцүү байх бол?

-Ер нь дүр болгон хэцүү. Цаашид ямар дүр таарахыг хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь надтай ойрхон биш, надаас хол, Тэмка гэдэг хүнээс илүү зүйлийг шаардсан дүр тараасай гэж бодож байна.

-Үзэгчид таныг их дэмжиж байгаа. Үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-“Яг түүн шиг-3” шоунд намайг оролцоно гэдгийг мэдсэн маш их олон хүмүүс дэмжиж, амжилт хүсч мэндчилгээ ирүүлсэн. Тийм болохоор Тэмка нь маш их урам авсан. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлаж байна. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүй улам их хичээж, чармайх болно. Надад саналаа өгч байгаа үзэгчдэдээ ч гэсэн баярлалаа. Мэдээж манай өрсөлдөгчид ч гэсэн мундаг байна. Манай өрсөлдөгчдийг ч гэсэн дэмжээрэй. Энэ шоунд оролцож байгаа бүх залуус мундаг залуучууд байгаа шүү. Бүгдийг нь дэмжээрэй. Тэмка нь та бүхнийхээ итгэлийг алдахгүй, өөрийгөө дайчилж оролцоно гэдгээ хэлмээр байна.

-Харангын Лхагваа болчихлоо. Кивигийн Ука болно. Цаашид ямар дүр таараасай гэж хүсч байна вэ?

-Миний шүтээн бол Майкл Жексон. Майкл Жексон таарах болов уу яах бол. Таарвал гоё байна. Ямар дүр таарахыг хэлж мэдэхгүй байна. Нэгэнт жүжигчин хүн энэхүү тэмцээнд оролцож байгаа болохоор жүжигчин хүний үзүүлж болохуйц ажиллагаатай дүр тараасай гэж бодож байгаа. Яг оноогоод би энэ дүрийг л яг гоё бүтээнэ дээ гээд хэлэхэд хэцүү байна.

-Шоунаас түр холдож, Эмоци продакшны сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Манай Эмоци продакшн одоогоор тоглолтгүй байгаа. Миний хувьд бол “Яг түүн шиг-3” шоунд оролцож байгаа болохоор хамтлагаасаа түр уран бүтээлийн чөлөө авсан. Эмоци продакшн удахгүй Австралид амьдарч буй Монголчууддаа тоглолтоо хүргэхээр аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн энэ зун ээлжит дэлгэцийн уран бүтээл руугаа орох төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна даа.

-Бидний урилгын хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Сонгосон дүрээ амжилттай бүтээж, үзэгчдийг гайхшруулаарай гэж ерөөе.

-Баярлалаа. Өглөө.мн сайтын хамт олон уншигч та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар …