Гавьяат жүжигчин Л. Лувсан гуайн тав дахь үе “Би эндээс явахгүй” жүжигт дүр бүтээж байна

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид  төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиол болох тэртээх 62 жилийн өмнө тайзнаа тоглогдож байсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг үзэгчдэдээ шинэчлэгдсэн хувилбартайгаар хүргэхээр ажилласан байгаа юм. Энэхүү жүжиг энэ сарын 27-ноос буюу маргаашаас эхлэн театрын тайзнаа амилан үзэгчдийн хүртээл болох юм.

УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр театрынхаа тайзнаа Найруулагч Н.Наранбаатарын найруулгаар, зохиолч Д.Мэндсайхны шинэчилсэн хувилбартайгаар тайзнаа амилж буй “Би эндээс явахгүй” шинэхэн уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийлээ.

“Би эндээс явахгүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, урвалт, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй, зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно.

Энэ талаар Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд “Манай театр жил бүр уламжлал болгон нас тэгширсэн ахмадуудынхаа ойг тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор энэ онд нэлээд уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаагийн нэг бол “Би эндээс явахгүй” жүжиг билээ. Харин энэ жүжгээ хоёрдугаар сарын 27-нд буюу Э.Оюун гуайн төрсөн өдрөөр нээхээр төлөвлөсөн.Уг жүжиг нас тэгширсэн ахмадууддаа зориулан өнөөдөр театрт ажиллаж буй залуу үеийн уран бүтээлчдээс барьж буй бэлэг гэж хэлж болно” гэв.

Харин уг жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар шинэхэн уран бүтээлийнхээ талаар “Зохиолч, Ардын жүжигчин Э.Оюун агсан театрын ёс зүйг ягштал баригч байсан. Аливаа урлаг сахилга, дэг журам дээр суурилж байж сайн уран бүтээл төрдөг. Тийм учраас хүн чанартай, хүнлэг уран бүтээлчдийг бэлдсэн нэгэн юм. “Би эндээс явахгүй ” зохиолыг Э.Оюун 1958 оны нийгмийн амьдралыг харуулж бичсэн байдаг. Харин тэр хүний зохиолын гол санаа өнөөгийн нийгэмд амьдарч байна гэж үздэг. “Би эндээс явахгүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, амьдралд юу ч тохиолдсон гэр бүлээ элэг бүтэн аваад явах л хэрэгтэй. Амьдрал тэр чигтээ сонголт. Сонголтоо хийхдээ яаралгүй, эргэцүүлж тунгааж, шүүж л хийх хэрэгтэй.Эндээс харахад зүрх нь сэтгэлээ чагнах уу, эсвэл тархиа сонсох уу гэсэн асуулт ургаж ирнэ. Түүнчлэн бидний амьдралд тохиолддог нууцлаг үнэнийг уран сайхны аргаар харуулахыг зорьж ажиллаа” гэлээ.

Тус жүжигт Гавьяат жүжигчин Л.Лувсан гуайн  тав дахь үе  Ж.Ирмүүн дүр бүтээжээ.Тэрээр Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдаас шалгарч энэ жүжгийн Батын дүрийг бүтээж байгаа юм байна.

Бүтээж буй дүрийнхээ талаар Ж.Ирмүүн “Надад жүжигт тоглоход маш сайхан мэдрэмж төрж байсан. Яагаад вэ гэвэл олон урлагийн хүмүүстэй нэг дор хамт ажилласандаа өөрийгөө азтай гэж бодож байна. Надад Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгч тусалсан. Миний тоглох дүрийн хэсэг бүрийг задалж энэ хэсэгт, уйлна, инээнэ, ингэж хэлэх ёстой юм шүү гэж зааж зөвлөж байсан. Харин уйлдаг хэсэгт жаахан хэцүү байсан. Дүрээ гаргахдаа би одоо Ж.Ирмүүн биш Батаа гэж бодоод намайг аав минь орхиод явчихвал ямар байх вэ? Хүүхдүүд чи аавгүй гээд шоолбол яах бол гэж бодоод жүжгэндээ ороод уйлсан. Аавгүй ээжтэйгээ амьдардаг хүүхдийн дүрийг бүтээгээд бэлтгэлээ хийж байхдаа бодит амьдрал дээр аавгүй, ээжгүй хүүхдүүд яаж амьдардаг бол гэсэн эмзэглэл төрсөн. Би театрын жүжигчин болох мөрөөдөлтэй. Кино жүжигчний бүтээсэн дүрийг үзэгчид дэлгэцээр үздэг бол театрын жүжигчид үзэгчид рүүгээ харж амьд харилцааг үүсгэдэг учраас театрын жүжигчин болохыг хүсдэг” хэмээн ярилаа.

Харин жүжгийн гол дүр мэс заслын эмч Дорлигийн дүрийг бүтээсэн жүжигчин СТА О.Гэрэлсүх “Энэ жүжгийн гол дүрийн мэс заслын эмч Дорлигийн дүрд тоглох саналыг надад жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар тавьсан. Ромео, Жульетта жүжгийн 17 настай Ромеогийн дүрд хамгийн сүүлд 1998 онд тоглосноос хойш театрын тайзнаа огт гараагүй, үзэгчидтэйгээ уулзаагүй удсан байна. Надад мэс заслын эмчийн дүр оногдсонд баяртайгаар хүлээж авсан. Э.Оюун гуай Дорлигийн дүрийг 40 настай эмчийн дүрээр бичсэн байдаг. “Би эндээс явахгүй” жүжгийн гол агуулга нь амьдралын сорилт сонголтын тухай өгүүлдэг ” гэж ярьсан бол Дорлигийн эхнэр Дулмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин СТА Н.Баярмаа “Манай театрын хамт олон гэр бүлийн амьдралд тохиолдож буй бүхий л асуудал болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралд хандах хандлагыг харуулахыг зорьсон. Түүнчлэн энэхүү жүжгээрээ шинээр гэр бүлийн зохиож байгаа залууст, болон гэр бүлийн амьдралаа зохиогоод удаж байгаа бүхий л насны хүмүүст зориулсан. Миний бүтээж буй Дулмаагийн дүр эхнэрүүдийн зан байдлыг харуулсан нэгээхэн дүр” гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …