Намсрайн Сувд: Би эхийн сүүтэй хамт театрын агаараар амьсгалсан 

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын болон гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Намсрайн Сувдтай уулзаж хөөрөлдлөө. Авьяас гэдэг алт, алмаасаар ч зүйрлэшгүй гайхамшигтай зүйл. Бурхан тэнгэрээс эл эрдэнийн дээдийг өвлөн төрсөн эрхэмсэг хатагтайтай ярилцан суухад түүхэн их хатдыг амилуулсан төгөлдөр сайхан дүрүүд нь сэтгэлд амилан Их хааныхаа ээжтэй ч ярьж суугаа юм шиг, Монголын их хаадын залгамж Батмөнх Даян хааны хатантай ярьж байгаа ч юм шиг сонин увдист автан байснаа дурдаад хэрэггүй биз ээ.

-Танд Дэлхийн театрын өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр лавтайяа хүн төрөлхтний сүүлийн хоёр гурван мянган жилээр хязгаарлагдахгүй юм байгаа биз?
-Өө, яалаа гэж гурав, дөрөв, таван мянган жилийн түүхтэй байлгүй яахав. Дэлхийд соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн байгууллага гэх юм бол ЮНЕСКО гэж байна. Энэ байгууллагын дэргэд Олон улсын театрын институт гэсэн байгууллага 1948 онд байгуулагдан ажиллаж байдаг. Прагад 1961 онд болсон энэ байгууллагын хурлаар Дэлхийн театрын өдрийг тэмдэглэж байя гэсэн шийдвэр гарсан. Манай улс 1991 онд энэ байгууллагын гишүүнээр элссэн учраас үүнээс хойш тэмдэглэж байна. Энэ өдөр бол зөвхөн театрт ажилладаг хүмүүсийн баяр биш юм. Энэ бол театрт элэгтэй бүхий л олон түмний баяр. Тиймээс бид энэ баярыг үзэгчидтэйгээ хамт, бүх нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.

Дэлхйин театрын өдрийн тэмдэглэхэд олон улсын театрын инстутуциэс дэлхий дахинд хандаж олон улсад хандаж ийм илгээлтүүд гаргадаг. Энэ жил ч гэсэн илгээлтүүд гарсан байна. Гурван тивийн, гурван том уран бүтээлч энэ илгээлтүүдийг гаргасан. Зохиолчид, найруулагчид, жүжигчид илгээлтийг гаргадаг. Энэ илгээлтийг манай уран бүтээлчид, үзэгчид их сайхан хүлээж авч байна гэж бодож байна. Манай театр олон улсын театрын өдрийг сонгодог жүжгийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

-Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ жил ямар сайхан жүжгүүд тавигдах гэж байна даа?

-Сонгодог жүжиг гэдэг нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн зуунаар дамжиж улс гүрэн, үндэстэн болгонд театрын тайзанд тавигдсан чанартай жүжгийг хэлдэг л дээ. Урьд нь гуравдугаар сарын эхэнд зарлаад гуравдугаар сарын 27-нд хаалтаа хийдэг байсан бол энэ жил 27-нд сонгодог жүжгийн нээлтээ хийж байна. Энэ сарын 27-нд гэхэд Виктор Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг тавина. Мөн 29-ний 15, 19 цагуудаас Софоклын “Эдип хаан” сонгодог жүжиг тоглогдоно. 30-ны 19 цагт У.Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгийг тоглоно. Мөн олон улсын театрын өдрийг угтаад “Дэлхийн театрын түүх” гэж өөрийн бичсэн номын баярыг хийж байгаа.

-Таны номын баяр хэдэн цагаас эхлэх вэ?

-Жүжиг орой 19 цагаас эхэлдэг. Номын баярын маань үйл ажиллагаа 18:30 цаг гэхэд эхлэх байх.

-Таны тайз, дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн дүр тоогоо алдсан байх даа?

-Би эхийн хэвлийгээс мэндлээд л театрын энэ ариун агаар, тоостой хамт ээжийнхээ сүүг хөхөж өссөн. Тийм учраас театрын агаараар амьсгалж өдий насалж байна. Ээжийг театрт тоглож байхад “Учиртай гурван толгой”, ”Жаргалын зам” гэх зэрэг жүжгийг нь үзэж байснаа санадаг. Тэр үед би дөрөв тавтай байсан юм уу даа. Үүнээс хойш ээжийнхээ найруулсан тоглолтуудыг их үздэг байлаа. Яг өөрөө бол оюутан болоод л тайзан дээр гарсан даа. Хүүхэд байхдаа 1958 онд Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явж олон багш нараар заалгаж урлагт анх хөл тавьсан. Тонтор гэж багш минь байлаа. “Шороотын Цэвээн” гуайн охин чуулгад олон жил бүжгийн багш хийсэн Нэргүй гэж гайхамшигтай бүжигчин надад багшилж байлаа. Ингэж л урлагт сайн дураар хөл тавьсан. Жүжигчний мэргэжлээр Москвад Кино урлагийн дээд сургуульд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Борис Андрейвич Бабушкин гэж хүний шавь болж суралцаж байхдаа “А” үсгийг заалгасан. Манай багш Малый театрын найруулагч, жүжигчин байлаа. Дараагаар нь 1983 онд “Нора” жүжгийн гол дүрд тоглож шилдэг дүрийн шагнал авч байсан. Доржсамбуу найруулагч маань найруулж байлаа. Жүжигчин Баярмаа одоо миний Норагийн дүрийг бүтээж байгаа.

-Таныг Монголын ард түмэн “Мандухай цэцэн хатан” киногоор маш сайн мэднэ. Үүнээс өмнө жүжигчин гэдэг мэргэжлийн гайхамшигтай чанарыг ямар дүрээс мэдэрч байсан бэ?

-Островскийн “Инжгүй хүүхэн” гэж жүжгийг манай драмын театрт 1973 онд тоглож байсан. Энд Лариса гэж гол дүрийг бүтээсэн цагаас хойш драмын театрт ажилласан л даа. Тэр дүр бол үнэхээр гайхалтай, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөддөг жүжиг л дээ. Намайг Ларисагийн дүрийг бүтээж байхад Паратовын дүрд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гантөмөр маань тоглож байлаа. Хөдөлмөрийн баатар Гомбосүрэн гуай тоглож байсан. Ардын жүжигчин Цэрэндулам, соёлын тэргүүний ажилтан Баатархүү, гавьяат жүжигчин Жарантав, Латиф, Норолхоо, Оюунцэцэг, Гомбожав, Шагдаржав гээд манай театрын ёстой аваргууд хамт тоглож байсан даа. Би тэдний дунд орж дүр бүтээж, тэд маань миний захнаас өргөж, заамнаас минь дээш нь татаж энэ уран бүтээлийг хийсэн. Эргээд бодоход гайхалтай цаг үе байсан.Театр гэдэг бол хэзээ ч мөхөхгүй, жүжигчид үзэгчид хоёр зүрх зүрхнийхээ цохилтыг мэдэрч байдаг гайхамшигтай урлаг. Амьсгалаас амьсгалд гайхамшгийг мэдрүүлдэг энэ амьд харьцааг театр урлаг л хүн төрөлхтөнд өгдөг. Хамгийн гол нь мөнхийн залуугаараа байдаг. Яагаад гэвэл мөнхийн залуугаараа байдаг. Яагаад гэвэл яг одоо, яг одоо энэ цагт харьцаж байдаг учраас дандаа залуу байдаг.

-Таны ээж Цогзолмааг Зууны манлай жүжигчин, алтан үеийн жүжигчин гэдгийг мэднэ. Та тэгтэл ээжийнхээ үеийн авьяастнуудтай нэгэн тайзнаа гарч байсан жүжигчин гэхээр бас л бахархмаар юм даа?

-Энэ бол тэр болгон хэр баргийн хүнд заяахгүй хувь заяа гэж би боддог. Зөвхөн ажил дээр ч биш төрөөд л тэр хүмүүсийн өвөр дээр бүүвэйлүүлж, эрхэлж, тоглож өссөн. Энэ жил төрийн шагналт зохиолч Э.Оюун гуайнхаа зуун насны ойг манай театрын үзэгчид, уран бүтээлчид тэмдэглэж байна. Э.Оюун гуайн 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” жүжгийг энэ жил шинэчлэн тавилаа. Би чинь “Монгол кино” үйлдвэрт ажиллаж байсан хүн шүү дээ. Оюун гуай маань энэ театрт намайг чирж авчирч, ташуурдаж, ажиллах бололцоо ирээдүйг минь бий болгосон. Ахмадуудын буян гэдэг бол хэзээ ч барагдашгүй их өв юм. Тэд нар минь байгаагүй бол бид хэзээ ч байхгүй.

-Та эхийн сүүтэй хамт жүжигчний мэргэжлийг амталсан юм байж. Гэхдээ сургууль соёлын хишиг гэж гайхмаар юм бий дээ?

-Би ЗХУ-д Кино урлагийн дээд сургуулийг 1970 онд кино, драмын жүжигчин мэргэжлээр төгсөж, 1983 онд найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн хүн л дээ. 1970-1973 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, наян нэгэн он хүртэл Драмын театрт жүжигчин, 1981-1992 онд театрынхаа уран сайхны удирдагчаар ажилласан. 1992-1996 онд Соёлын яаманд хэлтсийн дарга, тэгээд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулиудад тайзны яриа, тайзны хөдөлгөөн, уран чадварын багшаар ажиллалаа.

-Та багцаагаар хэдий хэрийн жүжиг, кинонд тоглосон бол?

-Би Монголын театрын тайзнаа У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелия, Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевна, У.Шекспирийн “Макбет” жүжгийн хатагтай Макбет, А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Аркадина, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Өүлэн эх зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог ная гаруй дүр, “Хань” киноны Наран, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэвч үл болно, Чингис хаан” киноны Өүлэн эх зэрэг дэлгэцийн хорь гаруй дүрийг бүтээсэн дээ. “Үхэвч үнэн ялна” жүжгийн комиссар, “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны шилдэг дүрийн шагнал, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээ, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал, “Сэрүүн хасын зүүд” жүжгийн Лоу авхайн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал, БСШУЯ-ны “Мөнгөн мод”, Э.Оюуны шагналыг хүртсэн байна.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: dnn.mn

Л.Батцэнгэл

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …