Унадаг дугуй нийтийн тээврийн хэрэгсэл болсон нь буюу Офо характерийн платформ

Хаана асуудал байна, тэнд боломж, шийдэл байдаг гэсэн үгээр бичвэрээ эхлэхийг хүслээ. Бээжингийн их сургуулийн оюутан Дай 5 дахь удаагаа дугуйгаа алдсаны дараа хэзээ ч, хаана ч, дугуйгаа алдана гэж санаа зовохгүйгээр яаж дугуй унаж зорьсон газраа хүрэх вэ? гэдэг асуултыг өөртөө тавьжээ.

Хэдийгээр Их сургуулийн хотхоны зогсоол дээр мянга мянган дугуй багтаж ядан байх боловч бүгд цоожтой тул эзнээс нь өөр хэн ч унаж үл чадна. Мөн зарим дугуй хэдэн сар, жилээр хэрэглэгдэхгүй цоожтой байдгийг олж анзаарчээ. Ингээд их сургуулийн хотхон дотроо дугуйг дундаа хувааж хэрэглэх төслийг боловсруулан хэрэгжүүлжүүлсэн байна. Түүний энэхүү санааг 2000 оюутан дэмжиж өөрсдийн дугуйгаа дундаа унахыг зөвшөөрч бүртгүүлсэн байна.

Улмаар оюутан Дай унадаг дугуйг аль ойр газраасаа авч унан, хүссэн газраа орхидог, аппликэйшнээр онгойлгож, төлбөрөө төлдөг бизнесийн “Station-free bike sharing” платформыг анх боловсруулж Офо (ofo дугуй унаж буй хүн шиг харагддаг) хэмээн нэрлэжээ.

Анх Бээжин хотод нэвтрүүлсэн “Station-free bike sharing” платформ нь өдгөө дэлхийн 20 гаруй улсын 250 гаруй хотод нэвтрээд байна.

Хэрэглээний хувьд их энгийн, утсан дээрээ Офо аппликейшныг суулгана, аппликейшнаар түрээсийн дугуйн дээрх QR кодыг уншуулж цоожийг онгойлгон унана, зорьсон газраа хүрээд дугуйгаа цоожилж орхино, ингээд л болоо. Энгийнээр хэлбэл, гудамжнаас такси бариад хүссэн газартаа хүрээд бууж байна гэсэн үг, гэхдээ та өөрөө таксигаа жолоодно.

Дугуй бүр GPS-тэй учир дараагийн хэрэглэгч апплекейшнээрээ ойр орчимд буй дугуйгаа хайж олоод унах боломжтой. Нийт дугуй унагчдын 80 хувь нь 5 км-ээс бага зайнд явдаг байна. Нийт хэрэглэчдийн талаас илүү хувь нь өглөө болон оройны замын хөдөлгөөний ачаалалтай үед унажээ.

Өөрөөр хэлбэл иргэдийн дугуй унах боломжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, замын хөдөлгөөн, нийтийн тээврийн ачааллыг төдий хэмжээгээр хөнгөлж байна гэсэн үг юм.

Ийнхүү унадаг дугуй нийтийн тээврийн хэрэгсэл болжээ.

Зөвхөн 2017 онд л гэхэд Дэлхий даяар Офо компанийн 10 сая дугуйг өдөрт 32 сая удаа, жилд 6 тэрбум удаа унаж байна. Офогийн дугуйнууд 2017 онд нийтдээ 11 тэрбум км буюу дэлхийг 290 мянган удаа тойрох хэмжээний замыг туулахдаа 2 сая тонн нүүрс хүчлийн хий ялгарахаас сэргийлжээ.

Энэхүү үйлчилгээ нь ойр зайнд автомашин, автобус, таксигаар бус унадаг дугуйгаар явбал түгжрэл үүсгэж, утаа үйлдвэрлэхгүй, харин мөнгөө хэмнэхийн зэрэгцээ биеийн тамирын дасгал хийж илүүдэл калорио шатаах боломжийг хүн бүрт олгодог байна. Төлбөрийн хувьд 30 минут нь 8 цент (0,5 юань) буюу 180 орчим төгрөг байна.

Нэг дугуйны өртгийн хувьд байрлал тодорхойлогч төхөөрөмж, гэрэл, түгжээтэйгээ нийлээд 470 орчим ам.доллар байдаг учир анхны хөрөнгө оруулалт харьцангуй өндөр байдаг байна.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд өнөөх алдарт Жак Ма хүртэл хөрөнгө оруулж, ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Тэрээр ашиг орлогоос илүүтэй нийгмийн хариуцлагаа ухамсарлажээ. Анхны зорилго нь ашгийн төлөө бус байсан хэдий ч өнөөдөр ихээхэн ашигтай, өрсөлдөөнт салбар болоод байна.

Манай улсын хувьд Улаанбаатар хотын замын түгжрэл улс орны өмнө тулгамдаад буй томоохон асуудал болсоор олон жилийг үдээд байна. Улаанбаатарчууд цаг хугацаа баран түгжээнд зогсож, бензин шатахуунаа үр ашиггүй шатаан валютын гадагшлах урсгалд хувь нэмрээ оруулж, автомашины яндангийн утаагаар агаараа бохирдуулж, уур бухимдал, стресийн үүр уурхай болж, өөрсдийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчиндоо хор уршиг тарьсаар байна. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 200 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог бол хотын доторх нийтийн тээврээр давхардсан тоогоор 613 мянган хүн зорчдог гэсэн судалгаа байдаг.

Эдгээр хүмүүс өдөрт 1 цагийг замын түгжрэлд зарцуулдаг гэж үзвэл дор хаяж 500 мянган хүн цаг болно. Түгжрэлд зарцуулж буй энэ их цагийг сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, үр хүүхдээ хүмүүжүүлэх, биеийн тамираар хичээллэх зэрэгт зарцуулбал хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, улс орны эдийн засаг хөгжихөөс авахуулаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэмэгдэх, хүүхдийн хүмүүжил сайжрах, иргэд эрүүл, чийрэг биетэй болох зэрэг олон эерэг үр нөлөөг бидэнд авчрах нь дамжиггүй юм.

Ийм ч учраас сүүлийн жилүүдэд Улаанбаатарчуудын дугуй унах хүсэл эрмэлзлэл нэмэгдсээр байна. Дэлхийн алдартай брэндийн дугуйг зарж борлуулдаг дэлгүүрүүд олноор байгуулагдлаа, мөн хямд үнэтэй хэрэглээ хангах дугуйнууд ч ихээр зарагдаж байна. 

Гэсэн хэдий ч өдөр тутмын ажил, амьдралдаа дугуй унах боломж хязгаарлагдмал байсаар байна. Дугуйн зам, дугуйн зогсоол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, дугуйгаа хадгалах, хамгаалах гээд олон асуудал үүнд нөлөөлж байна.

Унадаг дугуйг аль ойр газраасаа авч унан, хүссэн газраа орхидог, аппликэйшнээр онгойлгож, төлбөрөө төлдөг бизнесийн дээрх платформыг Улаанбаатар хотдоо нэвтрүүлж, олон асуудлаа шийдвэрлэх боломж бидэнд байна. 

Эхний ээлжинд дугуйн замтай болон зам тавих боломжтой хэсэгтээ Офо характерийн дээрх платформыг нэвтрүүлснээр бидний өмнө тулгараад буй замын түгжрэл, агаарын бохирдол, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэрэг олон асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө мөнгөний хувьд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлээс босгох зэрэг олон боломж бий. Удахгүй ажил хэрэг болох болтугай, ядаж л хотын маань имижид хэрэгтэй юм даа.

Д. Отгонсүрэн нийтлэлч

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.