Холын Эрхүү хийгээд ойрын Хархорумоор зорчсон хос тэмдэглэл

Нэг. Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэгний анхны аялал

Хүн төрөлхтний зөн билиг, оюун ухааныг зузаатгах Хумхын эриний хараацайн жигүүр мэт шунгинан ирсэн шинэ оны босгон дээр Экологийн сэтгүүлчийн хувьд дээрх анхны аялалд оролцох азтай завшаан тохиолоо. УБТЗ дээрх чиглэлийн галт тэргийг олон улсын галт тэрэгний зурмаг тохирох хурлаар хэлэлцэж хил дээр зогсох хугацаа есөн цаг байсныг 1 цаг 30 минут болгон бууруулж, гурван улсын хилийн хэлэлцээрээр баталгаажуулснаар иргэд Улаан-Үүд, Эрхүү хот руу хурдан шуурхай, тохь тухтай, найдвартай унаагаар аялах боломж бүрджээ. Аялагчдад зориулан дотор зэхэлт, тохижилтоос гадна үйлчлэгчдийн дүрэмт хувцсыг хүртэл иж бүрэн шинэчилж ихээхэн ач холбогдол өгсөн онцлогтой аялал байв.

Аялалын багийнхан маань Эрхүү хотын их бүтээн байгуулалт, түүхэн дурсгалт газрууд, сонин сайхантай танилцахын хирээр бяцхан гунигийг зүрхэндээ нууж явлаа. Учир нь:

Манжуудын өвөг Зүрчидийг Монголчууд 13-р зуунд анх харъяандаа оруулсан бол 1636 онд Өвөрмонголын ноёдууд манжийн хааныг Монголын хаан гэж өргөмжлөн 1691 онд болсон Долнуурын чуулганаас Манжид бүрэн дагаар орсон гунигтай түүх байдаг. Тэд Мин улс, Солонгосын хойгийг, Түвдийг, бусад Монголчуудыг эзлэн авсан боловч 1911 онд Чин улсын төр унахад, хэрэв бид эвтэй, хүчтэй байсан бол Монголын газар нутаг, хүн амыг бусдад алдахааргүй л байсан гашуун бөгөөд үнэн түүх буй. (Оросууд эзэлж чадахааргүй л байсан)

Халхын баруун талд Засагт Хан, Хотгойдын Алтан Хан, Зүүн гар болж Түшээт хан, Цэцэн хан нар, түүнчлэн Халхын баруун талд Галданбошигтын эсэргүүцэл тэмцэл зэрэг нь хүчийг тарамдуулж эвийг эвдэж байлаа. Гэвч Байгаль орчмын Монгол нутгаа алдахгүйн тулд 1687 оноос эхлэн тэмцээд 1688 онд Мэргэн Дайчин тайжийн удирдлагаар 2000 цэрэг, харийн 300-аад хүнтэй зэвсэглэсэн хүчтэй тулгарсан байдаг… Тэр цагаас эхлэн Острог /шивээ/ гэсэн нэртэй модон цайзыг тэд барьж эхэлсэн ажээ. Угсаатны зүйн “Тальцы” ордон музей гэхэд л он дарааллаа 1694 оноос л эхлүүлж бичсэн байдаг буюу. Эзэн богд Чингис хаан маань Дэлхийн түүхийг тодорхойлж явснаас хойш таслагдан таслагдсаар одоогийн МУ-ын хил хязгаарын хүрээнд баригдаж үлдсэн эх түүх гэлгүйгээр Монгол үндэстний түүх хэмээн томоор харж Монгол хүмүүн бүр хичээнгүйлэн судалж мэдэх нь энэ цагийн нэн тэргүүний шаардлага буюу. Тэмдэглэх бас нэг зүйл нь Халх Монгол Манжид дагаар орсон тэр л үед төрийн зүтгэлтний алсын хараагаар урд зүгээс аюул ирж Сибирийг алдаж магадгүй байдал үүссэнийг мэдэрч Транссибирийн төмөр замын эхлэлийг тавиулсан III Александр хааны хөшөөнд Эрхүүд ирсэн хэн боловч хүндэтгэн залбирдаг ажээ. Бид ч мөн ёсыг гүйцэтгэлээ. Гэвч УИХ-аас 2010 онд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргахдаа их л зоримог шийдлийг харж тооцоолсон нь мэдээж. Сайншандаас- Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замын трассын ажлыг шороон овоолго болгон үлдээлгүйгээр ажил хэрэг болгосон бол өнгөрсөн зун, намрын хэдхэн сард Гашуун Сухайтын боомт дээр нэг улс, нэг зах зээлээс хамаарсан бараг 100 км үргэлжилсэн авто замын бөөгнөрөл бий болж асуудал хүндрэхээргүй л байлаа. Энэ салбарын яамыг удирдаж байхдаа тод томруун зорилготойгоор дээрх ажлыг эхлүүлсэн одоогийн Ерөнхийлөгчид төмөр замын салбарынхан их л хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч явах сайхан байлаа. Одоо ч их бүтээн байгуулалтын олон ажлыг санаачилж өрнүүлсэн энэ цагийн Ерөнхийлөгчөө дэмжиж нягтарч ажиллах нь Монголчууд бидний их хувь заяа, амны хишиг байлтай.

Хоёр. Хархоринд угтсан шинэ жилийн үдэш буюу залуусын эргэцүүлэл, хэлэлцүүлэг

…Монголын эзэнт гүрний нийслэл хотын хувьд Хархорум нь дундад зууны үеийн төв Азидаа томоохонд тооцогдох аж байдлын олон хэлбэр нэг дор бөөгнөрөн төвлөрсөн газар байжээ. Аливаа шинэлэг, таньж мэдэхгүй зүйлд туйлын нээлттэй, хүлээцтэй ханддаг Монголын хаадын дэмжлэгтэйгээр Хархорум 140 жил оршин тогтносны 40 жил нь эзэнт гүрний нийслэл байсан бөгөөд XIII-XIV зууны хамгийн олон янзын соёл, цаг үеийн урсгалууд хоорондоо тохирон зохицсон газар байсан гэдэг. Их эзэн Чингис хааны үед эхлэл нь тавигдаж Өгөдэй, Гүюг, Мөнх хаадын үед цэцэглэн хөгжиж байгаад 1260 он буюу Хубилай хааны үеэс нийслэл байхаа больсон энэ хот XVI зууны сүүлчээр Батмөнх Даян хааны ач хүү, Автай Сайн хааны санаачлагаар Ар халхад бурхны шашин дэлгэрүүлэх үйлсийг хөхиүлэн дэмжих бодлогын хүрээнд эртний их нийслэл Хархорумын ор суурин дээр Ар халхын анхны хийд- Эрдэнэзуу нэртэйгээр 1586 онд үндэслэн байгуулагдсан ажгуу. Их монголын нийслэл Хархорумын голомт нутаг-өнөөдрийн Хархорин сум нь 15000 хүн амтай, газар нутаг, мал аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал голлон хөгжсөн Хангайн бүсийн тулгуур төв болон хөгжин дэвжиж байна. Арвин баялаг түүхтэй Хархорин нутгийнхаа хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, хийж бүтээхийн төлөө зорилгоо нэгтгэж яваа сэхээтнүүдийн нэг бол Хархорин сумын “Нарийн хүр” багийн Улаан-Эрэг хэмээх газар 15 га газрыг ойжуулж, ойн санг үүсгэж ингэснээрээ амралт, аялал жуулчлалын эко-бүсийг бий болгосон 423дугаар ангийн Хурандаа Б.Төвшинтөгс даргатай хамт олон, түүний дотор МБОИЗ /Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл/-ийн “Эко-элч” ойн инженер О.Дуламсүрэн нараар нутгийнхан бахархана. Түүнчлэн нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Долгормаа нарын залуу эмч нарын санаачлага дэмжлэгээр салбартаа ажилладаг үйлчилгээний ажиллагсдын хүүхдүүд болон гэр бүлд хоёрдахь жилдээ шинэ жилийн “сюрприз” болгон бэлэг тараасан нь сумын хэмжээнд “ам дамжуулан” яригдах сайн үйлсийн эхлэл байлаа. 1911 оны Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Төрийн туг хиурыг чухамхүү энэ л өдрүүдэд Хархорумын ойролцоо орших Шанхын хийдэд тусгайлан тахидаг уламжлал эртнээс нааш байсан байна. Мөн нутгийн залуучуудын төлөөлөл болсон хэсэг залуус санаачлан дугуйн аялалын клуб байгуулаад сайн үйлсийн олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Хотын залуусыг бодоход хөдөөгийн хөрслөг залуучууд оюун санааны эрэлд гарч шинийг уншиж, ихийг мэдэж эргэцүүлэн хэлэлцэж олон ажлыг зэрэг зэрэг амжуулж байна. Тэд Монголын шилдэг сэхээтнүүдийн төвлөрөл болсон МОНЦАМЭ-ээс эрхлэн хэвлүүлсэн “Сионы Протокол” ном, Н.Сома багшийн “Алтан эрин үү, цахим гяндан уу…” номыг болон эдийн засгийн алуурчдын тухай орчуулгын “Хитмэний өчил” зэргийг уншиж хэлэлцүүлэг өрнүүлж цаг үеийн байдлыг мэдэрч Монгол эх орныхоо нийгэм эдийн засгийн хөрсөн дээр буулган хэлэлцэж  байгаа нь энэ л цагийн шаардлага ажээ. Монголын нийгэмд намаараа талцсан хэсэг бүлэглэлээс гадна ҮДК /Үндэстэн дамнасан корпорациуд/-ын гар хөл хэдийнэ бий болсныг олж харж, онож хэлэлцсэн нь сайшаалтай бус уу. Аль ч нийгмийн үед олон түмнийг соён гэгээрүүлэх, боловсруулах үүрэгтэйгээ ухамсарласан түүхийг түүчээлэгчид үеийн үед байсан, байсаар ч байх болно. Та нарынхаа оюун санааны эрэлд өөдрөг гэгэээлэг бүхнийг хүсэж он жилүүдийн уртад жолоо нь бүү цуцах болтугай гэж ерөөе. Жич: Ийм авъяаслаг оюунлаг залуусын үдэшлэг цэнгүүн зохиогдсон соёлын төвийн шороо тоосыг арчиж, шалнаас бөөн бөөнөөр босох тоос тортгийг цэвэрлүүлэх мэдрэмжийг олж хараагүй сумын удирдлага- Засаг дарга болон бусад нөхдүүдэд Равжаа Хутагтын айлдсанаар “Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг; Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг; Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг ичиг
гэж хэлье.

ЭКОЛОГИЙН СЭТГҮҮЛЧ, ДОКТОРАНТ  Л. ЧИМЭГ

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.