Дорнод аймагт ихэр ботго төржээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго төржээ.

Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байна. Нийтдээ 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог. Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэлээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, “Мөнгөн буйл”, өргөмжлөл гардуулав.

Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Түүний аав Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Монголын радиогийн сурвалжлагч ахмад сэтгүүлч Л.Хэрээ Дорнод аймгийн тэмээн сүргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн хүн юм. Тэр ч утгаараа тал нутагт нэгэн зуунд ганц удаа тохиох ховор аз түүний хүүд “олдсон” ч байж мэднэ. Тэрээр “Уул ус, хангай дэлхий минь түшлээ. Манай тэмээн сүрэг өвөл хаврыг өнтэй давж, ихэр охин цагаан ботгоор өсөж үржлээ. Хэдэн мянган тэмээтэй газарт ч ховор тохиол учир ихэд бэлгэшээж байна” гэсэн юм.

Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Дорнодчууд Төрийн хошой одонтой, хоёр сая малтай, хос цагаан ботготой боллоо хэмээн бахархаж, төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулах аж.

Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны 2 дугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн “Галуут” нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс ихэр ботго төрж байжээ.

Дорнод аймаг

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. zocin says

    xoo uamar xoorxon medee be

  2. Anonymous says

    YAANAA NUGUU HUJAANUUD AVAAD ALAH BAIHDAA

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.