Оскарын шагналт жүжигчин Жереми Айронсын амьдралын зарчим

Английн жүжигчин Жереми Айронсыг кино урлагт дурлагсад андахгүй. “Оскар”-ын шагналтай тэрбээр өдгөө 70 настай. Шекспирийн театрт жүжигчин байсан түүнийг 1981 онд телевизийн цувралд тоглуулсан нь дэлгэцийн урлагт хөл тавих гараа нь болжээ. Үүнээс 10 жилийн дараа буюу 1991 онд Жереми Айронс “Хувь заяаны эргүүлэг” кинонд гол дүр бүтээсэн. Ийм нэгэн хүний амьдралын зарчмыг “Esquire” уудалсныг товчлон хүргэе.

Миний тоглосон кинонуудаас өндөр орлоготой байсан нь нэг ч үгүй. Би өөрийн ажилд хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй. Хэрэв би гэнэт ажилдаа сэтгэл хангалуун болж, таашаал мэдэрвэл төгсгөл минь иржээ гэсэн үг.

Нэгэн хэвийн амьдрахаас илүүтэй жүжигчин байх нь амархан даа. Жүжигчин хүн зураг хаана авахуулах, театр хаана байдгийг, энэ бүхний эцэст юу болохыг бүгдийг мэднэ. Муу, бүтэлгүй хүмүүс миний амьдралаас хол байсан учраас жүжигчний сониуч зангаар би тэдэнд татагддаг.

Жүжигчдэд нэг том давуу тал бий. Тэд харьцуулж, эсрэгцүүлэн ургуулан бодох чадвар илүү байдаг нь мэргэжлийнх нь давуу чанар. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүнийг үгээр шархлуулах амархан. Тэр утгаараа жүжигчид сэтгэлийн “донсолгоотой” хүмүүс.

Би тэмдэглэл хөтөлдөг. Гэхдээ өдөр болгон юм бичихгүй л дээ. Тэр дэвтэрт зүйр үгс, оновчтой хэллэг зэргийг тэмдэглэдэг юм. Ихэвчлэн “Чи хэн бэ” гэдгийг сануулсан үгс бий. Жишээ нь, “Хуулиас гадуур амьдрахын тулд чи бурханлаг байх ёстой” гэсэн үгийг би онцгойлон бичсэн байгаа. Би үнэхээр тэр хууль дүрэм гэдэг зүйлд дургүй. Гэхдээ хуульчлан тогтоосон журам, дүрэмд дургүй байлаа ч хүн сэтгэл доторх хууль, мөн чанараа сонсож, түүнээс гажихгүй явах ёстой гэж боддог. Байгалиас заяасан код буюу хүн чанараа эрхэмлэх нь чухал гэсэн үг л дээ. Ингэснээр хүмүүс нэгнийхээ амар амгаланд саад учруулах эрхгүйгээ ухамсарлах юм.

Өөрийн дуртай зүйлээ хийгээд, бусдад саад болохгүй, хүмүүс ч надад түвэг болохгүй тийм л ертөнцөд амьдрахыг хүсэж байна. Хүн өөрөөрөө байж чаддаг тийм л газрыг хүснэ. Залуудаа “50 нас хүрээд нэг сайхан усан онгоцтой болж, найз нартайгаа хэд хоног аялна” гэж боддог байлаа. Далайд ганцаараа аялахдаа би их сандарч, бухимддаг. Далай үргэлж хүнийг хүлцэнгүй, даруулгатай болгодог учраас тэр байх л даа.

Би өчүүхэн жижиг зүйлд ч баярладаг. Өглөө сэрээд, эсвэл нартай сайхан өдөр цонхоор харахад ч ер бусын баяр баяслыг мэдрэх нь бий.

Тансаглал гэдэг миний хувьд, үргэлж мөрөөддөг хэрнээ өөртөө тэр бүр боломж олгодоггүй тийм зүйлийг хэлэх байх. Юу гэмээр юм бэ дээ, онцгой ялгарал ч байж мэднэ, тэр тансаглал гэдэг нь. Жишээ нь, би өнөөдөр сайн чанарын виски уулаа. Гайхалтай сайхан эд юм гэж мэдэрлээ. Хэрэв би өдөр бүр тэр гоё зүйлийг хүртдэг бол сайхныг нь мэдрэхээ болино биз дээ. Тэгэхээр тэр вискиний үнэ цэнэ алга болж, тансаг зүйл байхаа болино гэсэн үг.

Би шинэ зүйлд, бас хотод дургүй. Би чинь шал хөдөөний амьтан шүү дээ. Том хотод байхдаа би гайхаж, бас бахархдаг л даа. Тэнд хаагуур, яаж явах нь бас л ухаан шүү.

Хүн бүрт цаг хугацааны машин байдаг. Биднийг заримдаа өнгөрсөн үе рүү буцаадаг. Түүнийг бид дурсамж гэж нэрлэдэг. Харин ирээдүй рүү аваачих үеийг бид мөрөөдөл гэдэг юм.

Би ер нь их азтай. Надад чухам юу хэрэгтэйг их эрт мэдэрч, мэдсэн учраас азтай байгаа юм. Мөн би үнэ цэнэтэй байхын тулд үргэлж тэмүүлж ирсэн учраас аз намайг дагасан гэж боддог. Гэхдээ нэр алдар, эд хөрөнгө, ялалтын төлөө улайран зүтгэх нь буруу гэж боддог. Тэгж олсон бүхний үнэ цэнэ эргэлзээтэй. Хэдийгээр ялалт үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл ч гэсэн улайран зүтгэхийг зөвтгөхгүй. “Нэр алдар гэдэг бол чиний мэддэгээс илүү олон хүн чамайг танихыг хэлдэг юм”. Том Стоппардын энэ үгийг би хэдэнтээ давтсан ч уйдахгүй. Үнэхээр мундаг хэлсэн байгаа биз.

Хүн болгон чамтай санал нийлж, чиний үгийг сонсож, хүлээн авах албагүй гэдгийг эрт ухаарах тусмаа сайн.

Би их адармаатай, яршигтай хүн. Эхнэр маань ч амаргүй нэгэн. Тиймээс хамтдаа амьдрахад амаргүй л байдаг. Ер нь гэр бүл болох нь амархан зүйл биш байх, хүн бүрийн хувьд. Хэдийгээр тийм ч гэсэн хүмүүс хамтын амьдралын бэрхшээл, зөрчлийг даван туулах бүрт харилцаа улам хүчирхэг болдгийг мэддэг байх.
Жүжигчид үргэлж хүүхэд шиг аашилдаг учир нь тэд балчир насаа орхихыг хүсдэггүйтэй нь холбоотой. Харин би том хүн болохыг хүсдэг.

Би хүн төрөлхтөнд нэг энгийн асуулт тавимаар байна. “Бидэнд ирээдүй байгаад үнэхээр итгэдэг үү” гэж. Яагаад ингэж асуув гэж үү. Миний бодлоор, ирээдүй гэх зүйл байхгүй, тэр талаар хүмүүс бодохоос айдаг.

Ер нь хүн төрөлхтөн оршин байх асуудалд би бодитоор хандахыг хүсдэг. Бүх зүйл сайхан байна гэдэг чинь эсрэгээрээ муу болж буй хэрэг.

Бидний явж буй энэ замын эцэст дарангуйлан захирах дэглэм байгаа нь тун тодорхой байна шүү дээ. Миний бодлоор , хүмүүс хоорондоо эвтэй найртай, нэгнийгээ хүндэлдэг байхад л аливаад хориг, саад тавина гэсэн асуудал гарахгүй.

Махран зүтгэнэ гэдэгт би нэг л итгэдэггүй юм. Хэрэв үнэхээр боломжгүй, зүтгээд, махраад ч болохгүй зүйлийг болгох гэж муйхарлаад нэмэр бий юү. Цаг нь ирэхээр өөрөө бүтнэ гэж боддог. Тэр цагийг хүлээсэн нь дээргүй юү.

Ер нь аливааг хийхдээ эхлээд зөв онилж байж сумаа тавих хэрэгтэйг ойлгох ёстой. Зорилгоо тодорхой болгоод бууд гэсэн үг. Та сая миний гар үүргээ хэр биелүүлж байна вэ гэж асуусан уу? Энэ хэд үүргээ сайн биелүүлдэг. Сайн цэцэрлэгч, бас амжилттай ажилчин, болоогүй ээ, төгөлдөр хуур тоглочихно. Гитарыг ч гайгүй балбачихна. Би яг л галуу шиг дуулж, бүжиглэдэг хүн дээ.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …