С.Сарантуяа: Өнөөгийн залуучуудын эх орноо хайрлах сэтгэлийг сэрээж, хөглөж өгөхийг хүссэн

Энэ удаагийн “Тэмдэглэл” булангийн маань зочноор МУАЖ С. Сарантуяа уригдлаа. Тэрбээр урлагийн салбарт олон жил сэтгэл зүрхээ зориулан ажиллаж яваа нэгэн билээ. Харин өдгөө тэр л сэтгэл зүрхээрээ хойч үедээ мартаж болохгүй түүхүүдийг уран бүтээлээрээ сэргээж үзэгч түмэндээ хүргэж байна.
-Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авсанд их талархаж байна…
Сайн байцгаана уу? Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.
-Хоёулаа яриагаа шинэ уран бүтээлийнх нь талаар  эхлүүлье. Түүхийн олон олон хуудаснаас яагаад  заавал Байтаг Богдын тулгаралтын түүхийг сонгох болсон юм бэ? Манай улс аль ч цаг үедээ түүхээр баян орон шүү дээ…
Яг үнэн. Манай улс үнэхээр түүхээр баялаг орон. “Маш нууц” төслийн  хүрээнд 2 дахь уран бүтээл маань “Байтаг Богд” уран сайхны кино болж байна. Манай улс хөгжлийн шатандаа яваа хэдий ч энэ цаг үеийн нийгмийн хөгжил нэг л сэтгэлд хүрэхгүй байна. Болж бүтэж байгаагаасаа болохгүй байгаа нь их харагдаж  байна шүү дээ. Миний өнцгөөс харахад  бидэнд нэг л юм дутагдаад байгаа юм шиг санагддаг. Манайханд нэг нэгнээ хайрлах хайр дутагдаж , ямарваа нэг юманд сэтгэл дутаж хувийн эрх ашиг нь түрүүнд нь яваад  байна.  Өөрөөр хэлбэл эх оронч үзэл гэдэг нь үйлдэл биш зүгээр л хоосон үг болж харагдаад байна. Энэ байдал ингээд л замнаад яваад байх юм уу? Бид ийм ард түмэн биш шүү дээ. Өнөөгийн энэ өнгө төрх байсаар байвал бид ирээдүй болсон хойч үеийнхэндээ бие биенээ хайрлаж, хүндлэхгүй ,  газар нутаг, байгаль эхээ харамлаж хайрлахгүй, хийж байгаа зүйлдээ сэтгэл гаргахгүй, хувийн эрх ашгийг бүхний өмнө байлгадаг энэ муухай байдлыг өвлүүлж өгөх гээд байна.
Энэ юунаас шалтгаалаад байна вэ гэхээр нэг талаасаа бидний гишгэж байгаа газар, амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус , өнөөдрийн энх тунх цаг үе  ямар үнээр олдсон тэр ҮНЭ ЦЭНИЙГ мэдэхгүй,  мэдрэхгүй байна. Ямар ч улс орон түүхээ эргэн санаж тархиндаа цэнэг авч байх ёстой санагддаг.Үүнд киноны уран бүтээлчдийн үүрэг роль их чухал.
“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж В.И. Ленин зүгээр ч нэг хэлээгүй байх аа гэж боддог. Тийм ч учраас бид нар өнөөгийн залуучуудад кино урлагаар дамжуулан,  эх орноо хайрлах сэтгэлийг сэрээж,  хөглөж өгөхийг хүссэн. Ийм л шалтгаанаар манай уран бүтээлчид сэтгэл нэгтэй Байтаг Богдын тулгаралтын түүхийн хуудсыг эргэн сөхсөн юм. Манай киноны гол зорилго бол   мартаж болохгүй түүх гэж байдаг юм гэдгийг үзэгч олондоо сануулахыг зорьсон юм.
-Өмнө нь төсөл хэлбэрээр хэрэгжиж үзэгчдэд хүрч  байсан уран бүтээлүүд байдаггүй шүү дээ. Уран бүтээлчид өөрсдийн бор зүрхээрээ хүсэл эрмэлзлээрээ “Маш нууц” төслийг хэрэгжүүлэх болсон нь их сонирхол татаж байна…
Анх 2015 онд “Фантастик” продакшнтай хамтарч “Маш нууц” кинон дээрээ ажилласан. Түүний дараа үзэгчид тэр дундаа  залуучуудын  киног хүлээж авч байгаа хандлага, мэдрэмж гэх мэт олон зүйлсийг ажигласан л даа. Яагаад гэвэл хийсэн уран бүтээл маань үзэгчдийн оюуны хэрэгцээг хангаж чадаж байна уу, үгүй юу, бид юун дээр алдав, юу нь оновчтой байв гээд тал талаас нь дүгнэлт хийдэг. Тэр тандалтаас харахад өнөөдөр манай залуучуудад  эвссэн, нэгдсэн, омогшил төрүүлсэн, эрэлхэг зоригийг илтгэсэн уран бүтээл үгүйлэгдэж байсан юм байна гэдгийг олж харсан.  Тэгээд ер нь залуучууддаа цаг хугацааны хувьд бүрхэгдээд өнгөрсөн түүхүүдийг мэдүүлэх  нь зөв юм байна гэдэг үүднээс “Маш нууц”-ыг  төслийн хэмжээнд хэрэгжүүлье гэж шийдсэн юм.  Ер нь уран бүтээл хийчихээд л орхиж болохгүй шүү дээ. Цаашдаа яаж ажиллах уу, үзэгчдэд юу дутагдаж байна тэр болгоныг анхаарах хэрэгтэй. Манай уран бүтээлчид бүгд тийм л бодолтой сэтгэлээсээ ажилладаг. Тийм ч болохоор “Маш нууц” төсөл амжилттай хэрэгжиж байна.
-Байтаг Богдын тулгаралт гэхээр эх орныхоо төлөө амь биеэ зориулсан  эрэлхэг залуучуудын тухай яригдана. Тэр залуучуудын сэтгэлийг уран бүтээл дээрээ тусгаж гаргахад кино баг хамт олноос их хичээл зүтгэл шаардсан байх. Та эмэгтэй хүн эх хүний хувьд яг тэр тулгаралт болсон газар очиход сэтгэлд тань юу мэдрэгдэж байсан бэ?
Их гоё асуулт байна. Бид нар зураг авалтаа яг тэр тулгаралт болсон Байтаг Богд дээр очиж хийсэн. Монгол хүн бүр сэтгэл дотроо сүсэг бишрэлтэй байдаг шүү дээ. Тэр утгаараа Байтаг Богдод очоод хамгийн түрүүнд 70 жилийн өмнө буун дуу дуугарч байсан тэр өндөр оргилууд дээр гараад 10 баатрын дүрд тоглосон гол дүрийн жүжигчид маань болон кино баг хамт олон натурынхан маань хүндэтгэл үзүүлсэн. Өөрөөр хэлбэл нэг ёсондоо бид нар кино хийх гэж байна, та бүгдээр бахархаж байна гэдгээ илэрхийлсэн. Урлагийн хүмүүс ямарваа нэг юмыг зүрхэндээ их ойр хүлээж авдаг хүмүүс шүү дээ.  Хэдийгээр бүгд  кино зохиолоо уншаад түүхэнд ийм явдал болж байсан гэдгийг мэдэж байсан ч гэсэн яг тэр газраа очоод хүндэтгэл үзүүлж байхдаа мэддэгээсээ илүүтэйгээр зүрх сэтгэлээсээ мэдэрсэн. Энэ л хөрсөн доор баатруудын маань шарил байгаа. Энэ л газар нутгийг бидэнд үлдээхийн тулд эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа зориулсан тэр баатруудын өмнө очиход манай уран бүтээлчид нүдэндээ нулимстай, үг хэлэхдээ хоолой нь зангирч зогсож байсан. Тэр л сэтгэл зүйн мэдрэмжээрээ, яг л тэр үед цаг үед очсон юм шигээр дүрдээ тоглосон. Тийм болохоор  сайн тоглосон гэж миний хувьд бодож байгаа.
Зураг авалтнаас тэд нарыг үдийн хоолондоо ирэхийг нь хүлээгээд  харж байхад утаа маналзаж дэлбэрэлт, буун дуу хангинаад урагшаа гээд л орилж байгаа нь сонсогдоход тэр үед яг л ийм байсан байх даа гэж бодогдож байсан.
Тэгээд  уулнаасаа бууж ирэхийг нь  хараад зогсоход сэтгэл өөрийн эрхгүй хачин болдог бүр нулимс ч унагааж байсан. Зураг авалтын талбайгаасаа цустай, урагдсан хувцастайгаа халуун наранд их ядраад ороод ирэхээр хамгийн түрүүнд аягатай хоолыг нь бариад л гүйнэ шүү дээ.\Инээв\ Бид өдөрт хоёр удаа 80-120 хүний хоол хийж яг л  цагт нь амжуулж зураг авалтыг хуваарийн дагуу авч байсан. Энэ хүнд зураг авалтын үед хоол унд гэдэг маш чухал үүрэгтэй энэ хариуцлагатай ажлыг манай тогооч Ө.Гүндэгмаа маш сайн гүйцэтгэсэн. Ер нь тэгээд хуваарийн зураггүй байвал Алдармаа, Цэлмүүн гээд л эмэгтэй жүжигчид ханцуй шамлаад л орно шүү дээ. \Инээв\
Манай уран бүтээлд оролцсон бүх уран бүтээлчид зохиолын цаг үеийг зүрх сэтгэлээрээ мэдэрч ажилласан. Энэ бол их олзуурхууштай. Хэрэв бид өөр газар зураг авалт хийгээд техникийн арга ашиглаж киногоо хийсэн бол тэр мэдрэмжийг олж авч чадахгүй байсан байх. Улаанбаатараас 2000 км-ийн зайтай газар 100 гаруй хүмүүстэй натурт гарна гэдэг  маш хүндрэлтэй шүү дээ. Гэхдээ уран бүтээлч бид бүхэнд бодож санасан  зүйл байсан учраас хэцүү гэж цааргалж биеийн амрыг бодоогүй.  Энэ жил  баруун хил хязгаарын тулгаралтын 70 жилийн ой  болно. Үүнд зориулж уран бүтээлчид бид бүхэн бэлэг барихыг хүссэн. Мөн кино урлагаар дамжуулж өнөөгийн залуучууддаа эх орны үнэ цэнийг мэдрүүлэхийг хүссэн учраас хэцүүг ажралгүй уран бүтээлээ хийсэн дээ.
-Бичигдээд үлдсэн бодит үнэн түүхийг гуйвуулалгүй уран сайхны аргаар илэрхийлэхэд уран бүтээлчдээс их хүч хөдөлмөр шаардсан байх гэж бодогдож байна. Байтаг Богдын тулгаралтын тухай ил болоогүй үнэн худал нь мэдэгдэхгүй их олон ярианууд байдаг юм билээ…
Ил болоогүй зүйлс байгаа. Гэхдээ тэр үед яг юу болсон бэ гэдгийг үнэнээр нь кинондоо харуулахыг зорьсон. Бодит үнэн түүх учраас түүхчид яг юу болсон бэ гэдгийг тодорхойлоод гаргачихсан. Тэр  тодорхойлсныг нь уран бүтээлчид уран сайхны аргаар үзэгчдэдээ хүргэхийн тулд ямар ямар уран сайхны шийдлүүдийг гаргавал түүхтэйгээ авцалдаж өгөх вэ гэдэг дээр их анхаарсан.
Байтаг Богдын тулгаралтын тухай  түүхийн хичээл, уран зохиолын хичээл дээр товчхон л дурдчихсан байдаг байсан. Тэгэхээр ямар учраас тэр тулгаралт болсон юм бэ, 1948 оны 7 сарын 8-нд яг юу болсон юм бэ гэдгийг үзэгчид мэдэхийг хүсэж байгаа байх.  Нөхрөө кино зохиол бичиж, судалгаа хийж, хүмүүстэй уулзаж байхыг харахад Байтагийн тулгаралтын тухай хүмүүс янз бүрийн өнцгөөс дүгнэсэн дүгнэлтүүдийг хэлж байсан л даа. Гэхдээ тэр бидэнд огт хамаагүй.  Бид бол нар шүүхийн  хүмүүс биш. Бид чинь  уран бүтээлчид шүү дээ. Уран бүтээлээрээ дамжуулж өөрсдийнхөө эмзэглэлийг үзэгч олондоо хүргэнэ гэсэн тэр л зорилгынхоо дагуу ажилласан.
-Уран бүтээлчид өнгөрсөн түүхийн тухай уран бүтээл хийж байна. Олон жилийн дараа бид бүгдийн  үр хойч та бүгдийн хийсэн “түүхэн” уран бүтээлийг үзээд Байтаг Богдын тулгаралтын тухай болон киноны уран бүтээлчдийн тухай дурсаж ярина гэхээр их сайхан санагдах юм. Нэг ёсондоо түүхээр түүх бүтээгээд байна гэсэн л үг шүү дээ…
Нээрээ тийм юм байна шүү. Тийм ч учраас үүнд жинхэнэ уран бүтээлч хүмүүсийн хариуцлагын асуудал яригдана. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг  хүн бүхэнд бий. Хүмүүс аливаа уран бүтээлд хийц талаас нь  дүгнэлт гаргадаг. Тийм болохоор хариуцлага салшгүй дагалдаж явна. Энгийн үзэгчдээс гадна кино судлаачид шүүмжлэгчид болон сонирхогчид гэж бий. Тэр бүх хүмүүсийн сэтгэлд хүрсэн уран бүтээл гаргах нь л чухал. Нөгөө талаасаа чиний хэлснээр үеийн үед өвлөгдөж түүх болж үлдэх учраас муу уран бүтээл хийх эрх байхгүй.
-Үзэгчдийн нүдийг баясгаж сэтгэлийг хөглөх уран бүтээлийг хийхэд их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Би заримдаа урлагийнхан яаж зохицуулдаг юм бол гэж гайхдаг юм…
Урлагийн хүмүүс харахад л их сайхан инээсэн, сэтгэл дүүрэн, хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм шиг боловч нэг талаасаа  ядуу гэж гэж хэлж болно. Одоо үед бүх зүйлийн суурь нь санхүүжилт байдаг. Түүндээ хавчигдаад бодсон санаснаа хийж чадахгүй өнгөрч байгаа бүтээлүүд ч байна. Ямар ч үнээр хамаагүй үүнийхээ ард гарна гээд, байгаагаа барьцаанд тавиад, зээл аваад  эцсийг үзэх гээд зүтгэж яваа ч тохиолдлууд байна.
Хүмүүс нийгмийн хариуцлагаа ухамсарлаад тэглээ ингэлээ гээд ярьдаг шүү дээ. Заавал байгууллага, компаниуд нийгмийн хариуцлагаа боддог юм биш ээ. Уран бүтээлчдэд ч гэсэн нийгмийн хариуцлага бий. Энэ хариуцлагынхаа үүднээс өнөөдөр бид нар түүхэн сэдвийг барьж авч уран бүтээл хийхдээ нийгмийн оюун санааг хөгжүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьсон.
Зөвхөн мөнгөөр л нийгмийн хариуцлагаа биелүүлдэг гэж зарим нь боддог. Тийм биш. Бид үзэгчдэд оюуны хөрөнгө оруулалт оруулалт оруулж байна шүү дээ.
Анх нөхөр бид 2 энэ сэдвийг бариад санхүүжилтээ босгох гээд хүмүүстэй уулзаад явж байхад зарим хүмүүс “Та нар ийм ашиггүй юм хийх гээд байх юм. Шатна ш дээ” гээд хэлэхээр дотор хачин болж билээ. Тэгээд ч уран бүтээлчид уг бүтээлээрээ өвчилж, шаналж чадвал юу ч зогсоохгүй л дээ. Тэгээд л ажлаа эхэлсэн.
Өнөөдөр манайханд гадаадын хэв маяг ороод ирчихсэн, залуучуудын аливаад хандах хандлага нь хүртэл их өөр болчихоод байна.  Ийм үед заавал ийм уран бүтээл баймаар санагдсан. Энэ киног үзсэн хүн нэгийг  бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.
Бид чинь омогших түүхтэй , газар нутгийнхаа төлөө өвөг дээдэс маань ингэж тэмцэж ирсэн юм байна. Гэтэл бид өнөөдөр юу болоод байна вэ гэдэг бодол төрөх байх аа. Зуун хувь бүгдийг нь хамардаггүй юм аа гэхэд тодорхой нэг хэсгийг хамарч байвал тэр л бид нарын зорилго биелж байна гэсэн үг шүү дээ.
Солонгос улс түүхгүй орон мөртлөө маш их түүхэн кино хийж байна гэж хүмүүс ярьдаг. Энэ чинь цэвэр тэр улсын бодлого шүү дээ. Манайх үнэхээр түүхээр баялаг орон. Зөвхөн энэ баруун хилийн тулгаралтын  тухай ч биш өчнөөн олон түүхүүд дунд Монгол хүний жудгийн тухай, эх орон, газар шорооны үнэ цэнийн тухай, Монголоо Монголоор нь байлгах өвгөдийн минь ухааныг шингээсэн түүхүүд их бий. Тэр бүхнийг мартуулахгүй гаргаж байх ёстой санагддаг. Уран бүтээлчид бидний  хувьд ч гэсэн том хүрээний сэдвийг барьж авч уран бүтээл хийх хүсэл сонирхол их байдаг. Ганцхан санхүүжилтэн дээрээ л гацчихдаг. Үүн дээр анхаарах төрийн зохицуулалт алга. Бодлогын хэмжээний шийд гарч ирж чадахгүй байна. Үүн дээр л их анхаармаар санагдах юм. Монголынхоо түүхүүдээс дэлхийд гайхуулмаар олон түүхүүд байдаг. Тэр бүгдийг хойч залуу үедээ сануулан үлдээх хэрэгтэй. Яг энэ асуудалд төрөөс анхаарч өгөх юм бол урлагийнхан хангалттай ажиллаж чадна.
Монголчууд бид эвсэх юм бол юуг ч хийнэ гэж ярих дуртай. Тэгэхээр кино уран бүтээлчидтэй төр нь эвсээсэй, дэмжээсэй гэж хүсдэг юм.Тэгээд олон улсад, дэлхийд улсынхаа нэрийг мандуулах нөөц байна. Манай найруулагчид, зураачид, зураглаачид жүжигчдийн ур чадвар дэлхийн бусад орны уран бүтээлчидтэй адил зэрэгцээд л явна.
-Одоо бол ёстой баг хамт олныхоо хүчээр л энэ бүхний ард гарч байна уу?
Энэ киног JIIJ продакшн болон “Фантастик” продакшн 2 л хамтраад хийчихсэн юм биш шүү. Маш их дэмжлэг туслалцаа бидэнд ирсэн. Тэд нарын  хүчээр л энэ кино маань үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Хил хамгаалах ерөнхий газар бид нарыг маш сайхан угтаж авсан. Хилчдийн тухай олон жилийн дараах энэ түүхийг сэргээж ард олондоо таниулах гэж байгаад их баярлаж байсан. Хил хамгаалах газрын харьяа оёдлын газрынхан болон Ховдын Булган,Үенч сумынхан, хилийн застав, отрядууд их дэмжлэг үзүүлсэн. Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бид нарт Ховдын уугуул иргэд их тусалсан. Кино хийхэд зохиолчийн гаргасан санаа, найруулагчийн сэдсэн  сэдэл, зураачийн дүрсэлсэн дүрслэл бүхнийг ширхэгчлэн биелүүлэхэд бидэнд нэг ширхэг хадаас хүртэл хэрэгтэй болдог.
Тухайн үеийн гоминдааны тэмдгийг хүртэл урагшаа захиж хийлгүүлж авсан. Хэдийгээр тэр маань дэлгэцэн дээр хэдэн секунд, хэдэн минут харагдаад өнгөрөх ч гэсэн жижиг том гэлтгүй бүх зүйлд анхаарч ажиллах ёстой байдаг. Кино урлаг нарийн мэдрэмжийг шаарддаг. Тийм ч болохоор үзэгч олонд үнэтэй очдог. Юуг ч хаяж гээлгүй бүхий л сэтгэлээ зориулж ажилладаг. Манай залуучууд маш сайн ажилласан. Өмнөх “Маш нууц” дээр тоглосон жүжигчид маань энэ удаа ч гэсэн манай кинонд тоглосон. Шинээр ч олон уран бүтээлчид оролцсон. Мөн кино урлагийн дээд сургууль , соёл урлагийн их сургуулийн оюутнууд оролцлоо. Тэгэхээр нэлээн том групп ажиллаж энэ уран бүтээлийн ард гарч чадлаа.
-Анх “Маш нууц” киног үзсэн хүмүүс Маш нууц- 2 “Байтаг Богд” уран сайхны киног түүнээс гоё болсон байх гэсэн хүлээлттэй байгааг анзаарсан шүү…
Энэ чинь уран бүтээлчдийн хариуцлагыг өндөрсүүлнэ. Дээрээс нь бид нар чинь сэтгэл дотроо үргэлжийн л яах бол, юу болох бол гээд сэтгэл түгшээтэй байдаг шүү дээ. Кино гараад л үзэгчдийн хүлээж авах байдал ямар байх уу? Ер нь тайвшрах цаг болоогүй байна даа.  Киноны маань дуу надад их таалагдсан. Дуугаа сонсохоор нэг л гоё санагдаад байдаг юм. Өөрийн уран бүтээлийн дуу болохоор тэгдэг юм уу, яадаг юм. Мэдэхгүй юм. \Инээв\
-Би Японы нэг уран бүтээлчтэй ярилцаж байхад надад “Урлагийн ард бүх салбар бий. Урлагийг дагаж аялал жуулчлалын салбар хөгждөг. Уран бүтээлийг дагаж эдийн засаг өсөлттэй байдаг. Уран бүтээлчдийг дагаж нийгэм өөрчлөгддөг.”  гэж хэлж байсан юм. Таны ярианаас тэр санаанд орлоо…
Тийм шүү дээ. “Бөгжний эзэн” киноны зураг авалтыг хийсэн Нидерланд олон сая хүнийг аялал жуулчлалаараа татсан байдаг. Манай улс их сайхан онгон байгальтай . Тэр утгаараа уран бүтээлээр дамжуулан дэлхийг татах боломж бий. Гэхдээ улсаас бодлогоор энэ асуудалд хандах  хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол дан ганц уран бүтээлчид хүсэл эрмэлзэл сэтгэлээрээ далайг гатлах  хэмжээнд хүрч чадахгүй. Нэг газраа л байгаад байна. Тэгэхээр төр нь дэмжээд нийлээд хамтраад ажиллавал манай киночид чадвартай шүү дээ.
-“Фантастик” продакшны залуустай хамтарч ажиллах болсон хамгийн том шалтгаан юу байсан бэ? “Зүрхний хилэн” нээлтээ хийсний дараа “Маш нууц-2” гарах нь гэдгийг сонсоод уран бүтээлч залуучууд үзэгчдийг түүхээр амьсгалуулах нь ээ гэж бодож байлаа…
“Зүрхний хилэн” киног “Фантастик”-ийн залуучууд зүрх сэтгэл нэгтэйгээр ажилласан. Бүгдэнд нь эмзэглэл байсан. Тэр түүхэн үеийн Монголчуудад тулгарч байсан Манжийн дарлалын элемент яагаад энэ цаг үед өнгөө солиод байсаар байгаа юм бэ ? Тэрийг олж харсан учраас түүхээрээ дамжуулж ард түмэндээ сануулж өгөх ёстой гэдэг үүднээс барьж авсан байх гэж би хувьдаа бодсон. Тамираа “Зүрхний хилэн”-г бодсон байхад аав нь “Байтаг Богд”-ын тулгаралтыг бодсон байсан. Яагаад аав хүү 2 зэрэг зэрэг ингээд түүхэн уран бүтээл хийх гээд бариад авчихдаг байна аа гэж бодож байлаа.\Инээв\
Тэгээд өмнө хамтарч ажиллаж байсан учраас үргэлжлүүлээд танай “Фантастик” продакшнтай ажилламаар байна гэж санал тавьсан. Зохиолын сэдэв, дүрийн сонголт дээр нийцэж байсан учраас тэр шүү дээ. Тэгээд санал тавихад “Бид нар энэ том киноны зураг авалттай, завсаргүй ажилтай” гэж байсан ч гэсэн ажлаа дуусаад шууд Ховд руу явсан. Тэнд очоод завсар зайгаар нь “Зүрхний хилэн “ киноныхоо монтажыг хүртэл хийж байсан .
Би “Фантастик”- ийн залуучуудаар их бахархдаг. Бүгд нэгдэж аливаад сэтгэлээсээ хандаж чаддаг үнэхээр сайхан хамт олон.  Ер нь сэтгэл гэдэг зүйл одоо манайханд их дутчихаад байна шүү дээ.Тэгье тэгье, би ажиллая гэсэн хэрнээ цаана нь дандаа өөр нэг зүйл нуугдаж байх юм. Тийм  хандлагууд   их ажиглагдаж байна.  Энэ их муу…..
-Байтаг богдын тулгаралтын 10 баатрын гэр бүл, хамаатан, садан төрлийн хүмүүс та бүхэнтэй холбоо барьсан уу?
Зураг авалтын өмнө сошиалаар мэдээлэл тарааж холбогдох ар гэрийн хүмүүс байна уу гэж зар тавьсан. Байхгүй шүү. Тэгээд эргээд бодоход гэр бүл, үр хүүхэдтэй болж амжаагүй, цэл залуугаараа эх орныхоо төлөө амиа зориулсан болохоор арга ч үгүй юм даа гэж бодогдсон.
Тухайн үеийн нийгмийн үзэл баримтлал, цэргийн тушаал айхтар нарийн байсан. Амьдаараа олзлогдож болохгүй шүү гэсэн даалгавартай байсан гэдэг. Киноны тухай сайтууд дээр анх мэдээлэл гарч эхлэхэд “Тэд нар чинь амиа хорлоод зугтаасан гээ биз дээ” сэтгэгдэл байсан юм. Тэрийг уншаад нэг хэсэг их хачин босон. Тэгээд өөр хүмүүсийн хандлагыг ажигласан чинь өөр тийм сэтгэгдэл байгаагүй. Бусад нь тэр хүний эсрэг тайлбар хийж, үзэл бодлыг няцаасан байсан. Хэрвээ байхгүй байсан бол би өөрөө бичье гэж бодож байсан юм.
Тэгээд аливааг зөвөөр хардаг хүмүүс муугаасаа олон байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тушаал биелүүлж, тангараг өргөсөн хилчид амьдаараа олзлогдож болохгүй учраас эцсийн гранатаа дайсантайгаа хамт дэлбэлсэн түүхтэй. Тэгэхэд тэнд байх нь битгий хэл тэр утааны үнэрийг ч авч үзээгүй байж яагаад амныхаа зоргоор ярьдаг юм бол доо.Тэгэхээр энэ уран бүтээлээс жаахан ч гэсэн юм ойлгоод аваасай.
-Та залуугаасаа л урлагт сэтгэлээ зориулж цаг наргүй л ажиллаж ирсэн. Одоо улам л цаг наргүй ажиллаад байх шиг. Гэрийн эзэгтэйн үүрэгт ногдох цаг хэр их олдож байна вэ?
Зэрэгцүүлээд л амжуулна шүү дээ. \Инээв\ Би өдөрт хийх ажлуудаа цаасан бичээд гарахаар 30 гарчихдаг. Одоо нэг үеэ бодвол дийлэнх ажлуудаа утсаараа амжуулдаг болсон. Гэр бүлдээ цаг гаргана аа. Эмэгтэй хүн гэр бүлдээ анхаарахгүй байж болохгүй шүү дээ. Гэр бүлийнхэндээ сайн эзэгтэй байх гэж хичээдэг. \Инээв\
-Нийгмийн хүрээнд аваад үзэхээр Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү ачаа үүрдэг юм шиг санагддаг. Ажлаа хийнэ, үр хүүхдээ өсгөнө, гэр бүлээ авч явна гээд л …
Монгол эмэгтэйн язгуур чанар гэж байна шүү дээ. Монгол эмэгтэйчүүд цаанаа л нэг “даацтай” санагддаг ш дээ. Гадаад эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүд шиг байж чадахгүй л байх. Тэгэхээр Монгол гэдэг язгуур чанар нөлөөлдөг байх.
-Та энэ их ажлынхаа хажуугаар оюутнуудад багшилдаг шүү дээ. Багш хүмүүс оюутнуудтай ажиллахаар өөрөө оюутан байсан үедээ эргээд оччихдог гэдэг…
Үнэхээр тийм шүү. Энэ жил оюутнууд маань төгсөнө. Тэд нарынхаа дипломын ажил гээд л бужигнаад л байж байна. Сая оюутнуудтайгаа Оросын Кемеровын урлагийн их сургуульд дадлага хийхдээ Шекспирын “Лир Ван” жүжгээ авч яваад  тоглочихоод ирсэн. Оюутнуудтай ажиллах их гоё шүү. Би багшилж эхэлсэн цагаасаа өөрийгөө унтаж байсан юм байна гэдгээ мэдсэн. Оюутнуудаасаа их гоё эрч хүч авдаг. Мөн оюутнууддаа хичээл заахын тулд би өөрөө юмаа сэргээж, өшөө илүү шинэлэг зүйл олохын тулд юм үзэж харж уншиж дахиад өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болдог. Оюун багш маань бидэнд “Бид нарын мэргэжил хүн судлалын мэргэжил” гэж сургадаг байсан юм. Бид цаг үетэйгээ өөрчлөгдөж байгаа тэр хүнийг судална, олон жилийн өмнө амьдарч байсан хүнийг судална. Эцэстээ хүн судалж  дүрдээ тааруулах гэж өөрийгөө судалсаар байгаад л таарч байгаа юм даа.
-Уран бүтээлч хүн хамгийн анхны дүрдээ их хайртай байдаг уу?
Хайрлахаасаа илүү жаахан өрөвдөөд байдаг юм. \Инээв\ Хамгийн анх “Говь Хянганд тулалдсан” гээд дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байсан шүү дээ. Тэгээд дараа нь өөрийгөө үзчихээд ичээд, нуугдаад, гарч явахдаа хүмүүс рүү ч харж чадахгүй байсан. Гэртээ ирчихээд би тэгэх байсан байна, ингэх байсан байна,  яагаад надад хэлээгүй юм болоо гээд л бөөн бодол болж байсан. Дэлгэцэнд үлдсэн уран бүтээлийг засаж янзалж болохгүй шүү дээ. Тайз бол тоглолтоос тоглолтонд алдаагаа мэдчихвэл засаад сайжруулаад яваад байдаг. Тэгэхээр дэлгэцийн бүтээлд тоглож байгаа үед  маш их судалгаа хийж, олон талаас нь дүрээ бодож камерын өмнө гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь засчихья гэх арга байхгүй шүү дээ. \Инээв\ Залуу насандаа хийж байсан юмнууд яаж төгс байх вэ дээ алдаанууд ажиглагддаг л юм. Гэхдээ бүр сэтгэл зүрхээ шингээж ажилладаг болохоор бүх дүрдээ хайртай.
-Та олон жил урлагийн салбарт ажиллаж , дэргэдээс нь ч ажигласан. Тэр утгаараа Монголын урлаг бүх л төрөлдөө ямар хэмжээнд очоосой гэж хүсдэг вэ. Тийм л болчихоосой гэсэн тээлт байдаг уу?
Байлгүй яахав. Аливаа улс гүрний нүүр царай, дэлхийд тамгалагдах зүйл нь спорт , урлаг 2 байдаг. Бид нар дэлхийд гарах хэрэгтэй байна. Энэ том үг боловч том зорилготой том хөдөлбөл боломжгүй зүйл биш. Нэг үеэ бодвол манай кино урлагийн салбар дэлхийд хөл тавьчихсан. Жүжигчин Амараа, Анхнямыг дурдмаар байна. Хэзээ ийм байлаа. Араас нь манай Ганцэцэг гарч ирж байна.Энэ мэтчилэн уран бүтээлчдэд жим нээгдсээр байна. Дээрээс нь гаднаас уран бүтээлчид манай уран бүтээлчидтэй хамтарч кино хийж байна. Гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдмааргүй байна. Одоо өшөө дээшээ явмаар байна. Өөрөөр хэлэхийн бол хамтарч хийгээд ая занг нь мэдлээ. Одоо дангаараа олон улсад өөрийнхөө бүтээлийг гаргах хэрэгтэй байна. Дэлгэцийн хувьд хэлэхэд киночид чадлаараа ажиллаж байна.Дэмжлэг хэрэгтэй.
Драмын театрын хувьд 1932 онд Буян нэмэхийн “Харанхуй засаг” жүжгээр олон улсын театрын олимпд оролцоод “Алтан театр” авч байсан. Айлчлан тоглолтыг эс тооцвол олон улсад өрсөлдөх конкурсуудад оролцож өөрсдийнхөө хаана явж байгааг харж мэдэх нь чухал байдаг. Бид олон улсын төвшинд юугаараа хоцорч байна, юугаараа адилхан байна, юугаараа илүү байн гээд бүх зүйлийг олж харах цензур болно л доо.Театрын хувьд ийм юманд оролцоход маш хүндрэлтэй байдаг. Кино бол хайрцаглаад аваад явчихна.  Театр амьд урлаг учраас тайзаа,  жүжигчнээ, хувцсаа, бүх юмаа чирээд явах хэрэг гардаг. Хоёр гуравхан хүн биш массаараа явдаг дээр дурдсан конкурст  оролцсон нь  тоотой хэдхэн бий. Тэгэхээр сүүлийн үеийн гаргалгаа юу болсон бэ гэхээр нэг хүний жүжгийн төрлийг оруулж ирэх юм бол Монгол уран бүтээлчид конкурст оролцоод яваад байх боломжтой юм байна гэдгийг харсан.  Тийм болохоор  маш олон сургалтыг явууллаа. Бас уралдаан тэмцээн явуулж байгаад “Гэгээн муза”-д энэ төрөл маань орсон. “Гэгээн муза” наадам маань олон улсын наадам болсон. Тэгэхээр тэнд ирж байгаа тоглолтуудыг Монголын уран бүтээлчид үзэж туршлага солилцох бололцоог олгосон. Нэг талаараа энэ наадмаараа, драмын урлагаар дамжуулаад Монголоо сурталчилж байгаа хэрэг шүү дээ.Бидний зорилго маань биелсээр л байна. Гэхдээ удаан байна. Хурдтай гарч ирмээр байна.
Хувь уран бүтээлч талаасаа мэргэжил дээрээ хөгжих нэг хэлбэр л дээ. Зүгээр суугаад баймааргүй байна. Анх 2002 онд манай нөхөр аавынхаа 80 насны ойд зориулж Норов гуайн “Мөнхийн дуудлага” туужаас сэдэвлээд “Зүрхэнд шивнэсэн үг” киног эхэлж барьж авч хийсэн. Тэр үед би эхлээд их айж байсан л даа.  Ерөөсөө санаанд багтаж өгдөггүй. Манай хүний хувьд  их олон жил бодсон байгаа юм. Би чинь ярилцах дуртай, нээлттэй хүн. Харин манай хүн чимээгүй дотроо их бясалгадаг. Тэр утгаараа олон жил дотроо бодож нэг зориглоод орно доо л гэж бодож байсан юм шиг байгаа юм.
Уран бүтээлч хүн төгс  төгөлдөр болоход маш их хөдөлмөр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жүжигчин хүн  баримлын шавар шиг байх хэрэгтэй. Янз бүрийн төрөлд тоглож чаддаг, дуулдаг, бүжиглэдэг байх хэрэгтэй гэж манай мэргэжлийн багш нар хэлдэг байсан юм. Ер нь сурч дуусдаггүй мэргэжил шүү дээ. Тэр үүднээсээ ч гэсэн бодоход би  зөвхөн драмын театрын л хүн шүү дээ. Тайзан дээр л гардаг хүн шүү дээ гээд өөртөө хаалт тавихыг хүсээгүй. Кино урлагаар дамжуулаад  өөрт бодогдож байгаа зүйлийг илэрхийлбэл яах вэ гэж бодсон. Тэр л яах бол гэсэн сэтгэлийн эмзэглэл хүнийг шинэ зүйл рүү татаж оруулдаг байх. Тэгээд ч маш олон уран бүтээлчид энэ салбарт хүчээ  сорьж байна шүү дээ.
-Манай хүүхэд залуучуудад урлагийн боловсрол үнэхээр дутагдаж байгаа санагддаг. Адаглаад театрт биеэ хэрхэн зөв авч явахаа мэддэг баймаар байгаа юм даа…
Энэ бас л миний дотроо эмзэглэж явдаг л зүйл л дээ. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдүүдийг багаас нь эх оронч үзэлтэй, урлагийн боловсролтой, ном унших дуртай, театр үзэх сонирхолтой болгохын тулд ерөнхий боловсролын сургуулиас нь эхлэн хичээлийн хөтөлбөрт нь нэмэлтээр оруулж өгмөөр санагддаг. Энэ болгоноор дамжиж хувь хүн төлөвшин тогтох эхлэл, өөрөө өөрийгөө олж таних болно. Одоо үед манайхан энэ тал дээр анхаарахгүй байна шүү дээ. Үнэтэй цэцэрлэг, гадаад хэлний сургалтыг л чухалчилж байна. Мөнгө өгөөд л тоохгүй хаячихдаг. Гэтэл энэ бүхэн хувь хүн талаас нь хүүхдийг замаас нь гажуудуулаад байгаа байхгүй юу. Энэ сошиал мэдээ мэдээллээр дүүрэн тогоонд орчихоороо тал тал тийшээ хөрвөөгөөд өөрийн гэсэн суурь зүйлгүй болоод байна. Ялангуяа бага насанд нь сургуулиудад  урлагийн боловсролын сургалтыг оруулмаар байгаа юм. Мэдээж бүгд уран бүтээлч болох шаардлагагүй. Гэхдээ суурь мэдлэгтэй байх нь чухал. Мөн багаас нь эх оронч үзлийг суулгаж өгөх хэрэгтэй. Одоогийн эцэг эхчүүд мөнгө, ажил гээд хүүхдэдээ гэр бүлийн хүмүүжил олгож чадахгүй байна. Энэ зүйл хаягдаад байгаа учраас хүүхдүүд Монгол хүн  болж төлөвшиж чадахгүй байна. Энэ бол маш аюултай.
-Эх орон юунаас эхэлдэг вэ гэхээр хүн бүр өөрсдийнхөөрөө хариулах байх л даа. Эмэгтэй хүн, эх хүн эх орон юунаас эхэлдгийг тодорхойлбол…
Би ганцхан юманд их баярладаг. Монгол хүн болж төрсөндөө.Энэ чинь их агуу юм шүү. Би эх орон өөрөөс л эхэлдэг гэж боддог. Өөрөөс гэдэг маань хүн бүрээс л эх орон эхэлнэ гэсэн утгатай шүү дээ. Эхийнхээ хэвлийгээс төрсөн цагаас л эх орон эхэлнэ дээ.
-Тэр “Байтаг Богдын” 10 баатрын ээжүүдэд мөргөж сөгдмөөр санагдах юм…
Тэр л хүмүүсийн л эхлэл шүү дээ. \Санаа алдав\ Би зарим хүмүүсийг хараад боддог юм.Энэ хүн эхээс төрөхдөө би оффшорчин болно гэж төрөөгүй л байх даа. Энэ хүн эхээс төрөхдөө би төрийн хулгайч болно гэж төрөөгүй л байх даа. Яагаад ийм болчихдог юм бэ. Тэр ээжид буруу байхгүй шүү дээ. Эх хүн хэзээ ч үр хүүхдээ муу муухай яваасай гэж бодохгүй. Эх хүн хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс сэтгэлийг нь төрүүлэхгүй. Тэр хүний сонголт тэр л байсан байх. Эхийгээ хайрлаагүй хүн эх орноо хайрлахгүй гэж боддог.
-Баярлалаа. Танд болон танай гэр бүлд аз жаргал хүсье.
Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

 

Сэтгүүлч:Э.Анударь

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …