Эрүүгийн хуулийн “хэрэглэдэггүй” заалт

“Зорчих эрхийг хязгаарлах” ялыг хэзээнээс хэрэглэж эхлэх вэ?

Аливаа зүйл  цаг хугацааны явцад ухрах биш урагшилж байдаг гэдэг. Хууль эрх зүйн орчин ч гэсэн практикт тохиолдсон сул талуудыг гээж шинэчлэн найруулагдаж,  хууль эрх зүйн орчны хүрээнд улам бүр урагшлан дэвжиж байх учиртай.

Гэвч 2017 оны 7 сарын 01-ны өдрөөс манай улсад хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хууль нь дэвшилтэй болсон гэхээсээ  илүү уруудан доройтсон юмуу гэмээр зүйл цөөнгүй байна.

Хамгийн хачирхалтай нь хуульд заасан л гэм буруутанд оногдуулах шийтгэлийн нэгэн хэм хэмжээг өнөөдрийг практикт огт  хэрэглээгүй байгаагаар үл барам, техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн нөхцөл бүрдээгүй гэдэг шалтгаанаар  хэзээ хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй хэвээр байна. Түүгээр зогсохгүй дээрх шалтгааны улмаас прокурор, шүүхчидэд Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн ялын төрлийг  практикт хэрэглэхгүй байх тухай албан болон албан бус үүргийг дээд байгууллагаас өгсөн тухай эх сурвалжууд хэлж байна.

Эрхэм уншигч та ямар заалтын тухай ярьж байгааг төвөггүй ойлгосон биз. Энэ бол Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах” ял юм.

2017 оны 5 сарын 11-ны өдөр УИХ-аар өөрчлөн найруулсан, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.3-д  Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөлд Зорчих эрхийг хязгаарлах ялыг  багтаасан байдаг бол мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д  Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж энэ ялыг хэрхэн ойлгохыг тодорхой заасан байна.

30 бүлэгтэй Эрүүгийн хуульд “Зорчих эрхийг хязгаарлах” ялыг хэрэглэх 140 гаруй тохиолдлыг дурьдсан төдийгүй  эл ялын төрлийг  дангаар нь болон бусад ялын аль нэг төрөлтэй хамтатган, шүүгчийн зүгээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар хуульд заасан байна. Хууль батлагдаад 1 жил болох гэж байхад “Зорчих эрхийг хязгаарлах” ялыг хэрэглэсэн тохиолдол шүүхийн практикт нэгч гараагүй байна.

Учир нь хууль тогтоогчид анхнаас нь хууль хэрэгжүүлж эхлэх хугацаатай холбогдуулан хууль сурталчлах, хууль хэрэгжжилттэй  холбоотой  бэлтгэл ажлыг тооцоогүйгээс, огт хангаагүйгээс, анхаарч үзээгүйгээс болж өнөөдөр Эрүүгийн хуулийн 140 гаруй ялын төрөлд оногдуулахаар заасан “Зорчих эрхийг хязгаарлах”  ялын хэм  хэмжээ зүгээр л цаасан дээрх тунхаг төдий үлдэж, түүний оронд хорих болон бусад  ялын төрлийг гэм буруутанд оногдуулж байна.

Хууль тогтоогчдын тайлбарлаж байгаагаар бол “Зорчих эрхийг хязгаарлах” ялыг хэрэгжүүлэхийн тулд  тухайн  гэмт хэрэгтнийг тодорхой бүсээс гадагш зорчих, гарах эрхийг хязгаарлах, тэрхүү бүс, газар нутгаас гарч явсан тохиолдолд цагдаагийн байгууллагад  дохио илгээж мэдээллэх үүрэг бүхий GPS системд холбогдсон тусгай цахим гав, бугуйвч, түүнтэй адилтгах зүйлс хэрэглэх ёстой. Бас түүнийг мэдээлэх үүрэгтэй мониторингийн системийг Цагдаагийн байгууллагад суурилуулж, мөн түүнийг хянах үүрэгтэй ажилтнуудыг бэлтгэх ёстой.  

Гэвч энэ ажлын сураг чимээ одоо болтол алга байна. Хэзээ ийм ухаалаг системийг хууль сахиулах салбарт хэрэгжүүлж эхлэх нь ч тодорхой биш байсаар атал Эрүүгийн хуулиндаа 140 гаруй удаа “Зорчих эрхийг хязгаарлах” ялын төрлийг дурьдчихсан байдаг.

Нэгэнт үүнийг хэрэгжүүлэх боломжгүй нь тодорхой байгаатай холбоотойгоор прокурор, шүүгч нарт энэ төрлийн ялыг яллагдагчидад  оногдуулахгүй байх үүргийг дээд газраас нь журамлаж өгсөн гэх.

Тэгэхлээр хууль давсан журмын асуудал энд бас яригдаж таарна. Яагаад цагаан дээр хараар бичсэн “Зорчих эрхийг хязгаарлах” ялыг шүүхийн практикт хэрэглэхгүй байна вэ? Хэрвээ анхнаасаа  хэрэглэхгүй байсан юм бол яах гэж хуульд зааж өгсөн байх вэ? гээд олон асуудал энд яригдана.

Хэрвээ энэ хууль хэрэгжиж байсан бол  Эрүүгийн хэргийн шүүгчийн хувьд  зорчих эрхийг нь хязгаарлах болон хорих ялын аль нэгийг нь хэрэглэх ёстой тохиолдол гарвал тухайн хэрэг холбогдогчийн гэм буруугаа хүлээсэн хандлага, түүндээ гэмшсэн байдлыг нь харгалзан үзээд “Зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж болмоор байгаа байвч тус ялыг нэгэнт практик хэрэглэж болохгүй байгаа өнөөгийн нөхцөлд аргагүйн эрхэнд тухайн яллагдагчид хорих ялыг оногдуулж байна. Бодит нөхцөл байдал ийм байхад бид хууль эрх зүйн орчиноо сайжруулсан гэж хэлэх эрх бий билүү.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлагчид, хуулийн төсөл боловсруулсан УИХ-ын гишүүд анх тайлбарлахдаа “Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн цаг үеэс ард иргэдийн шүүхэд итгэх итгэлд ахиц гарна, шүүхийн нэр хүнд улам бүр өснө, тухайлбал  “Зорчих эрхийг хязгаарлах” ялын төрөл бол яллагдагчийг  хорих чиглэлийг урьтал болгоогүй, түүнд засрах хүмүүжих боломжийг нь олгосон, хүний эрхийг дээдэлсэн зарчимд илүү ойртсон” гэж ярьж байсан  нь оргүй худал, хий хоосон яриа болох тодорхой боллоо.

Зарим хуульч, судлаачид 2002 оны Эрүүгийн хуулийг ялын дээд доод хэмжээг багасгаж хооронд нь ойртуулсан, хэтэрхий шоронжсон хууль зэргээр  ярьдаг байсан бол 2017 оны шинэ Эрүүгийн хуулиар хорих ялын дээд, доод хэмжээг холдуулсан, хорих ялыг урьтал болгохыг зориогүй,  хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ял шийтгэл эдлэх ёстой гэсэн зарчимд нийцсэн гэх боловч үнэндээ шүүхийн практикт  ялын төрөлд дурьдагдсан торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг бараг хэрэглэхгүй,  зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх огт хэрэглэхгүй, тэдгээрийн оронд  хорих ялыг илүү хэрэглэж байгаа нь  тодорхой байна.

Нэгэнт бодит байдал ийм байгаа учраас хууль санаачлагчид Эрүүгийн хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж,  нэг бол  “Зорчих эрхийг хязгаарлах” ялыг ялын төрлөөс түр хэрэглэхгүй байхыг журамлах, эсвэл үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, цахим гав гинж, системийг нь нэн яаралтай суурилуулж, нэвтрүүлэх шаардлагатай байна.

Эс бөгөөс хэрэгждэггүй хуулийн заалтаа Эрүүгийн хуулиас нэг мөр хасах ёстой.

А.Галт


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …