Ардын жүжигчин Э.Оюун зохиолоо яагаад “Би эндээс явахгүй” гэж нэрлэв

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд УДЭТ-ын дарга, Монгол улсын УГЗ Д.Цэрэнсамбуу, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Ардын жүжигчин Э.Оюуны гэр бүлийн хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа яамны зүгээс драмын театрын хамт олон, уран бүтээлчдэд амжилт хүсч, 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан юм.

 “Би эндээс  явахгүй ” уянгын драмын жүжиг гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөнджээ. Жүжигт гарч буй үзэгдэл болгон үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, одоо цаашид яаж үргэлжлэх бол гэсэн хүлээлт үүсгэн инээлгэж, уйлуулж чадлаа.

 Жүжиг дуусны дараа “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн нээлтэнд уригдсан Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг нарын  сэтгэгдлийг нь  сонссон юм.

Ардын жүжигчин Ж.Лхамхүү “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн ерөнхий найруулагчаар ажилласан Н.Наранбаатар орчин үеийн залуучуудын сэтгэлгээнд нийцүүлэх маягаар тавьжээ. Ардын жүжигчин Э.Оюуныг ямар эрдэмтэй, ухаантай хүн байсан  бэ гэдэг нь энэхүү жүжгээр харагдлаа. Анх найруулагч Н.Наранбаатар “Э.Оюун багшийн 100 жилийн ойд зориулан түүний зохиолуудаас аль зохиолыг нь дахин тайзнаа амилуулах нь зүгээр вэ, багшаа” гэж асууж байсан.

Тэр үед гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэлийг харуулсан “Би эндээс явахгүй” зохиол нь дээр болов уу гэж өөрийн бодлоо хэлж байлаа. Өмнө нь энэ жүжгийг тоглогдож байхад үзэх амжаагүй л дээ. Харин дараа нь Төв аймгийн театрт тоглогдоход үзээд маш их таалагдаж байлаа. Энэ удаа дахин үзэхэд сэтгэлийн минь утсыг дахин хөндөж чадлаа. Үнэхээр сайхан зохиол, үнэхээр ч сайхан амилуулжээ” гэж хэллээ.

Харин Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Би  драмын урлагт хайртай. Өнөөдөр нээлтээ хийсэн жүжгийн ерөнхий найруулагчаар ажилласан Н.Наранбаатар бид хоёр нэг ангийн найзууд. Найзынхаа шинэ бүтээлүүдийг алгасахгүй зорьж үздэг. Жүжгийн найруулга тал дээр ярих юм алга. Найруулагч хүн болгонд байх л ёстой бүхий л зүйл миний найзад байна.  Үнэхээр сайхан жүжиг болсон байна. Үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

 “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг дуусны дараа үзэгчид суудлаасаа босохыг хүссэнгүй. Би ч тэдний адилаар дотроо нэг л зүйлийг бодож байлаа. Тийм ээ би эндээс явмааргүй байна. Жүжгийг дахин дахин үзэж, сэтгэлийн их тайвшралыг амсмаар байна.

Жүжигт зориулсан бэлэг дурсгалын зүйлийг худалдаалж л байгаа юм.Үүнд “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” гэсэн бичиг бүхий бал, тэмдэглэлийн дэвтэр, түлхүүрийн оосор, ороолт гарсан байна

Г.Нараа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …