Ерөнхий сайдуудын баривчилгааны зохиолыг Ц.Элбэгдорж бичиж, М.Энхболд найруулж суугаа цагт үнэн шударга ёс ялах уу?

Монгол улсын 25 дахь ерөнхий сайд асан С.Баяр, 28 дахь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр АТГ-т нэгэн цагт дуудагдаж бараг нэг өрөөнд сууж байгаад хоёулаа баригдсаныг сонссон экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын баруун эрэгт казино тоглож сууснаа хувийн нисэх онгоц хөлслөн маш яаралтай Монголд ирсэн байна. Зарим хэвлэлээр Ц.Элбэгдоржийн эхнэр Болормаа “Өнчин хүүхдийг асрах” сандаа “Рио Тинто” группээс хоёр сая ам.долларын хандив авч байсан учир АТГ-т газарт дуудагдах дараачийн хүн нь экс ерөнхийлөгч гэсэн мэдээ гарсан үзэгдэнэ лээ.

Гэвч өнөөдөр АТГ-ыг хурандаа Д.Энхжаргал толгойлж байгаа цагт тийм юм болохгүй гэж бат итгэлтэй хэлж байгаа хүн олон байна. Энэ ч үнэний ортой. Яагаад гэвэл авилгачдын эсрэг “их ан ав”-д мордоод буй Д.Энхжаргалыг 2016 онд Ц.Элбэгдорж АТГ-ын дарга болгохоор УИХ-д санал оруулсан төдийгүй 2022 он хүртэл энэ сандалд хадаж орхисон гэдгийг санах хэрэгтэй.
Мөн Д.Энхжаргал нь Төв аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар олон жил ажилласан, УИХ-ын дарга М.Энхболдын гарын хүн юм. Тэрбээр ЦЕГ-ын дарга генерал Б.Баатаржавтай худ ургийн холбоотой гэдэг бөгөөд энэ хоёр хоёулаа М.Энхболдын гэрт гүйгээд оччихсон, өмнө нь сөхрөн золгож байсан нөхдүүд билээ. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр АТГ-ын их баривчилгаа, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын оффшор данс сэлт нь зүгээр л Ц.Элбэгдорж, М.Энхболдын хоёрын найруулан тавьсан жүжиг хэмээн улс төрч голдуу хүмүүс үзэж байна.

Нийгэмд ийм дуулиан дэгдээснээр газрын наймаа болон “Жаран тэрбум”, өөр бас бус өөрсөдтэй нь холбоотой хэргүүдийг илчлэн гэрэлтүүлэх галын дөлийг бүдгэрүүлэн замхруулах санаатай байгаа аж. Гэхдээ түрийвч нэгээр тогтохгүй, монгол төрөөс хумсалж хувааж идсэн баялгийн түмпэн сав нь хүртэл дундаа нэг учраас С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сараас илүү хорьж саатуулахгүй суллана гэсэн таамаг байгаа нь удахгүй биелнэ буй за. Энэ хугацаанд олны анхаарал ч суларч таараа. Эдүгээ шоронд ухаалаг гар утсаараа интернэт рүү ороод хэвтэж байгаа дээрх нөхдүүд нэгхэн сарын хугацаанд ядарч зүдэрч зовно гэж байхгүй.

Адаглаад л шоронгийн ажилтнуудад 20 сая төгрөг чулуудахад л амралтын газраас илүү тансаглан жаргаж байгаад гарч ирнэ. Харин гарч ирэхдээ “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай“ гэх мэт лут лут үгсийг хэлэх болов уу. Үүний дараа хэргийг мөрдөн шалгаж байна гэсэн яриа жил тойрон үргэлжлээд л эцэст нь нотлох баримтгүй учраас хэрэгсэхгүй боллоо хэмээн орхих нь лав.

Ийм жүжиг нь ялангуяа АТГ-ын дарга Д.Энхжаргалыг солих яриа ширүүхэн өрнөж буй үед ажлаа маш сайн хийж байгаа хүн шиг харагдуулж уснаас хуурай аваад үлдэх учраас аль аль талдаа ашигтай. Ард түмнийг авилгалтай тэмц хэмээн шахаж шаардахын сацуу С.Баярцогт мэтийн “баасаа булж сураагүй бацаан”, Жаст-ын Ш.Батхүү мэтийн жаргалдаа ташуурсан зарим нэг нөхдөөс болоод өөрсдийнх нь том булхай луйврууд ч сөхөгдөн илэрч мэдэх болсон учраас ийнхүү аргацаасан баривчилгааны жүжгийг Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр хамтран найруулж эхэлсэнийг ард түмэн “Ашгүй одоо л нэг үнэн шударга ёс ялах нь дээ” хэмээн хууртан харж сууна.

Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Зочин says

    Үнэн бүгдийг бичжээ. Би ч гэсэн энэ бүгд ээлжит жүжиг гэж бодож байсан юм.

  2. зочин says

    Гэхдээ одоо Ард иргэд Хууртаж тэнэгтэхээсээ өнгөрсөн, Хэрвээ энэ бүгд Үнэн болж эдгээр Нөхдүүд зүгээр Ялгүй болж гарах юм бол МЭнхболд, ЦЭлбэгдорж нар оролцоотой Жүжиг боллоо гэхэд Ард түмэн зүгээр хараад сууна гэж үү, үгүй байх аа,

  3. нүдтэй монгол says

    төр алийн болгон жүжиг тавих юм бэ. Ард түмэн хууртаж хулхидуулж амьдарлаараа хохирон доройтох хэрнээ жүжгийг нь кино шиг үзэх дуртай болчихож. ахуй амьдралаа аврахын тулд энэ мэт авилгачдтай яс махаа цайтал тэмцэж төрөө тунгалаг болгох ёстой юм бишүү

  4. Anonymous says

    Xytsalgvi tar agdorjig bariache

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.