М.Зукерберг: Намайг уучлаарай

2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулахад “Кэмбриж Аналитика” гэх пүүс голлох үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээлэл сенсаци тариад байгаа. Их Британид төвтэй тус пүүс Фейсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг ашигласан аж.

Тухайлбал, тус сүлжээний 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр авч, сонгуулийн үеэр ашигласан гэх мэдээлэл цацагдсаны дараа Фейсбүүкийн хувьцаа долоон хувиар буурч, 69.6 тэрбум ам.долларт хүрсэн.

Өнгөрсөн даваа гаригийн биржийн арилжаагаар компанийн хувьцааны үнэ 37 тэрбум ам.доллараар унасан. Фейсбүүк компанийн хуулийн зөвлөхийн орлогч Пол Грюэл болсон хэрэг явдлыг “залилан бөгөөд хөөрөгдөл. Алдагдсан мэдээллүүд бүрэн устгагдахын төлөө бид ажиллаж байна” гэдэг байр сууриа илэрхийлсэн.

Гурван жилийн өмнө Кембрижийн Их сургуулийн профессор А.Коган гэгч “Таны дижитал амьдрал” хэмээх Фейсбүүкт зориулж “сонжоо” маягийн аппликейшн гаргасан байдаг. Тус аппликейшныг 270 мянга гаруй хэрэглэгч ашиглаж, мэдээллээ хуваалцаж байсан.

М.Зукерберг дээрх дуулиантай холбогдуулан өчигдөр албан ёсоор мэдэгдэл хийж, хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна. Тэрээр “Манай компани бүх шатны үйл ажиллагаандаа аудитын бүрэн шалгалт оруулахаар төлөвлөж байгаа” хэмээсэн

. Мөн Конгрессын өмнө дээрх асуудлаар тайлбар өгөхөд бэлэн буйгаа мэдэгдэхдээ “Бид Фейсбүүкээс энэ тухай хамгийн сайн мэдэж байгаа хүнийг конгресс руу явуулахаар байгаа. Хэрвээ тэр нь би юм бол явахад бэлэн” гэлээ.

Ямартай ч Фейсбүүк компани торгууль төлөх ёстой болвол энэ нь компанийнханд тийм ч том асуудал болохгүй. Их хэмжээний мөнгөтэй учир энэ нь түрхэн зуурын асуудал. Харин уг асуудал цаашид даамжирвал энэ нь компанийн бодлого төлөвлөлтөнд нөлөөлж, хэрэглэгчдийн талаарх их мэдээлэл цуглуулдаг бизнест нь сөргөөр нөлөөлж магадгүй болоод байна.

Их Британийн парламентын комисс М.Зукербергээс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар тайлбар өгөхийг хүсээд байгаа. Түүнд бичсэн захидалд дурдсанаар “Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд Фейсбүүк компани урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ авсныг мэдэх нь хэрэглэгчдийн хувьд чухал. Энэ тухай тайлбар өгөх чухал гэдгийг ойлгоно хэмээн найдаж байна” гэсэн.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.