IELTS-д гурван сарын дотор бие даан бэлдэх үнэгүй материал болон ерөнхий төлөвлөгөө

Залууст хамгийн эрэлттэй мэдээллийн нэг нь IELTS -ийн шалгалтанд үр дүнтэй бэлтгэх зөвлөмжүүд байдаг. Тэгвэл бид энэ удаад IELTS -ийн шалгалтад бэлтгэх багшаар ажиллаж байсан Э.Хишигжаргалийн блогоос зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр дараах зөвлөмжийг хүргэж байна.

Бие даан бэлдэх гэхээр сүрдмээр сонсогдож магадгүй. Мэдээж хүн бүхэнд л зүг чиг хэрэгтэй. Гэвч шалгалт өгч гадаадад сурах гэж байгаа бол эхнээсээ бие даагаад сурвал сайн.

Учир нь энэ шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг ихэнх орны их сургуульд профессор нь өдөр бүр “Дасгал 23–29-г хий” гэж хэлэхээс илүү профессорын өгсөн ерөнхий чигийн дагуу оюутан өөрөө судалж, суралцаж явдаг сургалтын системтэй.

Нөгөөтэйгүүр сургалтын төвүүд сайн чиглүүлж, даалгавраа цаг тухайд нь хийх тал дээр анхаарч, тодорхой ахиц гарах нь дамжиггүй. Хэрэв та эхлүүлчихээд л хаяад байдаг бол багш дээр очсон нь дээр болов уу.

Би өөрөө IELTS -ийн хичээл заадаг байсан болохоор ч тэр үү, манай залуучууд хичээхээрээ хүссэн зүйлсдээ хүрч болно гэдгийг нүдээрээ харсан. Нөгөөтэйгүүр хүмүүст хамгийн энгийн байдлаар хэрхэн заавал сайтар ойлгож, үр дүнтэй байх тал дээр толгойгоо нэлээд гашилгаж энэ тэндхийн видео, блог, номнуудыг ихэд сөхөж хардаг байлаа. Нэгэнт л олоод авчихсан мэдлэг хойно олон нийтэд түгээхгүй бол алдас болно. Нөгөөтэйгүүр тэтгэлэгтэй магистрт сурч байгаа болохоор олон залууд илүү их боломж олдоосой гэж хүссэн юм.

Харин та өөрийгөө сориход бэлэн бол интернэтэд байдаг дараах үнэгүй сурах боломжуудыг ашиглан шалгалтандаа бэлдээрэй. Гарчиг дээрх болон доторх улаан холбоос дээр даран шууд тухайн сайтууд руу зочлох боломжтой.

1. edX — IELTS Academic Test Preparation

Онлайн сургалтууд гэж зөндөө сонссон байх. Тус үнэгүй онлайн сургалт нь шалгалт өгөхөд шаардлагатай чадваруудыг хамгийн багаас нь заадгаас гадна шалгалтын тухай ерөнхий ойлголт, тодорхой стратегиудыг танилцуулна. Хамгийн чухал хэсэг нь IELTS-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн санг бий болгож, 10 хэсэг бүхий амархан дасгалууд болгон хуваасанд оршино.

2. Cambridge Grammar for IELTS

Дүрмээ сайжруулангаа IELTS-д бэлдэх боломжтой.

Учир нь шалгалтын асуултууд, материалыг Present Simple-с Clauses хүртэл дүрэмтэй уялдуулан нэг сумаар хоёр туулай буудах боломжийг олгож байгаа юм. Мөн өөрийн дүрмийн мэдлэг, түвшнийг шалгах шалгалтыг нь бөглөж зөвхөн алдаа гаргасан дүрмүүдээ түүвэрлэн судалж болно. Боломжтой бол энэ номыг худалдаад аваарай. Бүр ямар ч боломжгүй бол эндээс татаж аваарай.

3. IELTS Trainer

IELTS, TOEFL өгөх стратегийг сайтар судалснаар таны шалгалтын оноо байж болох хамгийн өндөр түвшиндээ очих боломжтой.

Тэгвэл шалгалтын хэсэг бүрт ямар асуулт байдаг, тэдгээрт нь ямар стратегиэр хариулах вэ гэдгийг жинхэнэ шалгалтын материалууд дээр ажиллаад явдаг. Түүнчлэн 4 оноо авсан, 8 оноо авсан жишээ эсээнүүд хүртэл байдаг. Энэ номыг дүрмээ үзсэнийхээ дараа ашигласан нь дээр. Интернэтэд үнэгүй тавигдсан зүйлийг хуваалцахаас өөр аргагүй. Энд дарж татна уу.

Нөгөөтэйгүүр тус номыг худалдан авбал мэдээж номын зохиогчдод нь цаашид улам сайн бүтээл туурвихад нь тустай.

4. Understanding IELTS: Techniques for English Language Tests

Бие даан бэлдэх явцад тулгардаг хамгийн том асуудал бол эсээ, ярианы хэсгээ шалгах боломжгүй байдал билээ.

Тэгвэл IELTS шалгалтыг бүтээгч British Council-с санаачилсан үнэгүй онлайн сургалтыг санал болгож байна.

Үнэгүй хэрэглэгчид 8 долоо хоногийн турш тус сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд бусад оролцогчдоор өөрийн эсээгээ шалгуулж, яриагаа бэлдэх боломжтой юм. Тус веб хуудсанд бүртгүүлснээр бие даан бэлдэх стратеги бүхий үнэгүй ном дагалдах юм байна (Ерөнхий мэдлэгийн, IELTS биш).

5. British Council-н үнэгүй бүтэн шалгалт

Дүрмээ бэлдчихлээ, стратегиэ судалчихлаа, одоо жишиг шалгалтуудыг өгөх хэрэгтэй. Шалгалтыг зохиогчид өөрсдийн веб хуудсандаа өмнө нь ирж байсан жинхэнэ шалгалтын материалыг байрлуулжээ. Мөн нэтээс шалгалтын хуудас татаж аван бэлдвэл их хэрэгтэй бөгөөд шалгалтын хуудас бөглөхөд ч анхаарах зүйлс олон бий. Эндээс шалгалтын хуудас болон жишиг шалгалтыг мөн татан авч болно (IELTS.org сайт).

6. Cambridge English IELTS 1–12

Та бүхэн надаар хэлэлтгүй мэдэж байгаа байх. Албан ёсны бүтэн шалгалтуудыг эндээс олж бөглөх боломжтой. Хамгийн сүүлийн үеийхийг нь авбал сайн шүү (11, 12 гэх мэт). Гадуур зөндөө байдаг учир линк тавьсангүй.

7. Magoosh IELTS Vocabulary гар утасны аппликэйшн

Утаснаасаа салахаа больсон энэ үед утсаа хөгжөөнт тоглоомоор биш хэрэгтэй апп-р дүүргэх хэрэгтэй. Тус апп нь флаш карт маягаар бүтээгдсэн тул хэрэглэхэд хялбар. Үг цээжилснээр унших, сонсох, бичих, ярих гээд бүх л чадвар өсдөг юм.

ТА АМЖИЛТАНД ХҮРЭХ ЭХНИЙ АЛХМАА ХИЙХЭД БЭЛЭН ҮҮ?

Эхний хэсэгт ашиглагдах материалуудын талаар дурдсан бол энэ хэсэгт 3 сарын жишиг төлөвлөгөөг танилцуулж байна. Мэдээж хүн бүхэн өөр сурах арга барилтай тул өөрсдөдөө тохируулан төлөвлөгөөгөө боловсруулаарай.

Дараах төлөвлөгөө нь intermediate, upper-intermediate түвшний хүмүүст зориулсан болно. Би ямар нэгэн оноо амлаагүй бөгөөд чиглэл хүсч байгаа хүмүүст зориулан энэ мэдээллийг гаргаж байна.

1-р сар

IELTS-д бүртгүүлэх
Олон нийтэд IELTS-д бэлдэж эхэлснээ мэдэгдэх (Facebook post), эсвэл найзтайгаа бооцоо тавих
Cambridge IELTS Grammar-н тестийг бөглөн алдсан дүрмүүд дээрээ ажиллах. Үүнийг давхар өөр дүрмийн номоор баяжуулж суралцахад тохиромжтой. Жишээ нь Grammarway-н 3 дугаар ном цагуудаа их дажгүй тайлбарласан байдаг бөгөөд дасгалууд нь ч хийхэд сонирхолтой. Багшийн хөгжлийн ордонд албан ёсоор борлуулж байгаа. Албан бусаар гадуур энэ тэнд харагдана.
Magoosh IELTS Vocabulary өдөрт 25 үг цээжлэх
Дүрэмт бус үйл үгийн жагсаалтыг хэвлэж 00-н өрөөндөө наах (би өөрөө анх ингэж цээжилж байсан юм — хүн 00-доо хана руу ширтэж асар их цагийг өнгөрөөх магадлалтай)
Долоо хоногт 3 англи хэл дээрх кино үзэх (киногоо subtitle -тай үзвэл дээр, нэг дор унших, сонсох чадварыг сайжруулахаас гадна нийгэм, соёлын мэдлэгтэй болж дараа нь бичиг, ярианы хэсэг дээрээ ашиглаж болно)
Бэлтгэл хэр явагдаж байгаа талаар англиар олон нийтэд долоо хоногт 1 удаа мэдээллэх

2-р сар

Түвшнээсээ хамаарч дүрмээ үргэлжлүүлэн бэлдэх
edX онлайн хичээлүүдийг хийх — 7 хоногт 1 бүлэг
edX үгнүүдийг татаж аваад цээжлэх, дасгал хийх
IELTS Trainer өдөрт 1 шалгалтны нэг дасгал (Test 1 Writing Tasks or Test 3 Reading Tasks)
Өдөрт 1 подкаст сонсох (эндээс Марлаагийн санал болгож буй жагсаалтыг хараарай)
Долоо хоногт 3 англи хэл дээрх кино үзэх
Бэлтгэл хэр явагдаж байгаа талаар англиар олон нийтэд долоо хоногт 1 удаа мэдээллэх

3-р сар

IELTS Trainer дуусгаагүй бол дуусгах
Cambridge IELTS номноос бүтэн шалгалтууд бэлдэж эхлэх — шалгалтын хуудас ашиглаж (шалгалтын хуудас бөглөх стратегиудыг нэтээс хайж уншаарай)
Сарын эхэнд гадуур явагддаг Mock Test өгч үзэх
Futurelearn хуудасны бичиг, ярианы хэсгүүдийг хийх
Magoosh GRE Vocabulary гар утасны апп өдөр бүр ашиглах
Өдөрт 1 подкаст сонсох
Долоо хоногт 3 англи хэл дээрх кино үзэх
Бэлтгэл хэр явагдаж байгаа талаар англиар олон нийтэд долоо хоногт 1 удаа мэдээллэх
Шалгалтын өмнөх бэлтгэл
Бүх юм сайхан болно гэдгийг санах
Шалгалтын өмнөх хоёр хоног нойр, хоол сайтай байх
Шалгалт хаана болох талаар маш сайн ойлголттой байх, боломжтой бол хэд хоногийн өмнө шалгалтын газар очиж үзэх, гэрээсээ тэр хүртэл хэдэн минут явж байгааг тооцоолох
Бичиг баримтаа авсан эсэхээ шалгах
Тайван байвал таны асуудлын ихэнх хувь нь шийдэгдэнэ
Тайван байх — чи энэ бүхнийг амжилттайгаар даван туулах болно (Манай нэг оюутан шалгалтандаа сайн бэлдсэн ч шалгалтын өмнөх орой сайн унтаагүйгээс болж толгой нь өвдөн, үүнээс болж сандраад хүссэн дүнгээ авч чадаагүй. Шалгалтандаа тодорхой хэмжээнд бэлдсэн бол чамд айх юм юу ч үгүй. Тэнд байгаа хүн бүр чамд туслах зорилготой гэдгийг санаарай — жишээ нь яриан дээр хүмүүс сандардаг, гэтэл ярианы шалгалт авч байгаа хүмүүс тань руу заавал инээж, найрсаг хандах ёстой байдаг бөгөөд таны найз л гээд бодчих. Хийж буй бичлэг нь чамайг биш шалгалт авч байгаа хүнийг зөв үнэлсэн үү буруу үнэлсэн үү гэж шалгаж байгаа асуудал юм.)

Түүнчлэн:

IELTS-н өндөр оноо авснаар бий болох гайхалтай ирээдүйгээ өдөр бүр төсөөл
Facebook-н хэрэггүй хуудсуудыг дагахаа больж, шинэ, хэрэгтэй хуудсуудыг дагаарай.
Өдөр бүр англи хэл дээр мэдээ унших — гар утасны Quartz апп, Buzzfeed г.м. хөгжилтэй аппууд зөндөө бий.
Өөрийн сурах арга барилыг олж байнга шинэ зүйлсийг туршаарай.
Англи хэлтэй найзуудтайгаа санаа зоволтгүй ярих, чат бичих — зөв хүмүүс чамайг юм сурах гэж байна гэж дэмжинэ үү гэхээс, шоолохгүй. Шоолсон ч алдаанаасаа суралцаад үргэлжлүүлээд давшаад байгаарай.
Гадуур явагддаг үнэгүй англи хэлний арга хэмжээнүүд, ярианы клубүүдэд очиж, идэвхтэй оролцоорой. Харин аль арга хэмжээнд очсоноор цагаа хамгийн зөв зүйтэй өнгөрөөх вэ гэдгээ сайтар судлаарай.
Хэтэрхий их мэдээллээр өөрсдийгөө бөмбөгдөлгүй аль болох урдах ажилдаа төвлөрч, сатаарахгүй байх хэрэгтэй. Харин амралт чухал учир долоо хоногт дор хаяж нэг удаа агаар салхинд гараарай.

Never miss a chance to do your absolute best!

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.