Л.Уртнасан: Зургаан настнуудыг наймдугаар сарын 20-ноос бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын сургуулийн бүртгэлийн талаар ерөнхий боловсролын сургуулиудад чиглэл өгчээ. Энэхүү бүртгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасантай ярилцлаа.

 -Энэ жил сургуульд орох зургаан настнуудыг хэзээнээс бүртгэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг намар наймдугаар сарын 20-ноос бүртгэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах сурагчдыг ямар сургуульд бүртгүүлэх буюу хамран сургах тойргийн тушаалыг жил бүр Нийслэлийн боловсролын газраас гаргадаг. Энэ тушаал ирэх долоон хоногт гарна.

-Өнгөрсөн жилүүдэд зургаан настнуудыг хавар бүртгэдэг байсан. Энэ жил яагаад намар бүртгэж байгаа юм бол. Бүртгэлийн хугацааны хувьд нэлээд шахуу юм байна. Арав хоногийн хугацаанд бүртгэл бүрэн хийгдэж амжих болов уу?
-Хугацааны хувьд давчуу байгаа. Хавар бүртгэхээр 60-70 хувьтай бүртгүүлдэг. Зарим эцэг эхчүүд хоёр газар бүртгүүлэх гэх мэт асуудал гаргадаг учраас энэ жил намар бүртгэхээр төлөвлөж байна.

-Энэ жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцахаар байна. Нарийн тоон судалгаа гарсан уу?
-2018-2019 оны хичээлийн жилд 34200 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах статистик тоон мэдээлэл байгаа. Өнгөрсөн жил 31 мянган хүүхэд элсэн суралцсан. Энэ жилийн хувьд хоёр мянган хүүхдээр илүү байгаа. Төр засгаас сургуулийн хүртээмжийн асуудал дээр анхаарал тавьж, ирэх намар ч гэсэн шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор яригдаж байна.

-Ер нь нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анги дүүргэлтийн тоо хэд байдаг вэ. Анги дүүргэлтийн хувьд ямар стандарт байдаг юм бол?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар батлагдсан Боловсролыг баримтлах бодлого дээр ангид байх хүүхдийн тоог 30-35 гэж тусгасан байдаг. Харамсалтай нь нийслэлд хүн амын тоо, төвлөрөл их байгаа учраас нийслэлийн хэмжээнд анги дүүргэлтийг хамгийн багадаа 45-д барьж байгаа. Зарим сургуульд хүүхдийн тоо 60-70 хүрдэг. Энэ нь төвийн болон захын зарим сургуулиар харагдаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хойд хэсэг болон гэр хорооллын сургууль, Баянзүрх дүүргийн гэр хорооллын орчим хүүхдийн тоо маш их байдаг юм. Бусад сургуулиудаар 40-45 орчим байгаа.

-Нийслэлийн боловсролын газраас хамран сургах тойрог гэж гаргадаг. Харин иргэдийн хувьд харьяаныхаа сургууль гэхээс илүүтэй сайн сургуульд хүүхдээ оруулах хүсэлтэй байдаг?
-Хүн амын нягтаршил их байгаа учраас хамран сургах тойргийн тушаалыг заавал гаргадаг. Энэ нь бүх хүүхдийг сургуульд тэгш хүртээмжтэй хамруулах зорилгоор оршин суугаа газрынх нь ойролцоо сургуулиудад хамран сургах тойргийг тогтоож өгдөг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой. Хүний амьдрал баялаг. Ээж аав нь тэр болгон өгч, авч чадахгүй байдал гардаг. Иймээс гэрийнхээ хажууд ойрхон сургуульд явбал тухайн хүүхэд аюулгүй ирж, очоод байж болно. Хол газар оруулахаар автобус унаанаас эхлээд хүүхдэд хүндрэл бэрхшээл их гарна. Зам тээврийн осолд өртөх, эцэг эхчүүд хүүхдээ автомашиндаа буруу тээвэрлэснээс болж гэмтэж бэртэх гэх мэт асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамран сургах тойргийн тушаал гардаг юм. Иймээс эцэг эхчүүд хамран сургах тойрогтоо хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй. Манай ЕБСиуд хүүхдүүдээ адилхан бэлтгэдэг, багш нарын чадвар бүгд сайн байгаа. Шинэ багш нар шинэ санаачилга гаргадаг. Ер нь эцэг эхчүүд тэр сургууль, энэ сургууль гэхээс илүүтэй өөрсдийнхөө хамран сургах тойргийнхоо сургуульд өгөөд, багштай нь нягт харьцах юм бол хүүхэд сайн сурна. Манай эцэг эхчүүд багшийг хүүхдийнхээ дэргэд муулах зэргээр буруу үйлдэл үзүүлж, багшийг хүндэтгэхгүй байх асуудлаас болж хүүхэд, багш, эцэг эхийн хооронд зөрчил гардаг. Үүнээс болж сургалтын чанарт сөрөг үр дагавар гарч байна. Ер нь бол багш, хүүхэд, эцэг эх гурвын хамтын ажиллагаанаас сургалтын үр дүн хамаарна.

-Тэгэхээр хамран сургах тойргийг жил бүр шинэчилж гаргадаг юм уу?
-Тийм ээ. Яагаад гэхээр шинээр олон байр хороолол ашиглалтад ордог учраас хүмүүсийн шилжилт хөдөлгөөн маш ихэсдэг. Энэ шилжилт хөдөлгөөнийг зохицуулж, жил бүр хамран сургах тойргийг гаргадаг юм. Зарим эцэг эхчүүд шилжилт хөдөлгөөнөө хийгээгүй байж , энд сургуульд орох ёстой, манайх энд амьдардаг гэдэг асуудал их гардаг. Иймээс эцэг эхчүүд харьяа газраа бүртгүүлээгүй байгаа бол бүртгэлээ хийлгэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Мөн эцэг эхчүүд сайн сургуульд оруулна гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж ирдэг. Ялангуяа, 1 дүгээр сургууль, 23 дугаар сургууль, 18 дугаар сургуульд орохын тулд хүний байрны ордер дээр нэрээ бүртгүүлээд залилуулж байна. Хуурамч тодорхойлт авч ирэх зэрэг сөрөг үр дагавар их гарч байна. Иймээс эцэг эхчүүд хүнд хууртагдахгүйгээр өөрийнхөө харьяа сургуульд хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Төрийн сургуулиуд бүгд адилхан, бид шавь нарынхаа аргазүйд их анхаарч ажиллаж байгаа. Мөн манай сургалтын хөтөлбөр хүүхэд рүү чиглэж чадсан давуу талтай болсон.

-Ер нь сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ сургуульд оруулахдаа уншуулж, бичүүлж сургаж байж оруулдаг болсон. Шинээр сургуульд элсэн суралцаж байгаа хүүхдийг уншуулж, бичүүлж сургаж байж оруулах нь хэр зөв бэ?
-Боловсрол дотроо бид үүнийг нэг их сайшаадаггүй. Багш болгон өөрийн арга барилтай байдаг. Өөрийн багшийн арга барилаар уншаад бичээд сурчихсан хүүхэд багшдаа дасах гэж нэлээд их юм болно. Уншиж бичихээс илүүтэй өөрийгөө танилцуулчихдаг, хүнээс тусламж хүсч чаддаг. Мөн өөртөө итгэлтэй, 4-8 мөртэй шүлгийг уншаад тогтоочихдог гэх мэт энгийн хэдэн аргыг мэдэх хэрэгтэй. Харин манай эцэг эхчүүд уншаад бичиж байвал болоо гэсэн бодолтой байдаг. Хүүхдүүд багшийнхаа арга барилд орчих юм бол асуудалгүй сураад явдаг юм.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Н.АЛТАНЦЭЦЭГ

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …