М. Алтанхундага: Зарим хүний хөргийг зурж байхад гар өвдөх, шөнө зүүдэнд орох явдал ч тохиолдож байсан

Энэ сарын 12-нд Монголын Уран Зургийн Галерейд “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэн дэлгэгдэнэ. Тус хөрөг зургуудыг уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага зуржээ. Түүнийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.

-Сайн байна уу? Танд хөрөг зургийн үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийх гэж байгаад баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

– Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Гурван настайгаасаа хойш Эрдэнэт хотод амьдарч байна. Ер нь багасаа урлаг, уран сайхны чиглэлийг дагнаж явсан. Бага байхдаа гараа гэмтээсний улмаас хичээлээ бичиж чадахгүй үзэг барьж чаддаггүй байсан, тийм болохоор олон нийтийн ажилд оролцдог байлаа.Түүнчлэн оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар Нүүдэл нэртэй хүүхдийн продакшн байгуулсан. Манай продакшн хүүхдүүдэд урлагийн чиглэлээр 13 төрлийн сургалт зохион байгуулдаг. Нийт арван жилийн хугацаанд 3000 гаруй шавь төгсгөсөн байна. Арван жилийн хүүхдүүдэд анхнаас нь суурийг нь зөв тавьж өгөхгүй бол эмзэг байдаг. Анхнаас нь суурийг буруу тавиад өгвөл насан туршдаа буруу тавилттай болдог. Тийм болохоор мэргэжлийн түвшинд биш юм аа гэхэд анхан шатны урлагийн тухай ойлголтыг ойлгуулахыг зорьж ажиллаж байгаа тийм залуу гэж өөрийгөө танилцуулмаар байна.

Зураач дотор олон төрлийн зураач байдаг. Та аль төрлийг дагнаж зурдаг зураач вэ?

-Ер нь бол хар зураг гэж ярьдаг л даа. Бүх зургийг харандаагаар зурдаг. Ихэвчлэн хөрөг дагнаж зурдаг гэж хэлж болно. Хөрөг зургаа зурж байгаад алсдаа бурхан бүтээх төлөвлөгөө, зорилготой байгаа.

– “Хүн” хөрөг зургийн үзэсгэлэн та бид хоёрын ярилцаж буй энэхүү галерейд ердөө долоохон хоногийн дараа дэлгэгдэх гэж байна. Таны үзэсгэлэнгийн зорилго юу вэ?

-Анх “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлсэн цагаас хойш нэвтрүүлгийн их үздэг байсан л даа. Яагаад вэ гэвэл бидний нэрлээд буй 100 эрхмүүдийг бид алдартай хүмүүс гээд яриад байдаг хэрнээ тэр болгон эдгээр хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралыг мэддэггүй учраас тус нэвтрүүлгээс мэдэх боломжтой. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн бүхий л дугааруудыг алгасахгүй үзчихвэл Монголын өнөөгийн нийгмийн амьдралыг тэр чигээр нь ойлгоно. Тийм болохоор Монгол Улсынхаа хэмжээнд хийж бүтээсэн, гавьяа байгуулсан эдгээр эрхмүүдийн түүхэн намтрыг олон нийтэд улам илүү танилцуулахыг хүссэн. Үзэсгэлэнгээ Монголын Уран Зургийн Галерейд гаргасныхаа дараа Эрдэнэт, Дархан хотуудад танилцуулна.

-Нэвтрүүлгийн оролцогчдын хөрөг зургийг зурахын тулд хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

-“Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг оролцсон 49 эрхмүүдийн хөрөг зургийг зурахын тулд 5-6 жил бодож төлөвлөж зурсан. Хамгийн гол нь нэг эрхмийг зурахдаа шууд зурахгүй, тэр хүний оролцсон нэвтрүүлгийн олон дахин үзэж, зурах гэж буй эрхмийнхээ талаар ямар нэгэн ойлголттой болсныхоо дараа зурдаг. Яагаад вэ гэвэл би тэр хүний талаар 100 хувь мэдэж чадахгүй. Ядаж өөрийнхөө хэмжээнд мэдсэнийхээ дараа л тэр хүний ойлголт миний дотор бий болж миний хурууны мэдрэмж, харандааны үзүүрээр эдгээр хүмүүсийн хийж бүтээсэн зүйл, сэтгэл хөдлөл, үзэл бодлыг зургаар илэрхийлэхийг хүссэн. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид миний зурагнаас тэр хүмүүсийн төрх, зан аашийг мэдрээсэй л гэж хүсч зурсан даа.

-Таны хөрөг зургууд бусдынхаас нэг өөр санагдлаа. Яагаад ийм хэлбэрээр зургаа зурах болсон бэ?

– Эдгээр хүмүүсийн амьдралын талаар мэдсэн ч 100 хувь таньж чадахгүй. Тийм учраас эдгээр хүмүүсийн хөрөг зургийг тал зурсан хэрэг. Нэг алдартай эрхэм хэлсэн байдаг л даа. “Би энэ хорвоогийн бүхий л зүйлийн утга учрыг олж мэдлээ. Ганцхан өөрийгөө л таньж мэдэж чадсангүй” гэдэг. Яг тэрэнтэй адил би ч гэсэн өөрийгөө 100 хувь таньж мэдээгүй байж, өөр нэгэн хүнийг таньж мэдсэн гэж хэлэх эрх надад байхгүй. Тийм учраас хөрөг зургийг нь тал бүтээсэн байгаа. Мөн зурагныхаа хажууд нэрийг нь бичсэн. Хорвоо ертөнц дээр хүний бие, нэртэй байж л бүтэн болдог. Хэзээ нэгэн үед насан эцэс болоход нэр нь үлддэг шүү дээ. Хэдийгээр тал зураг боловч, нэртэйгээ бүтэн зураг юм.

-Нэвтрүүлэгт нийт 49 эрхэм оролцсоноос тав нь эмэгтэй байсан. Тэгвэл та бүсгүй хүний гоо сайхан, дотоод ертөнцийг хэрхэн гаргахыг зорьсон бэ?

-Эмэгтэй хүнийг зурж байхад нэг л гэгээлэг мэдрэмж төрдөг. Тиймээс л гоо сайхныг харуулахыг зорьж зурсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст гаднах болон доторх гоо сайхан бий. Магадгүй эмэгтэй хүнийг зурахдаа дотоод гоо сайхан руу илүүтэй анхаарлаа хандуулчихдаг байх. Цэл залуу насандаа сайхан бүсгүйчүүд байсан ч одоо өтөлсөн. Гэвч харц нь яг л залуу үе шигээ, хэлж байгаа үг нь ч гэсэн ихэмсэг, бардам өөртөө итгэлтэй байсан. Надад эдгээр хүмүүсийг зурч байхад хөгширсөн гэсэн мэдрэмж огт төрөөгүй. Сэтгэл хөдөлж, хамтдаа догдолж байсан.

-Таваас зургаан жилийг зарцуулсан хөрөг зургуудаа эзэнд нь өгөх үү?

-Үгүй. Хүнд хорин хуруу байдаг. Энэ бүтэн тоо. Нэг нь дутвал утгагүй. Тиймээс миний бүтээлүүд хамтдаа л байх ёстой. Ингэж байж л цогц бүтээл болж чадна. Нэгийг нь эсвэл цөөн хэсгийг нь хүнд дурсгачихаар би дахиж тухайн үеийнх шигээ сэтгэж, бодож, зурж чадахгүй шүү дээ. Мөн зурлаа гэхэд өмнөхтэйгээ адилхан болж чадахгүй. Тиймээс миний зургууд хамт л байх ёстой.

-Яагаад үзэсгэлэнгээ “хүн” гэж нэрлэсэн бэ?

-“Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг оролцсон зочид амьдралынхаа хугацаанд хүн шиг амьдарч чадсан. Мөн би эдгээр хүмүүсийн “хүн байна” гэж харсан. Тиймээс л хөрөг зургийг нь зурахаар зорьж, бүтээлүүдээ хамтад нь “хүн” гэж нэрлэн үзэсгэлэн гаргаж байна.

-Таны баруун гар гэмтэлтэй. Гэтэл та энэ гараараа 49 хүний хөрөг зургийг сэтгэл хөдлөлтэй нь хамт буулгасан байна. Хөрөг зурж байх үед гар тань өвдөж, зургаа зурж чадахгүй үе тохиож байсан уу?

-Хүний энерги гэж байдаг л даа. Зарим эрхмийг зурж байхад гар өвдөх, шөнө зүүдэнд орох, толгой, нуруу өвдөх, эсвэл гэнэт өлсөх тохиолдол ч байдаг. Яг энэ хүн дээр тийм мэдрэмж төрсөн гэж хэлэх боломжгүй. Гэхдээ л одоо хөрөг зургуудаа хараад сууж байна. Тэр их ажлын ард гарчихлаа шүү дээ.

-Таныг өмнө нь бүжиглэдэг байсан гэж дууллаа?

-Зураг зурдаг хүн зөвхөн гарандаа уран байхад хангалтгүй. Сэтгэл зүрх, оюун ухаан, бүхий л бие махбодь нь урлагт зориулагдах ёстой. Миний баруун гар тохооноосоо урагш мэдээгүй болчхоод харандаагаа ч барьж чаддаггүй байсан. Тиймээс бүжгээр хичээллэж эхэлсэн. Гараа бүтэн болгохын тулд шүү дээ. Арваад жил бүжиглэж, урлагийн бүхий л салбарт өөрийгөө зориулсан. Энэ бүхнийг сураад байгаа цаад зорилго нь гараа хөдөлгөхийн тулд шүү дээ. Гэхдээ одоо би зургаа гараараа биш сэтгэлийнхээ тэнхээгээр зурж байгаа гэж боддог.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …