Оросын залуу үе Монголчуудыг юу гэж тодорхойлдог вэ

Ерэн оны нийгмийн өөрчлөлтөөс хойш цаг үе ч, нөхцөл байдал 180 хэм өөрчлөгджээ. Бидний “ах нар” гэж өөриймсгөөр дууддаг байсан тэр оросууд маань одоо шал өөр ард түмэн шүү. Арга ч үгүй биз. Капиталист нийгэмд ороод бараг гучин жил болж байна. Нийгэм өөрчлөгдөхөд дагаад хүмүүсийн сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэл бас өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Хуучны интер­националч үзлээр хүм­үүж­сэн, “социализм”-ээс өөр элдэв янзын “изм”-ээр өвчлөөгүй байсан тийм орос “ах нар” гэж одоо байхгүй. Үхээд дууссан нөгөө хэсэг нь үзэл бодол нь өөрчлөгдсөн. Хэрвээ та орос хэлтэй бол тус орны интернэт сайт, хэвлэл мэдээллээс энэ бүхнийг харж болно. Орос хэлгүй бол “Ах нар”-ыг битгий төсөөлөөрөө магтаж бай. Орос хэлтэй хүнээс асуух хэрэгтэй. Оросын залуу үе, хойч үе өдгөө Монголын тухай та биднийг доромжилсон, тэнэг балгайгаар дуудсан нийтлэл, санал хүсэлт дүүрэн байдаг. Ялангуяа Монголын Засгийн газрын гишүүд ОХУ-д айлчилсан эсвэл хэн нэгэн сэтгүүлч та бидний талаар бичсэн тохиолдолд иймэрхүү коментууд байдаг юм.

…“Ха ха тэнэг Монголчууд, тэд чинь тусдаа улс биш биз дээ, хятадтайгаа нэгдчихээгүй бил үү?”, “Монголын талаар сонсолгүй мянган жил болсон байна, тэнд интернет байдаг юм уу?”, “Монголчууд усанд ордоггүй дээлтэйгээ унтдаг бас бөөстэй хэвээрээ гэсэн” гэх мэт. Заримдаа бас биднийгээ “Монголчууд чукчаагаас тэнэг ард түмэн” (зөвхөн монголчуудыг биш бас дундад азичууд, кавказчууд, бас манай төрөл нэгт буриад, халимаг, якут, чукча нарыгаа бас тэгж доромжилно. Ихэнх тохиолдолд оросын ард түмэн монголчууд та биднийг “тэнэгүүд”, “дебилүүд” гэсэн санааг илэрхийлнэ л дээ. За энэ ч яах вэ, зөвхөн биднийг онцолж биш бас бусад славян бус үндэстнүүдээ ч ингэж доромжилдог гээд тайвширъя. Гэтэл болоогүй ээ. Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагуулалт гэж нэг сэдэв Оросуудын дургүйг их хүргэнэ. Энэ бол оросууд залуу эрдэмтэд, оюутнууд хойч үеийн хамгийн дургүй үсийг нь өрвийлгөдөг сэдэв. Ялангуяа Бат хаан Орос болон тэр хавийн бусад улсыг дайлаар мордсон тухай түүхийг сонсохоороо ихэнх орос “энэ бол худал зохиомол үлгэр, баруун европынхон агуу Орос орныг маань сул дорой харагдуулах гэж энэ мэтийн үлгэрийг зохиосон” гэж бат итгэлтэй хэлдэг. “Хаана байна тэр мундаг байлдан дагуулагч Монгол чинь?” гэж ам асууна. “Дэлхийн түүхэнд Монголын Эзэнт Гүрэн гэж огт байгаагүй ээ, яс юман дээрээ славян-арийчуудын эзэнт гүрэн байсан юм” гэж л авна. “Бөөсөндөө баригдаж, тэмбүүндээ идэгдсэн, намхан нуруутай, майга хөлтэй туйлын царай муутай монголчууд яг Дэлхийн талыг эзэлж харагдаач. ха ха ха” гэж шоолно. “Монгол морь гэж энэ жижигхэн одой амьтан яг Дэлхийн талыг яаж эзлэх вэ дээ” гэж тохуурхана. “19-р зуунд анх оросууд Монголд очиход монголчууд Чингис Мингис гэх ямар ч хүнийг мэддэггүй байсан, тэдэнд бичиг үсэг ч байгаагүй, түүхийн ямар ч дурсгал, археологийн олдвор Монголын нутаг дээр байгаагүй, тиймээс Монголын байлдан дагуулал гэдэг бол зүгээр худал зохиомол зүйл” гэж тунхаглана. Харамсалтай нь ихэнх оросууд ялангуяа залуус нь энэ үзлээр хүмүүжиж байна. Түүх мэддэг, юмыг бодитоор харж эрүүлээр сэтгэж чаддаг хүмүүс тэдний дунд цөөхөн. Гэхдээ интернетээр сэлгүүцэх олон оросын дунд тийм хэд нь үнэндээ цөөхөн учир дуу хоолой нь бараг сонсогдохгүй болчих гээд байдаг. Ерээд оны үед Фоменко, Носовский гэх хоёр нөхөр “Новая Хронология” (“Шинэ түүх” эсвэл “Жинхэнэ түүх” гэж орчуулвал зохилтой) гэж нэг онолыг гаргаж ирснээс хойш жирийн оросуудын дунд түүхийг үгүйсгэх, ялангуяа Монголын эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг үгүйсгэх үзэл халдварт өвчин шиг л тархаж байгаа юм.

За энэ ч бас яах вэ, тэд төрсөн газар шороон дээрээ лаагаа ч иднэ үү , луувангаа ч иднэ үү өөрсдийн хэрэг. Одоогийн ядмаг монголчууд дээр үед оросыг эзэгнэж байсан гэхэд хэн л дуртай байв гэж дээ. Манай цэрэг армийн талаар ямар нэг таатай мэдээ гарахаар “ах нар” бас л базаахгүй зүйл хэлнэ. “Монголчууд Афганистанд энхийг сахиулж байна” гэсэн мэдээний дор оросууд “Өө энэ хямдхан монгол махнууд НАТО-ийн сумны гол болж явна зайлуул” гэнэ. “Монголчууд олон улсын ийм тийм цэргийн үйл ажиллагаанд оролцож байна” гэхээр “Өө эд нар чинь нусаа гоожуулаад гутлаа чирээд тоос бужигнуулаад гүйдэг арчаагүй амьтад байсан хэдийдээ ийм болчихсон юм, чөтгөр лүүгээ тонил” гэнэ. Нэг иймэрхүү л дүр зураг, ташаа үзэл санаагаар оросын залуу үе өсөж өндийж байна. Гэтэл монголчууд та бид “Орос ах” гээд л шүлсээ үсчүүлээд, төсөөллөөрөө магтан дуулаад гүйгээд байдаг. Оросуудыг муулах гэсэнгүй бас оросуудтай муудах хэрэггүй, тэд биднийг хэн гэж дүгнэдгийг мэдчих. Тэгээд л дараа нь магтах, тахин шүтэх чинь таны дурын хэрэг.

Эх сурвалж:  “Рikabu.ru”,“livejournal.com”, “topwar.ru”, “yaplakal.com”, “otvet.mail.ru”, “cont.ws” 

Орчуулсан Балт Баяр

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …