Монголын түүхнээ дуурсагдах ангол генерал

Монголын түүхнээ тэр бүр тохиож байгаагүй, тохиосон нь Монголын нам-төрийн дээд эрх бүхий байгууллага, тухайлбал дипломат алба, Нийгмийг аюулаас хамгаалах яамны (НАХЯ) үйл ажиллагаа, цаашлаадМонгол-Анголын харилцаа, олон улсыниргэний эрх зүйг зэрэг зэрэг хөндсөн эмзэг асуудал тул уншигчдын сонирхол талархлыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна.

Анголын Зэвсэгт хүчний дэслэгч генерал Жорж Алвес Пирес (Пирикаш). Хэрэв тэрээр Монголтой холбогдоогүйсэн бол тэр генералын нэр бидэнд шал хүртээлгүй л дээ. Гэтэл түүний анхны, цор ганц эхнэр нь монгол бүсгүй, тэр генералын анхны үр нь монгол охин, тэр хоёр нь эдүгээ Улаанбаатарт аж төрж, нийгэмдээ үүргээ гүйцэтгээд явцгааж байна. Тэдний хайр сэтгэлийн мелодрам,гэр бүлийн драм бол Монголын түүхэнд тэр бүр тохиож байгаагүй эмгэнэл, амьдын хагацал, унтаршгүй хайр сэтгэлийн гэрэлт жишээ биз ээ. Хайр сэтгэлтэй ангол, монгол хоёр хосыг хүчээр салгахын төлөөх коммунист Монголын төрийн тэмцэл, тэр тэмцлийг гардан гүйцэтгэсэн социалист НАХЯ, НАХЯ-ны тэнэг балмад, хөгийн, арчаагүй гүйцэтгэх ажиллагаа гээд бичвэл их түүх өрнөнө.

Цагаан арьст европын ангол хүн байна гэдэгт монголчууд нүд бэлчээж бас болно. Уг нь Ангол гэдэг маань Баруун өмнөд Африкт орших хар арьстануудын нутаг л даа. Гэтэл тэдэн дотор ийм европ цагаан арьстан байж, тэр нь хувьсгалт намынхаа удирдлагад ажиллаж, 1976 онд МАХН-ын XVII их хуралд Анголын МПЛА-Хөдөлмөрийн намaa төлөөлөн Анголыг чөлөөлөх ардын зэвсэгт хүчний улс төрийн комиссар (Монголын ардын армийн улс төрийн газрын дарга гэсэн үг) гэсэн албан тушаалтайгаар ирж оролцон, Төрийн ордны хурлын танхимын индэрт гарч баяр хүргэсэн үгээ португал хэлээр хэлж байсан баримтыг 1976 оны архив ба тэр үеийн сонин хэвлэл, их хурлын эмхэтгэл номоос олж үзэж болно.

Жорж Алвес Пирес гэх энэ ангол эрхэм1943.08.04-нд жижиг хөрөнгөтний гэр бүлд төржээ. Тухайн үед Жоржийн эцэг эх нь Португалын хилийн чанад дахь муж хэмээн нэрлэгддэг байсан Анголд аж төрж байсан ба ах дүү гурваас ганцаараа Африкт мэндэлсэн нь тэрхүү Жорж байжээ. Хувьсгалт тэмцэлд хүүхдээрээ, 16-хан настай лицейн сурагч байх цагаасаа оролцож эхэлсэн, хожмоо мэргэжсэн хувьсгалч болтлоо Салазарын фашист дэглэмийг унах хүртэл, Португалын Африк дахь колониуд нурах хүртлээ тэмцсэн гайхамшигт түүх миний өмнө дэлгээтэй байна. Тэрээр арьсны үзлийн эсрэг тэмцэгч тул африкчуудын эрх чөлөөний тэмцэлтэй амьдралаа холбосон.

Уг нь баян чинээлэг эцэг эхийнхээ нөмөрт, Португалдаа Коимбра их сургуульд 1962 онд элсэн орж, тэр эрчээрээ явсансан бол Африкийн хар арьстануудтай холбогдох, амь дүйсэн ангийн тэмцэлд эрслэн босох байсан эсэхийг мэдэхгүй. Тэрээр оюутны хөдөлгөөний идэвхтэн, колоничлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг улс төрийн жагсаал цуглааны зохион байгуулагч, оролцогч байсныхаа хэрээр Салазарын дэглэмийн нууц цагдаагийнханд зуугдаж, нэг бус удаа  хөлийн хурд, залуу насны аагаар баривчдагдахаас аврагдаж байсан ажээ. Тэгээд ч Коимбрагийн их сургуулийн хотхоныг Португалын эзэнт гүрний нэг нийслэл болгох тухай яригдаж байсан тул тийм чухал хотод улс төрийн тэмцэл хийнэ гэдэг амь дүйсэн, маш эрсдэлтэй аюултай алхам байж гэнэ.

Амь насаа алдаж мэдэх энэ аюулаас түр зуур холдох, адаглаад нууц цагдаагийн хяналтаас оргон дайжахын тулд 18 настай Жорж Пирикас үзэл бодол нэгтэй хэсэг оюутан нөхдийн хамт эх орноо орхин Африкийг зорьжээ. Тэд Португалаас нууцаар гарахын гарахын тулд далайн эргийннараншарлагын газар цугларч, сэжиг ажиг авахуулахгүйн тулд тэр оройдоо харанхуй болсон хойно өмссөн тэр хувцастайгаа далайн аялалд гарчээ. Гэрт нь нууц цагдаагийнхан отолт хийж байгаа тул гэр бүлийнхэнтэйгээ ч салах ёс хийлгүй харьд оджээ.

Тэдний аялал амаргүй, далайн шуурга, мөрдлөг, өлсөх цангах юу эсийг үзсэн гээ. Жижиг завь хөлсөлсөн 16 португал залуу Гибралтарынхоолойгоор хөвсөөр Марокко улсын эрэгт газарджээ. Тэд тэндээ бүгэж байгаад хэсэг хугацаа өнгөрсний дараа Анголын Хөдөлмөрийн Намын (МПЛА нам) шийдвэрээр янз бүрийн улсадхуваарилагдан зарим нь суралцах, зарим нь үргэлжлүүлэн тэмцлээ явуулахаар тарцгаажээ. Тэднийг бүгдийг нь Мароккийн харьяат болгож паспортжуулахгүй бол фашист Португалын иргэнийг өөр улсад хэн ч хүлээн авахгүй гаслан бас тулгарчээ.

Ингээд португал цустай, марокко паспортой, ангол эх оронтой залуу Жорж өөрийн хүсэлтээрээ коммунизмын өлгий СССР-ийг сонгожээ. Марокко паспорттой африкийн португал энэ залуу 1962 онд Москваг зорьж, нэг жил хэлний бэлтгэлд суралцаад 1963 онд Москвад Плехановын нэрэмжит улс ардын аж ахуйн дээд сургуулийн (нархоз гэж ярьж хэвшсэн) төлөвлөлтийн эдийн засгийн ангид элсэн орж суралцжээ.

1969 онд их сургуулиаэдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй төгссөн ба 7 жил Москвад суралцах хугацаандаа Португальдамьдарчаж төрж байсан ах дүү хамаатан садантайгаа холбоо барих харьцах боломжгүй байжээ.

Салазарын дэглэмд ямар нэгэн ажиг сэжиг авахуулахгүйн тулд Францад амьдарч байсан ойрын хамаатнуудаараа захидал харилцаагаа дамжуулж Европын аль нэг ардчилсан улсад болзож уулзаж зуны амралтаа өнгөрөөдөг байжээ.

Сургуулиа төгсгөөд Анголыг чөлөөлөх хөдөлгөөнд гар бие оролцох чин эрмэлзэлтэй байсан хэдий ч колоничлогчдын төлөөлөлгэж цаадуул нь хардсанаас цагаан арьстан түүнд хувьсгалчид итгэл хүлээлгээгүй байна. Хэдийгээр МПЛА намын анхан шатны байгууллагад аль 1960 оноос элсэн орж улс төрийн үйл ажиллагаанд орлцож байсан боловч цагаан арьстнуудад итгэдэггүй байсан гачлан түүнд энэ удаа гай болжээ.

Алжирт үйл ажиллагаагаа явуулж байсан МПЛА намын төлөөлөгчийн газарт тэрээр анхлан ажиллахаар болж, 1969-973 оны сүүлч хүртэл Португалын колони-Анголын хойд хилээр хэд хэдэн удаа нэвтэрч, чөлөөлөх тэмцлийн хэд хэдэн байлдааны ажиллагаанд оролцож явжээ.

1974 онд Португалд ардчилсан хувьсгал дэгдэж, харгис дарангуйлагч дэглэм нурсны дараа түүний колонийн дэглэмүүд дараалан нуржээ. 1975 онд Анголын хувьсгалт Засгийн газрын шийдвэрээр богино хугацаатай чухал хариуцлагатай хэд хэдэн үүрэг даалгаварыг генерал Жорж амжилттай хэрэгжүүлсэн хэмээн намтарт байна.

Тэрээр 1976 оноос Эрчим хүч аж үйлдвэрийн яамны кабинетын дарга, 1979 оноосЗэвсэгтхүчний ложистикийн (ар талын) ерөнхий штабын дарга, Батлан хамгаалах яамны  барилга байгууламжийн удирдах газар, аж ахуйн удирдах газрын дарга зэрэг албан тушаалд томилогдон ажиллажээ. Мөн хугацаанд стратегийн ач холбогдол бүхий цэрэг-улс төрийн хэд хэдэн ажиллагаанд оролцож, ажил үүргээ хариуцлагын өндөр түвшинд гүйцэтгэснийг нам-засгаас нь өндөр үнэлсэн ба 1993 онд цэргийн цолыг нь нэмж хошууч генералаас дэслэгч генерал болгожээ.

1995 оноос хувиараа иргэний салбарт бизнест хүч сорих шийдвэрээ гаргаж, БХЯ-ныүүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Тэрээр бизнест ид гялалзаж яваад 2004 онд өвчний улмаас 61 насандаа таалал төгссөн, ийм л түүх намтартай нэгэн байжээ. Түүний байгуулсан гавьяаг үнэлэн Анголын армийн Хүндэт харуул ёслолын буудлага үйлдэн хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үджээ гэсэн сонины мэдээ байна.

Нийтлэлийн өмнөх хэсэгт өгүүлсэн үйл явдлын тухайд бол түүний Монголд ирж суурьших гэсэн чин хүсэл, тэр хүслийг мохоож, гэр бүл сарниулсан харамсалтай түүхээр цааш үргэлжлэх боловч энэ удаа азнаад маш товч дурдсу.

Уг нь тэрээр хувьсгалт тэмцлийн зориг зүрхээр жигүүрлэж явсан ч алс холын тал нутгийн монгол бүсгүйд сэтгэл алдраад Москвад гэр бүл болцгоож, охиноо төрүүлж, хайр сэтгэлдээ хөтлөгдөн Монгол оронд 1969 онд ирсэн байгаа юм. Хэрэв тэр үед Монголын төр, хүчний байгууллага тэр гуравт тэгж сүрхий хатуурхаагүй бол Жорж маань МУИС-д зочин багш болчихсон гадаад хэл, эсвэл эдийн засаг заагаад залуу насыг өнгөрөөсөн, 1974 онд Португал ардчиллын зам сонгосны дараа гурвуулаа Европыг зорьчихсон байхыг хэн байг гэх билээ.

Тэрээр 1969 онд сургуулиа төгсгөөд нэг сарын визтэй Монголд ирсэн, визийн хугацааг дахин сунгаагүй, тэр үеийн НАХЯ, Цагдан сэргийлэх баахан сүржигнэж байгаад бараг л баривчлаад Монголоос албадан гаргасан байдаг юм билээ.

Түүнийг гаргасны дараа монгол эхнэрийг нь элдвээр хавчиж зовоохыг үзүүлж өгчээ. Ажилд авдаггүй, авбал элдвээр хавчина, ажилд тогтдоггүй. Дээд боловсролтой, тэр үедээ ховорд тооцогдох гадаад хэлтэй, гэм хийгээгүй түүнийг галт тэрэгний билетын кассанд билет бичигч хийлгэж доош нь хийсэн ба НАХЯ алхам тутамд мөрдөнө.

Асуултын тэмдэг, хар тамгатай тэр бүсгүй аргагүйн эрхэнд хайр сэтгэлээ хойш тавьж, Монголын дипломат албаны нэгэн залуу сэхээтэнтэй гэр бүл болж байж социалист төрийн цээрлэлээс аврагдсан байгаа юм.

Нөгөө Жорж Пирес маань 1976 онд МАХН-ын их хуралдирж оролцов. Ах дүү намын төлөөлөгч хүндэт зочин тул манай НАХЯ яаж ч зүтгээд нэмэргүй эхнэр охинтой нь нууц ажиллагаа явуулан байж нэг юм уулзуулжээ. Тэр тухай ярьвал үлгэр домог л гэсэн үг. 1977-1980 онд хоёр удаа ЭЗХТЗ-ийн хурал чуулганд ирж оролцсон, 2001-2003 онд гурван ч удаа Монголд ирж байсан юм билээ.

Жорж Алвес Пирес болон түүний монгол бүсгүй, монгол охины тухай анголын зохиолч Пэпэтэла Артур Карлос Маурисио Пестанья (Пэпэтэла) дурлалын сэдэвт роман бичиж, гурван ч удаа хэвлүүлж бестселлер ном болгон португал хэлт дэлхийн орнуудад алдаршуулжээ. “Тэгш өндөрлөг ба тал нутаг” (“O planalto o a estepe”) хэмээх тэр ном тухайн үеийн Монголын гадаад сурталчилгаанд жинтэй хувь нэмэр оруулсныг эдүгээ нэг ч монгол хүн мэддэггүй бол мэдүүлэе гэж шийдээд номын агуулгаас товчлон уншигчиддаа хүргүүлж байна.

Романы гол баатрыг Жулио гэж нэрлэжээ. Тэр нь нөгөөх хожмын цагаан арьст ангол генерал. Тэрээр өөрийн амьдралын талаар хүүрнэж байгаа байдлаар зохиол бичигджээ. Анголд төрсөн цагаан арьст энэ хүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг мэддэггүй, хэнтэй ч болов нөхөрлөж тоглож хүүхэд насаа өнгөрөөжээ. Лицейд суралцаж байхад нь Салазарын дэглэмийн гар хөл бологч туршуулууд “харуудын найз большевик” хэмээн хочлон адлана. Африкчууд эх нутагтаа байгаа ч колоничлогчид тэднийг “дорд хүмүүс”-т тооцно. Лицейгээ сайн дүнтэй төгсгөөд тэр залуу Португалд суралцахаар оджээ. Португалдаа Коимбра их сургуульд элсчээ. Эл нийтлэлийн эхний хэсэгт бичигдсэн адалявдал өрнөж тэр залуу дүрвэж зугтсаар эцэст нь Москваг зорьдог үйл явдал романд уран сайхны хэлээр тод томруун дурайж байна.

Харин цаашаа хайр сэтгэлийн романс арай өөр хэлбэртэй явж байна. Залуу Жулио Москвад оюутан болоод Сарангэрэл хэмээх монгол оюутан охинтой танилцаж үерхэнэ. Сарангэрэл нь тэр үеийн Монголын Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн сайд хүний охин болж дүрслэгджээ. Тэдний хайр сэтгэл гүнзгийрч Сарангэрэл жирэмслэнэ. Монголын ЭСЯ-нд хандаж гэрлэх өргөдлөө өгнө. Гэтэл нэг өдөр Монголын ЭСЯ-наас тусгай хүмүүс Сарангэрэлийн оюутны байранд ирж түүнийг баривчлан хүчээр нутаг буцаана. Жулио ч энэ тухай мэднэ, Сарангэрэлтэйгээ холбоо барих арга чарга хайсан ч ямар ч боломж олгоогүй хайртыг нь хөөчихсөн байх аж. Жулио Монгол руу явахаар зориг шулуудаж, Монголын ЭСЯ-нд виз хүсэхээр очсон боловч виз олгох нь бүү хэл хэн ч хүлээж аваагүй хөөж гаргана. Жулио сургуулиа төгсгөөд Алжирт ажиллахаар болжээ. Ямар ч аргаар хамаагүй Сарангэрэлтэйгээ уулзах, хүүхдээ харах хүсэл түүний санаанаас үл гарна. Алжирт байх үедээ тус улсын паспорт авч, алжир хүний нэрээр Монгол руу зориглон аялжээ.

 

Романы дараагийн хэсэг Улаанбаатар дахь драмаар өрнөнө. Жулиог Монголын аюулаас хамгаалахынхан тосч аваад бараг барьцаална. Монголын чекистүүд түүнийг машинд суулган авч явна. Хотын нэгэн сургуулийн гадаа ирж сургуулийн дүрэмт хувцастай нэгэн охиныг зааж Жулиогийн охин болохыг хэлж байна. Охинтойгоо уулзаж тэвэрч үнэсэхийг хүссэн Жулиог машинаас гаргахгүй хаалгыг нь хав түгжин дарамтална. Охиных нь барааг харуулсан болоод машин хөдөлнө. Охинтой нь уулзуулсангүй.Жулиод буцахыг монгол чекистүүд зөвлөнө. Ийнхүү зорьсон хэргээ бүтээж чадалгүй буцжээ. Амьдын хагацлын нэг хэсэг ийнхүү Улаанбаатарт өрнөж байна.

Романы дараагийн хэсэг Африкт өрнөж байна. Мань Жулио Конгоор дамжин нутагтаа очиж, чөлөөлөх дайнд оролцож байна. Ангол чөлөөлөгдөх түүхэн өдрийг үзэх хувь Жулиод тохионо. Дараагийн нэг бүлэгт Монголд өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйлс бичигджээ. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдлөө, Берлиний ханыг нураалаа, социалист лагерь үгүй боллоо. СССР-т өрнөсөнтэй төстэй үйл явц Монгол оронд бас өрнөж байна.

Москвад хамт суралцаж байсан Эсмералда гэдэг ангол эмэгтэй Жулио руу утасдаж уулзая гэжээ. Юу гэвэл Жулиогийн монгол охин хүнтэй гэрлэж хоёр зээ нь Кубад байгаа тухай мэдээ түүний чихийг дэлсэх нь тэр. Олон жил амьдын хагацал үзэж, зовж шаналсан сэтгэлээ дэвтээхээр Жулио Кубыг зорьжээ. Зорьсон хэргээ ч бүтээв. Жулио нутагтаа буцаж, өдөр тутмын ажил амьдрал үргэлжилнэ. Гэтэл нэг өдөр хайрт Сарангэрэл нь утсаар ярьж Ангол руу явах тухайгаа мэдэгдэнэ, виз авахад туслалцаа хүснэ. Жулиогийн охин Алтан ч мөн аавынхаа нутагт хөл тавина. Аав, ээж, охин гурвын аз жаргалтай уулзалт төдийлөн олон жил үргэлжилсэнгүй. Жулио эдгэшгүй хүнд өвчин туссан байлаа…

“Тэгш өндөрлөг ба тал нутаг” номын нээлт 2006.06.26-нд зохиогджээ. Зохиолч португалын телевизэд ярилцлага өгчээ.

-Номын гол баатрууд бодит хүмүүс үү? Тэдний талаар товч ярьж өгнө үү?

Би номдоо бодит түүх өгүүлсэн. Гол баатар нь миний анд найз юм. Би түүнийг 14 настайгаасаа мэднэ. Бид хоёр амьдралынхаа туршид мөр зэрэгцэн явсан улс. Португалаас хоёулаа оргож гарсан. Анд маань Марокко руу, би Алжир руу зам салсан. Тэр үед бид хоорондоо харилцах боломжгүй байсан учир бие биенийхээ тухай сураг сонсох төдий өнгөрсөн дөө. Бүр хожим анд минь монгол эхнэртэйгээ эргэж уулзаад надтай танилцуулсан. Тэр үеэс эхлэн тэдний тухай ном бичих бодол төрсөн дөө. Гэтэл бичиж эхэлсэн зохиолуудаа дуусгах, бас бус ажил байсан учраас дээрхи санаагаа хэрэгжүүлж чадахгүй хэдэн жилийн нүүр үзсэн. Гэтэл анд маань биднийгээ орхин үүрд одсоноос хойш ном туурвихаа хойшлуулж болохгүй гэж хатуу шийдсэн дээ.

-Энэ номын аль хэсэг нь, юу нь бодит амьдралд тулгуурласан бэ?

Үйл явдал нь яг болсон явдал, хүмүүсийн нэрийг нь өөрчилсөн. Тухайлбал гол баатар Жулио нь миний цэнхэр нүдэт найз Пирикаш юм шүү дээ.

-Жулиогийн жинхэнэ нэр нь?

Генерал Жорж Пирес.

-Монгол эмэгтэй нь хүнтэй гэрлэсэн гэдэг нь үнэн үү?

Үнэн. Нэр нь Сүрэн. Энэ ном дээрээ дурсгалын хэдэн үг бичээд Сүрэндээ өгнө гэж бодож байгаа. Уншаад их гайхах байх даа.

-Кубад Монголын ЭСЯ-нд ажиллаж байсан гэв үү?

Тиймээ. Кубад ажиллаж байсан юм билээ. Хувийн амьдралыг нь сонирхоогүй. Учир нь энэ бол намтарчилсан биш, болсон үйл явдалд үндэслэсэн уран зохиол. Зохиолоо бичихийн тулд Google Earth -ээс зарим мэдээлэл хайх шаардлагатай болсон. Монголын байгалийн талаар судалсан, ингэхдээ Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болохыг мэдэж авсан.

-Номын нээлтэд Пирикашийн хамаатан саднууд ирсэн үү?

Тэгсэн. Пирикашийн ах нар, тэдний хүүхдүүд гээд бүгд ирсэн, сэтгэл нь их хөдөлсөн байна лээ. Пирикашаар их бахархадаг нь харагдсан шүү…

Нийтлэлчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв 

 

 

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …