Монгол хүн сансарт анх ниссэний 37 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 37 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр  ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа , ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков  Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ газардсан юм.

 ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь 1947 оны 12 -р сарын 05 нь өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.  Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн юм.

Тэрээр  1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

2000 – 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагджээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …