Б.Хулан: Би хэмжээгээ мэдэхгүй том мөрөөддөг 

“Өглөөний зочин” ярилцлагын буландаа дуучин, кино найруулагч бидний Эчнээ танил Б.Хуланг урилаа. Тэрээр одоо Соёл Урлагийн Их Сургуулийн Радио Телевиз, медиа урлагийн сургуульд багшилж байгаа юм.

-Сайн байна уу Б.Хулан. Уулзаагүй ямар их удаа вэ. Соёл Урлагийн Их сургуульд багшилж байгаа гэж дууллаа. Зөөлөн, цээл хоолойгоор бидний танил болсон охин багшлаад явж байгааг харахад сонин байна шүү. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу? 

-Би одоогоор IFI продакшний хийж байгаа кинонд туслах найруулагчаар ажиллаж байна. Америкийн Нэгдсэн улсад кино найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөд ирсэн. IFI продакшинд туслах найруулагч хийхээс гадна Соёл Урлагийн Их Сургуулийн Радио Телевиз, медиа урлагийн сургуульдаа мэргэжлээрээ уран чадварын багш хийгээд явж байна.

-Хажуугаар нь бас дуугаа дуулж үг, аяаа өөрөө зохиогоод л уу?

-Би дууныхаа үг, ая болон клипийг  өөрөө найруулж хийх дуртай. Гэхдээ харьцангуй удаан байдаг ч гэсэн дуртай. Сүүлд Америк явж ирэхдээ  шинэ дууныхаа клипийн ажлыг хийгээд ирсэн. Одоо эвлүүлэг дээр ажиллаж байгаа. Өмнө нь “Хүн” нэртэй дуу зохиосон.  Монголын дууны үгийг сонсоод байхад шүлэглээд байдаг. Харин миний  “Хүн” нэртэй дууны үг хоёр хүн хоорондоо харилцаад байгаа юм шиг сонсогдоно. Өөр мэдрэмж төрүүлэх болов уу. Сонсоод үзээрэй.

-Яагаад дуучин биш кино найруулагч болохыг хүссэн бэ?

-Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг 2010 төгсөөд Америк руу суралцахаар явсан. Тухайн үедээ Хүний эрхийн хуульч мэргэжлээр суралцана гэж төлөвлөсөн байсан юм. Америкт очсон эхний найман сар ерөнхий мэдлэгийн хичээл судалсан. Тэр үед л кино урлагийн салбарт хүч үзмээр санагдаад энэ мэргэжлийг сонгон суралцсан.  Уг нь манайд ч бас кино найруулагч бэлтгэдэг. Гэхдээ Америкийн сургуулиудаас ялгаатай байдаг байх.

Та ялгааг нь юу гэж харсан бэ?

-Киноны найруулагчийн анги байсан учир кино урлагийн салбарт хэрэглэгдэж буй бүх техник технологийг хэрхэн ашиглах вэ гээд бүхий л зүйлийг заадаг. Монголын сургуулиудтай харьцуулахад маш олон ялгаа байгаа л даа.  Жишээ нь манайд сургалтын бааз дутмаг. Үүнээс болоод оюутны бүтээмж мууддаг.  Мөн цаг уурын байдал нөлөөлнө. Манайд оюутнууд цаг ууртай зохицуулж дипломын ажлаа хийх шаардлага гардаг. Тухайлбал, өвөл бол өвлийн зураг л авах болдог.

Энэ бүхнийг хараад би шинэ сургалтын хөтөлбөр зохиосон юм. Хөтөлбөр нь гуравдугаар курс төгсөхдөө кино зохиолоо бичээд зун, намар нь зураг авалтаа хийж дуусаад өвөл нь эвлүүлгийнхээ ажилдаа ордог асуудлыг шийдэхээр тусгасан байгаа.

-UBS телевизийн бүтээл “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл таныг кино урлагийн салбарыг сонгоход нөлөөлсөн үү?

– “Universe best songs” наадам бол  үнэхээр миний амьдралд асар их  нөлөө үзүүлсэн.  Хэрвээ би “Universe best songs” наадамд ороогүй байсан бол хуулийн чиглэлээр суралцах байсан байх.  “Universe best songs” наадамд оролцож байхад  урлагийн гоё мэдрэмж надад үлдсэн байсан л даа.

Ер нь бол Монголдоо сураад өөрийгөө бүрэн хөгжүүлж чадахгүй гэдгийг маш сайн  ойлгосон. Америкт хуулийн мэргэжлээр сурахынхаа хажуугаар дуугаа хийгээд явна гэсэн бодолтой байсан. Кино урлагийн  салбарын хүн болсондоо маш  их баяртай байгаа. Дууг  кинотой хослуулах бүрэн боломжтой. Кинонд дуу бол маш их чухал үүрэг гүйцэтгэдэг.

-UBS телевизийн дууны тэмцээнд оролцож анхны шилдэг 25-ын нэг болж байсан. Тэгвэл 10 жилийн дараа дахин тайзнаа гарч ирлээ. Ингэхдээ Монгол телевизийн “The Voice” шоугаар. Энэ хоёр шоуны ялгаа юу вэ. Хулан 10 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн вэ?

-Гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа хүмүүс эх орноо их санадаг. Монголдоо очоод сурсан мэдсэнээ хуваалцах юмсан гэдэг бодол ч их байдаг байх. Надад ч бас сурсан мэдсэнээ хуваалцаж, Монгол хүмүүстэйгээ хамтран ажиллах юмсан гэсэн хүсэл их байсан. Өмнө нь дуучин Д.Болд ахтай хамтран “ Би дурламаар байна” нэртэй дуу хийж байсан. Гэхдээ Америкт сурч байсан учраас клипинд тоглож чадаагүй. Харин Voice бол дэлхийн хэмжээний шоу. Бас Монголд зохион байгуулагдаж байна шүү дээ. Тийм болохоор оролцож, өөрийгөө сорьж үзмээр санагдсан. Би уг нь тийм ч амбицтай хүн биш л дээ. Гэхдээ л тэмцээн уралдаан оролцох их дуртай. Тэгээд ч дуртай зүйлээ хийгээд явна гэдэг чинь жаргал биз дээ.

-Voice шоунд оролцоод эхний шатандаа тэнцчихлээ. Мөн Монголын  IFI продакшинд ажиллаж байгаа. Хэр байна даа?

– IFI продакшиний дэлгэцийн шинэ уран бүтээлд Америк найруулагч ажиллаж байгаа. Миний бие Америк найруулагчийн туслах найруулагч ажлыг Холливудын стандартын дагуу хийж байна. Манай кинонд Монгол, Америк, Казахстаны уран бүтээлчид  ажиллаж байгаа юм.  Монголдоо Холливудын стандартын дагуу ажиллах боломж гарч ирсэнд маш их баяртай байгаа.

-Б. Хулангийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоогоор IFI продакшиний дэлгэцийн шинэ уран бүтээлийн баг хамт олонтойгоо уулзаж, оройдоо шинээр гаргах гэж байгаа кино найруулагчийн гарын авлага номынхоо ажлыг хийх байдлаар л өдрийг өнгөрүүлж байна. Их л завгүй байна даа. Энэхүү номонд  кино найруулга, кино зохиолын онолуудыг оруулсан байгаа. Дан ганц оюутнуудад биш кино урлагт ажиллаж байгаа хүмүүс хэрэг болох байх гэж найдаж байгаа.

Номын ихэнх хэсгүүд нь голдуу орчуулгын материал байх юм. Монголд  кино найруулгын уран чадварын  нэн ялангуяа Америкийн кино найруулга, киноны зохиол хэрхэн бичигддэг вэ? гэсэн ном бараг байдаггүй юм байна лээ. Иймэрхүү материал хайсан, олдоогүй.

-Таныг мөн кино сонирхогчдод зориулсан блог хөтлөн явуулдаг гэдгийг мэдэх юм байна. Хэзээнээс энэ блогийг хөтлөх болох. Энэ их ажлын хажуугаар блогтоо мэдээлэл оруулж амжиж байна уу?

–  2015 оноос эхлэн блог хөтлөх болсон. Блогоо Англи болон Монголоор хөтлөн явуулдаг. Гэхдээ дан ганц кино сонирхогчдод зориулсан блог биш. Би бас улс төрийг сонирхдог. Улс төр манай нийгмийг удирдаж байгаа ганц зүйл, үүнд бид нар маш сайн анхаарахгүй бол болохгүй юм шиг санагддаг. Дууныхаа үгэнд ч гэсэн шүүмжлэлтэй зүйлийг оруулж дуулахыг хичээдэг. Сүүлийн үед ажил ихтэй завгүй байгаа учраас блогтоо шинэ материал нийтэлж амжихгүй байгаа. Би блогтоо кино шүүмж бичдэг. Монголд ч гэсэн кино шүүмж маш их хөгжөөсэй гэж хүсдэг.

-Таны  мөрөөдөл?

-Би хэмжээгээ мэдэхгүй том мөрөөднө /инээв/. Америкт сургууль төгссөн болохоор надад маш том боломж байгаа гэж боддог. Оскар ч юм уу, дэлхийн хэмжээний том фестивальд өрсөлдөхүйц бүтээл хийхийг мөрөөддөг. Энэ жилийн Оскарт хамгийн анх удаа хар арьстай зохиолч кино зохиолын төрлөөр  Оскар хүртсэн.  Америкт гадны үндэстнүүдийг маш сайн дэмждэг юм шиг харагдсан. Монголд бол дан Монгол жүжигчид байгаа. Америкт бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид  ажилладаг.

-Найз залуутай юу?

-Найз залуутай. Бид хоёр үерхээд таван жил болж байна. Манай найз залуу Сан-Францискогийн Их Сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийг төгссөн хирнээ жүжигчний мэргэжлээр ажиллаж байгаа. Бид хоёр хоёулаа кино урлагийн салбарт цугтаа хүчин зүтгээд явж байгаа болохоор бие биенээ маш сайн ойлгодог.

-Хайрын тухай юу гэж боддог вэ?

-Би өөрийнхөө түвшинд хайрыг хангалттай мэдэрсэн юм шиг санагддаг. Хайр бол ердөө л тэвчээр юм шигээ.  Найз залуу бид хоёр хол байдаг болохоор жилд хоёр л удаа уулзах юм. Зарим хүмүүс та хоёр яаж ингээд болоод байдаг юм гээд гайхаад байдаг. Бие биендээ хайртай болохоор л гэж хариулдаг даа.

Ер нь бол хайр тэвчээр шаарддаг, тэвчээр нь эргээд гоёор төлөгддөг  гэж боддог. Би аав ээжээсээ үлгэр дууриалал авдаг. Бидний аав ээж маш  хэцүү замыг туулсан. Тэгсэн мөртлөө өдий хүртэл цуг байгаа нь тэвчээр, хайраа хадгалъя гэсэн тэвчээртэй байсан гэж  боддог.

-Ярилцсанд баярлалаа. Монгол найруулагчийн бүтээл оскарт нэр дэвших өдрийг тэсэн ядан хүлээж байна. 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар …