Бэр гуйх ёс

Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүн бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.

Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн

Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй.

Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.

Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг

Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан (өвөртөлсөн ч болно) хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.

Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл

Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин хоёр гэрлэсэн тохиолдолд ямар төвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.

Бэр гуйх хугацаа

Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо, 10 хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.

Бэр гуйхад хэлэх үг

Зарим хүн бэр гуйх, охиноо өгөхдөө “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрд “тоглох” ёстой юм шиг ойлгодог. Тэр бол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэд дэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ хоёрын харилцаа холбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаа товчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй.

Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ, ундаа

Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургууль соёлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аав ээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэр болохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмд орсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоёр биений мэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийн анхаарвал зохих зангилаа асуудал боллоо.

Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдон амьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд

Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)

Ёотон (урт гонзгой хайрцагтай)

Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)

Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?
Хадгийг эхлээд эцэгт (эцэг нь байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд нь барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүн рүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8-н тахилтай юм уу бурхантай)-ийг бурханд нь тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр буй цөцгийн болон айргийн тосноос багаханыг авч, цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна. Тегсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.

Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал

Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн, ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.

Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соёлын бараа, ээжид нь дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд нэг ширхэг зүйл өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр намд тохируулан (ахынхаае нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаад танайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь “манай охиныг гуйсан хүмүүс над 50 доллар, нэг шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийж өмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага балчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж түгээвэл зохино.

Бэр гуйхаар очсон хүмүүс идээ, архиа яаж байрлуулах ёстой вэ?

Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг гэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.

Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?

Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээ малгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа зооглож, хүртдэг.

Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл

Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.

Бэр гуйхаар ирсэн хүмүүст үзүүлэх хүндэтгэл

Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соёлын төвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэр өдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг билэгдэх үүднээс битүү хоол (бууз банш, хуушуур) хийхийг цээрлэдэг.

Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэ нь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөел тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулан бие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор тохирсон хоёр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоёрын алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их байнав тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдий чинээ их байдгийг анхаарвал зохино.

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. бод says

    эд барааг гуйж авдаг болохоос эрдэнэт хүнийг эд бараа мэт гуйж түүж наймайлах нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм.тэгээд ч гуйлга түүлэгээр биш хайр сэтгэлээр л гэр болдог биздээ.өдөр тутамдаа ёс заншилаа уландаа гишгэчихээд байдаг хэрэнээ ганц удаа ёсыг ёслохдоо буруугаар ёслох гээд байх юм.бэр гуйх,хүүхэн хулгайлах зэрэг нь хосууд хайр сэтгэлийн холбоогүй хөндлөнгийн хүмүүсийн шийдвэрээр нийлэж байгаа хэрэг мэт санагдахгүй байнуу?

  2. бод says

    эд барааг гуйж авдаг болохоос эрдэнэт хүнийг эд бараа мэт гуйж түүж наймайлах нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм.тэгээд ч гуйлга түүлэгээр биш хайр сэтгэлээр л гэр болдог биздээ.өдөр тутамдаа ёс заншилаа уландаа гишгэчихээд байдаг хэрэнээ ганц удаа ёсыг ёслохдоо буруугаар ёслох гээд байх юм.бэр гуйх,хүүхэн хулгайлах зэрэг нь хосууд хайр сэтгэлийн холбоогүй хөндлөнгийн хүмүүсийн шийдвэрээр нийлэж байгаа хэрэг мэт санагдахгүй байнуу?

  3. Anonymous says

    ЁС ЁМБОГОР ТӨР ТӨМБӨГӨР ГЭЖ ҮГ БАЙДАГ ЮМ за юу БОД SAYS минь

  4. МОНГОЛ ХҮН says

    ЁС ЁМБОГОР ТӨР ТӨМБӨГӨР ГЭЖ ҮГ БАЙДАГ ЮМ за юу БОД SAYS минь

  5. Зочин says

    Заншил шүү дээ. Нутаг нутгаар янз бүр л байдаг байх. Ямартай ч улиг болсон Чингисийн үеэс эцэг хүн гуйлганд явах тэрчлэн охиноо хүргэж өгөх зэрэгт явахгүй буюу тусдаа өөр хөсгөөр явах ёс нийтэд түгээмэл байдаг. Тэхээр хадаг тавих ёсонд хамгийн түрүүнд том авга ах, түүнийг орлор авгын талын эрэгтэй байх нь нийцтэй. Дараа нь том хүргэн ах явж болно. Тэгээд төрсөн ах юмуу дүү аль нэг эр хүн оролцвол зохино. Ингээд 3-4 хүн хадаг тавих ёслолын бүрэлдэхүүнд орно. Монголчуудын уламжлалт ойлголтоор бол хаан төрийн ёсыг гүйцээж яваа хэрэг болно. Тэр толгойлогч авга ах бол хааны ойрын шадар түшмэл болно. Хүргэн нь тавнан, чухамдаа дипломат ёсыг хамаарагч этгээд. Ах юмуу дүү нь бараа бологчийн үүргээр явж байгаа хэрэг. Ёсыг хэлэлцэхдээ хүргэн ах авга нарын аль хэлэмгий, ёс гадарлах, намбатай нь голчилбол зохино. За ингээд мэдээж огт танихгүй айлд очиж хадаг тавих ойлголт тэр балар Чингисийн цагт ч одоогийн орчин үед ч байхгүй нь тодорхой шүү дээ. Адууны хулгай, дээрэмчин, нохой явган, гахай нүцгэн харц доодос л тэгэж санаархсан хүүхнээ бие засч суухад нь шуудай нөмөргөн хулуудаг байсан байлгүй. Өөр боломж үгүй, ёс төр гүйцээхэд төлбөрийн чадваргүй юм чинь улс даяар энэ босгуулан авах арга хавтгай байж. Нэгэнтээ учир мэдэлцэх хүмүүс учир аль болох хууль зүйг хичээж аль найртай таалалтай байдлаар ёсоо гүйцээдэг байж. Тэхээр энэ нь уламжлалт заншил дээр суурилсан ёслолын ажил байжээ гэсэн үг. Тэр хожмын хулгайлдаг, босгодог буруулдаг аргад хаширсан харц доодос чингэж үнэ хүндгүйгээр хүүхнээ алдсандаа хорсож дараа дараагийн үйлд хаширжиж өөрсдийн нийгмийн байр суурийг сануулах амбийцдаа хөтлөгдөн худ талынхыг элдвээр баалдаг, төөрүүлдэг, зовоодог байдал даамжирсаар өдгөө нийтлэг түгээмэл байдал болж хадаг тавих ёс гэдэг аальгүйтэл, элдэв шалиглалын шинжтэй болжээ. Уг нь үүнээс тэс өөр юм байсан. Одоо манайхан яаж байна гэхээр хамгийн түрүүнд тэр ёслол дээр хэний тал илүү болохоо шалгаруулдаг нэг өрсөлдөөн маягийн юм болчихоод байгаа. Уг ёсоор ийм байдлыг огоот тэвчих учиртай. Тэр ёслол бол зөвхөн хосын ирээдүйн амьдралын эхлэл болох учир аль болох ёс ёмбогор, учир зүйн хувьд төгс болох учиртай. Аль ч тал тэгэж голлон шалиглаж элдвээр аальгүйтэх нь ёсонд хазгай хэрэг юм. Манайхан чинь болоогүй ээ, өөрсдийгөө хамгийн түрүүнд танилцуулж, голлон жүжиглэж, архи дарсаар ирсэн зочдыг халгитал гулгитал дайлахаа түрүүнд боддог. Огт ийм юм байж болохгүй юм. Бүр элдэв үгээр ирэгсдийг дайрч доромжлох явдал ч байдаг. Нэгэнт л хүлээн зөвшөөрөлцөж хадаг самбайндаа хүрсэн байж таарна шүү дээ. Тийм байтал ийм жүжиглэл хэрэггүй юм. Ер нь энэ бол найр биш, төрийн ёсыг ёслож буй хэрэг. Хүүхнээ аваачих, найрын ёсыг гүйцээх үед жинхэнэ цэнгэн хөгжилдөх учиртай. Үг яриа, төлөв байдал чухал. Харин хүргэний талын авьяасыг сорьж найрын гурван түрлэг явах нь зүй ёсны хэрэг. Бэрийн тал ч мэдээж дүлий дүмбэ суухгүй байлгүй. Түүнээс хэтэрч болохгүй. Ирвэл зохих цагтаа ирээд явбал зохих цагтаа ёс төртэй гарна. Архиар шахаж тэсвэрийг нь шалгадаг шинэ монголчуудын ёс бүр илүү. Учрахдаа хэлэлцэх үг их чухал. Мэдээж одоо бэлэн цэцэн хүмүүс тэр болгон түгээмэл биш учир хэв ёсны хэдэн үгийг тухайлан дурьдах нь зүйтэй. Амар мэндээ мэдэлцэн ширээнд суугаад цай идээ болно. Мэдээж энэ хугацаанд биесээ тэнсэн ажиглах процесс үргэлжилнэ. Бэрийн талаас хэрэг зоригийг асууна. Ингээд худын төлөөлөгчөөс ирсэн учраа ёс төртэй өгүүлнэ. Ингэмэгц мэндийн хөөрөг солилцоно. Огт танихгүй хүмүүс охиныг нь богтлон аваачих янзтай үед бол хөөргийг нь авахаас түдгэлзэх эрхтэй. Гэтэл одоо тийм юм үгүй. Хэв ёсоор хөөрөг солилцон ёслоно. Бүх юм өөрийн цаг, байртай, хэмнэлтэй, цаг хугацаатай явагдах ёстой. Бажгадаж сандарч, хий алдах ёсгүй. За ингээд төрт ёсны яриа хөөрөө эхэлнэ. Бэрийн талаас эдгээр илч нар хаагуур яаж явж ирсэн, замаарх нутаг усны ая зан, тэнгэр хангай ямар байгааг лавлана. Тэр дагуу төлөөлөгч хариулахдаа ихэвчлэн өдрийн сайханд, хангай дэлхийн үзсэгэлэнг биширч ирсэн найруулгатай ярих ба замаар таван хошуу мал тал дүүрэн бэлчиж, хүн зон амгалан налайж байгааг ихэд бэлэгшээж буйгаа илэрхийлэх ёстой. Ингэж илтгэсний дараа хадаг тавих учраа өөрсдийн найруулгаар илэрхийлж эцэгт нь барих буюу зөвшөөрөл хүснэ. Эцэгт мэдээж харшлах шалтгаан үгүй учир бэлгийн үгийг хариу гүйцээж шүтээн өөдөө зааснаар төлөөлөгч шүтээнд хадгаа тавина. Энэ бол хамгийн гол хэсгийн төгсгөл. Ингээд нүүр хагарч харилцан танилцах ажил эхэлж танилцсаны дараа биесийг идээ ундаанд урин дуу хуур эхэлнэ. Мэдээж хүргэний талаас эхлэн дугараа явах ба ээлжлэн барьсаар 3 түрлэгийг гүйцээнэ. 3 дугараа ч байж болно. Угтаа бол найрын эх дууг 3 түрлэгээр явах, 3 өөр найрын дуу дуулах ижил. За тэгээд хоол унд, дуу хуурыг боломжтой бол өөрсдийн хэлэлцсэн төлөвлөгөөгөөр явуулж болох ба аль болох байгаагаараа гэхдээ ёс төрийг хичээн ёсолно. Болж өгвөл найранд нийцтэй дуугаар эхэлбэл зүгээр. Элдэв завхай дууг тэвчвэл зүгээр. Хүргэний тал авьяасаа үзүүлэх тул боломжийн дуу хуурч, бэлгэч нэгнийг авч явах нь зөв. Хэлэлцэх үгс бол тэгээд өөрсдийн найруулгаар байж болно доо. Хамгийн гол нь монгол ёсоор ёс хэлэлцэхээс, тамхилахаас өмнө цайгаа бариад идээгээ амсуулах юм шүү. Цагаан сар биш шүү дээ. Төрийн тусгай ёс. Манай зарим практикт цайгаа ч амсалгүй ёсоо гүйцээж байхдаа биесдээ ихэрхснээс болоод ёсоо гүйцээж чадалгүй явах юмуу маш ичгэвтэр байдалд орж байсан явдал түгээмэл бий. Энэ чинь зочлох ёс, төрийн ёс гээд тусдаа байна шүү дээ. За тэгээд манайхан шинэ баячуудын /нялхсын/ өвчин тусч ямар ч найр ёслол дээр өөрийгөө үзүүлэх гэж хичээн голчилсоноос болоод элдэв гомдол, зүй бус явдлаар найр өндөрлөх нь эмгэнэлтэй бөгөөд түгээмэл болсон. Үүнийг л хичээх хэрэгтэй. Хадаг тавихад ч найр хийхэд ч. Хамгийн гол зүйл бол хосын хувь тавьлан цаашдын амьдрал бөгөөд эдгээр өдрүүдэд үүнийг л ёслож байгааг хүн нэг бүр ухамсарлах хэрэгтэй юм.

    1. Зочин says

      Манайхан зарим нь бүр хөөргөлж буй хөөргөндөө, тухайн хүмүүсийн эдлэлж хэрэглэж байгаад ихээхэн ач холбогдол өгч суудаг. Энэ огт биш. Зүгээр тэр хүмүүсийн чамирхаж гангалсан нь тухайн ажилдаа ач холбогдол өгөх гэж мэрийснийг л илтгэхээс өөр юу ч илтгэхгүй. Энд төрийн ёс л явагдах ёстой. Ёстой ямар ч үнэгүй шахуу чулуун хөөргөөр тамхилсан ч хамаагүй. Хамгийн гол нь бүх юм ёс горимоороо болж байна уу гэдэг нь л чухал. Хаа хамаагүй шахуу хүмүүс ирчихээд л аальгүйтээд байна уу, эсвэл даржин ч гэсэн төрт ёсоо ёслон гүйцээж чадаж байна уу гэдгийг тунгаах сэхээтэй байх хэрэгтэй. Ёс төртэй, намбатай, чадамгай, хий алдахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Охины талаас нэгэнт л байдал иймд хүрчихээд байхад худынхаа байдлыг голох, дээрэлхэх, доромжлох аяс байж болохгүй. Худаас аргагүйн хүчинд охиныг нь гуйж яваа ч юмуу, алив нэг дээрэнгүй танхай авирыг гаргаж болохгүй. Гял цал, дорой буурай даржин ахуй харшилж байсан ч ёсоо л гүйцээх ёстой юм шүү. Үг хэлээ хүртэл хичээ. Ганцхан өдөр, хэдхэн цагийн ажил шүү дээ. “За сайн байна уу?”, “мэнд амар байцгаана уу?”, “амар алжааж байна уу?”, “Сайн, сайн явж байна уу?”, “мэнд ээ, амгалан морилж явна уу?” “Өөдөө”, “дээшээ, дээшээ”, “гэмгүй”, “гялайлаа”. “Цай идээ болгоогтун” /цайгаа заавал эхэлж барьдаг, май, амс гэж гэж хэлдэггүй/, “идээ зооглогтун”. Цай идээ болсоны дараа бэрийн талаас “За, зүүсэн агссаныг нь харахад жирийн хэргээр яваагүй байлтай. Та бүхэн хаанаасаа хаа хүрч явна? Хэрэг зориг юунд билээ?” гэхэд Худаас “За бид төрийн хэргийг гүйцээж төрлийн хэлхээг бататгах их хэргийг сэдэн танайхыг зорьж яваа билээ.” Хэмээн хөөргөө барина. Энэ үест бэрийн талын ахлах хүн, эцэг нь тэргүүлэн хөөргийг гардан авч солилцоно. Энэ сацуу бэрийн талаас “Холын хүнээс сураг сонсож, ирсэн хүнээс үг дуул гэдэг. Та бүхэн хаагуур морилж ирэв?” Худаас ” За бид өргөө гэрээсээ гарсаар Алтай ханыг арлан, Хангай ханыг өвөрлөн, газрын хол усны уртыг үл ажран, зорьсон хэргээ эрмэлзэн аян замдаа сааталгүй явж ирлээ. Биднийг ийн аялж явахад араар дүүрэн ай түмэн адуун сүрэг багширч, хотгор дүүрэн хонин сүрэг зам хөндөлсч хангайн дэлхий байдал үзэмжтэй сайхан, хүн зон амгалан тэнүүн налайж байхуйд аянчин бидний сэтгэл тэнийж, зорьсон хэрэг бүтэмжтэй сайхан болж, залуусын амьдрал баяр хөөрөөр бялхаж байхын зөн болов уу хэмээн бэлгэдэж байлаа.” “За ингээд, өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан тухалж, хэрэг зоригоо төлөвлөж, хэтийн үйлээ эхлүүлэхэд минь та олон найртайгаар хүлээж бүхий дор ёс төрөө хэлэлцэе. Зэ, хун цэнгийн дэгдээхий өд жигүүрээн гүйцэхэд усны уртыг зорин нисдэг, хулан чихтийн унага шандас шөрмөсөө гүйцэхэд хошуу нутаг алгасан газрын холыг эрмэлздэг. Тэрчлэн хүний хүү эрийн цээнд хүрэхдээ төрийн хэргийг гүйцээн төрлийн хэлхэг сунгадаг эртний сайхан ёсон байдаг билээ. Тиймийн тулд энхрий үрсийнхээ заяа буяныг даатган эжий аав хоёрт нь бараалахан ирэхийн учир: Буга намнадаг нь манайд байна, булга зүүгээч нь танайд байна. Хольцоогүй хонгор шаргал алт нь манайд байдаг, хорвоод ховор сувд эрдэнэ нь танайд байна. Эдгээр үнэт эрдэнэсийг нийлүүлэн хамтатгаваас лус баярлаж, хурмаст цэнгэх лугаа таалалтайн учир өнөөгийн бэлгэ учрал бүрдсэн сайн өдрөө, тэнгэрийн өнгөт хадгаа барьж, ерөөл бэлгээн хэлэлцэн, идээний дээжээ өргөн барьж үнэт эрдэнэ юугаа хайрлан таалах боловуу хэмээн айлтгаж байна, Тогтоон авна уу” Бэрийн талаас “Өнө эртний үеээс төрийн хэргийг гүйцээх, түмний үйлсийг үргэлжлүүлэх эртний ёсыг дагах учиртай билээ, та бүхэн болгоогтун” гээд шүтээн өөдөө заана. Ингээд илч нь хадагныхаа амсрыг хойш харуулан шүтээнд тогтоох ба идээнийхээ дээжийг тавина. Бэрийн талаас “За, дуудах нэрийг эцэг эх дуурсгах нэрийг олон түмэн хайрладаг гэдэг билээ, та бүхний нэр алдар хэн болохыг тухайлж болгоогтун” гэхэд хүргэний тал нэг бүрчлэн цэгцтэй танилцуулах ба ихэрхэх, бардамнах байдал оруулж хэрхэвч болохгүй. Хүргэний тал “За эрхэмийн дээд эжий аав, ахан дүүсийнх нь алдар нэрийг сонсон баясая” гэхэд Бэрийн талын ахлаач хүмүүсээ танилцуулна. Бэрийн талаас “За, удам сайтын нүүр бардам, азарга сайтын хөхүүр дүүрэн гэдэг билээ. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, худын талын дуу хуурыг сонсоё” хэмээн идээ ундаагаа барихад хүргэний талаас эхлэн дугараа барина. Ингээд зохистойгоор бэлгэ ерөөлөө айлдаж, дуу хуур солилцсоноор зохист цаг болоход хүргэний талаас “За, эртний сайхан ерөөлөөр бид ураг бололцож, төрийн ёсыг гүйцэтгэлээ. Эртний ёсыг дагаж, эв найрыг хичээж, зорьсон хэргийг минь бүтээсэн та бүхэндээ гялайлаа. Ингээд орсон бороо арилдаг, ирсэн гийчин буцдаг жамтай билээ. Хол газрын аянчид бид замдаа гаралгүй болохгүй нь.Олноороо амар сайн сууж байгаарай. Дараа ирэхэд далай шиг цалгиж, буцаад ирэхэд булаг шиг ундарч, та бүхний ажил үйлс өөдлөн дэвжиж байхын бэлгэ ерөөлийг айлтгая.” хэмээн дараа баяртай учрах үгсийг хэлэлцэн ёсоо өндөрлөнө. Ёслолын дундуур аав ээжийг магтсан, таалалтай үгсийг хүргэний талаас харамгүй хэлж, гар цайлгах бэлэг, дурсгалын зүйлийг аав ээжээс нь эхлэн хүн бүрийг орхигдуулахгүй тараах ба хүүхдийн хувийг дутаалгүй өгөх ёстой. Загвар болгоход нэг иймэрхүү баримжаатай байхад бид ёс төрөө мэддэггүй хүмүүст тооцогдохгүй биз ээ. Заавал ийм байх албагүй гэхдээ энэнээс хол дооргүй л ёсолж өнгөрөөх хэрэгтэй болов уу. Хамгийн гол нь энд анзаарагдах зүйл бол хүргэний талаас ч тэр, бэрийн талаас ч тэр голчилсон үйлдэл явагдахгүй байх. Бүх юмыг ёс төр гэдэг юмаар уламжлаад байгаан. Өөрөөр хэлбэл нэг нь авах гээд байдгаараа царай алдсан, нөгөөх нь өгөх эсэх нь тодорхойгүй байх, гэдийх наймаацах ажил биш, төрийн ёсыг гүйцээх үүднээс бүгдээрээ дуулгавартай, тахимдуу байхыг л чухалчлах ёстой болж байгаа юм. Мэдээж ёсолж төрлөж авч байгаа юм чинь хэн хэндээ нэр хүндтэй, утга төгөлдөр байх нь ойлгомжтой. Энэ нь нөгөө талаас орчин үеийн нийгмийн харилцааны үндэстэй уялдаж ирнэ. Ерөнхийдөө нийгмийн харилцааны үндэс бол хүмүүсийн ёс журам, хууль зүйг дээдлэх үзэл тэрчлэн хүмүүсийн эерэг харьцаа юм. Үүнтэй ч гэсэн тойруугаараа монгол уламжлал нийцэж л байгаа хэрэг.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.