Жулиан Найт: Их Британид Монголын ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улстай харилцах Худалдааны элч, Парламентын гишүүн ноён Жулиан Найтыг хүлээн авч уулзлаа.

Жулиан Найт Монгол Улстай харилцах Худалдааны элчээр 2018 оны нэгдүгээр сард томилогдсон байна. Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий “Худалдааны элч” томилдог уламжлалтай юм. Одоогоор нийт Худалдааны 30 элч 59 оронтой харилцаж байгаа юм байна.

Худалдааны элч Жулиан Найт Монгол Улсад энэ сарын 10-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм.

Ноён Жулиан Найтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, “Юуны өмнө Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн шийдвэрээр Монгол Улстай харилцах Худалдааны элчээр томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улстай харилцах “Худалдааны элч”-ийг томилсон нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Худалдааны элч Жулиан Найт “Эрхэм Ерөнхийлөгч намайг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Манай улсын Ерөнхий сайд Тереза Мэй Монгол Улс Их Британитай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд их ач холбогдол өгч, намайг Монголд Худалдааны элч, төлөөлөгчөөр ажиллах санал тавьсан. Би саналыг нь дуртайяа хүлээн авч, танай улсад өчигдөр орой ирлээ. Манай улс Худалдааны элч томилохдоо ихэвчлэн хоёроос гурван улсыг хавсран хариуцуулдаг. Гэхдээ би Монгол гэсэн ганцхан улсыг хариуцаж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Би цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж ажиллах болно. Өнөөдөр өглөө уул, уурхайн салбарт хамтран ажиллах асуудлаар салбарын сайдтай уулзсан. Учир нь, энэ салбар манай хоёр улсын харилцаанд томоохон байр, суурь эзэлдэг. Мөн би таныг Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах талаар санаачилга гаргаж, олон ажил хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Тэр тал дээр манай хоёр улс хамтран ажиллах боломжтой” гээд хоёр орны худалдаа, эдийн засгийг хэрхэн өргөжүүлж болох талаар Ерөнхийлөгчийн үгийг сонсохыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мэдээж, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой. Гэхдээ хэт онцгойлон уул, уурхай гэж ярих нь зөв зүйл биш. Баян, хоосны ялгаа гарч, үндсэндээ “баялгийн хараал” Монгол оронд нүүрлэсэн. Энэ асуудлаас гарахын тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн томоохон салбарууддаа анхаарч байна. Монгол Улс 60 гаруй сая толгой малтай, жилдээ бид 10 мянга орчим тонн ноолуурыг “олборлож” байна. Энэ бол дэлхийн ноолуурын зах зээлийн 60 хувь. Энэ салбарт хамтран ажиллах юм бол түүхий эд нь бэлэн байгаа. Хэрвээ бид ноолуураа боловсруулаад зарж чадах юм бол Оюутолгойтой зэрэгцэхүйц салбар юм. Бидэнд энэ салбарт өрсөлдөгч байхгүй. Энэ бол бидэнд байгаа давуу тал учраас энэ салбарт түлхүү анхаарлаа хандуулаарай” гэлээ.

Энэ саналыг ноён Жулиан Найт хүлээн авч, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниулах бүрэн боломжтой, удахгүй энэ чиглэлээр томоохон чуулга уулзалт болох гэж байгаа талаар хэлж, Их Британид Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах боломжтой талаар ярилаа. Мөн тэд АНУ-БНХАУ-ын хооронд болж буй худалдааны хэлэлцээрүүд нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар ярилцаж, санал солилцсон юм.

Худалдааны эргэлт:

Монгол, Британийн худалдааны нийт эргэлт 2017 онд 689.9 сая ам.доллар, үүнээс экспорт 660.5 сая ам.доллар, импорт 29.4 сая ам.доллар байв. Энэ нь 2016 онтой харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. ИБУИНВУ-аас 1990-2014 онд 116.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэнээс нийт гадаадын хөрөнгө оруулалтын 0.82 хувийг эзэлж, ИБУИНВУ хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 орноос 14 дүгээрт жагсаж байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …