Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажил 55-р тусгай дунд сургууль дээр болов

Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог 6 сургууль байдаг бөгөөд  өнөөдөр 55-р жишиг дунд сургууль дээр тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар зохион байгууллаа.

Үзүүлэх ажилд нийслэлийн 63, 70, 25, 29, 116-р сургуулиудын удирдлагууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Баянзүрх дүүргийн ЕБС-иудын төлөөлөл оролцож, 55-р тусгай сургуулийн сургалтын  үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчин, хүүхдийг хөгжүүлж буй байдал, багшийн ажилтай  газар дээр нь танилцлаа.

БЗД-ийн 55 дугаар сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй, Дауны хам шинж, аутизмтай 487 сурагч суралцаж, 94 багш ажилладаг бөгөөд сүүлийн таван  жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцлийг сайжруулах, багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр ихээхэн ажлыг хийжээ. Монгол улсдаа анх удаа аутизмтай хүүхдэд зориулсан зориулалтын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, тайвшруулах өрөө, мэргэжлийн сургалтын  “Зочид буудлын үйлчлэгчийн анги ”, ”Хоол нарийн боовчны анги”, “Хэл засал”, “Хөгжимт хэл заслын өрөө”, багш нарын хөдөлмөрийг хөнгөвчилсөн “Сургалтын хэрэглэгдэхүүний өрөө”, ХБХ-ийн “Хүүхэд хөгжлийн төв”, “Зөвлөгөө өгөх төв”-ийг шинээр байгуулж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эцэг эх, олон нийтээс өндөр үнэлгээ авч байна. Түүнчлэн анги бүрт  ганцаарчилсан сургалтын буланг бий болгосон нь  хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан тулж ажиллаж, тэднийг хөгжүүлэхэд их ач холбогдлоо өгч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа өнөө үед тус сургууль жил бүр тодорхой төлөвлөгөөтэйгээр багш нараа чадваржуулах цуврал сургалтыг дотооддоо зохион байгуулж, багш нараа бүрэн хамруулдаг, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг улсдаа  анх удаа 12 жил сурган, тэдэнд мэргэжлийн боловсрол олгож байгаа нь тус сургуулийн онцлох ажил болжээ.

Үзүүлэх ажлын үеэр сургуулийн захирал Ч.Ганбилэг товч танилцуулга хийж, зочид сургалтын орчин, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, тусгай сургуульд хэрэгжиж буй “Үдийн хоол” хөтөлбөрийн амталгаат өдөрлөг явагдлаа.

 Үзүүлэх ажилд БСШУСЯ-ны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын дарга С.Мөнхөөлэй, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга А.Цолмон, мэргэжилтэн Д.Батцэцэг, НБГ-ын дарга Ж. Гантулга, НБГ-ын Бодлого Зохицуулалтын хэлтсийн дарга Ц. Жаргалантуул, Боловсролын Хүрээлэнгийн ажилтан Ц.Цэвэгмид, БМДИ-ийн арга зүйч Ч.Жаргал, НБГ-ын дэргэдэх БНСУ-ын “Green teachers” ТББ-ын ажилтан нар нийслэлийн  тусгай сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын  сургуулиудын захирал, сургалтын менежер, багш нар, эцэг эхчүүд өргөнөөр оролцлоо.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …