Булбарай, гэрэлтсэн арьстай болох 5 нууц

Хавар боллоо шүү, хүүхнүүд ээ!

Хаврын улиралд нүүр хуурайшиж, өнгөө алдаад, арчлахад үнэхээр төвөгтэй болчихдог шүү дээ. Байдгаараа арчиж тордоод байхад л арьс хуурайшиж, уруул ам омголтоод байдаг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Арьс сайхан байхад хамгийн чухал хүчин зүйл бол шөнийн бүтэн нойр болон унтахын өмнөх арчилгаа, цэвэрлэгээ байдаг. Тиймээс өөгүй толигор, өнгөлөг арьстай хүмүүс орой бүр орондоо орохын өмнө эдгээр таван зүйлийг хийж хэвшсэн байдаг гэнэ шүү.

Нүүрээ хоёр удаа цэвэрлэх

Сайхан арьстай байхын хамгийн гол үндэс бол зөв цэвэрлэх явдал юм. Хэрвээ та нүүрээ хуучин хэрэглэдэг савангаараа угаасны дараа “Ингээд боллоо” хэмээн орхидог бол том алдаа шүү. Түүнчлэн будаг арилгах, нүүр цэвэрлэх хоёр ч тусдаа асуудал гэдгийг анхаараарай. Арьсыг хоёроос доошгүй удаа угааж байж бүрэн цэвэрлэгддэг. Юун түрүүнд та зориулалтын будаг арилгагчаар нүдний будаг, кремээ сайтар арилгаад, дараа нь хөөсөн цэвэрлэгчээр нүүрэндээ 2-3 минутын турш массаж хийн угаагаад, түүнийгээ бүлээн усаар зайлаарай.

Нүх агшаах

Үүний дараа, таны хийвэл зохих хамгийн чухал зүйл бол нүх агшаах юм. Учир нь бид нүүрээ дутуу цэвэрлэснээс үүдэн арьсны гүнд хар батга болон бохирдол хуримтлагдаж, улмаар нүхжилт үүсдэг. Тэгвэл эхлээд юун түрүүнд халуун бүлээн алчуураар нүүрэндээ бигнүүр тавьж, дараа нь батгатай хэсгийг хар маскны тусламжтай хуулж авсны дараа мөсөөр жин тавих, эсвэл хүйтэн алчуураар бигнэж өгөөрэй. Гэхдээ нүх агшаах маскийг өдөр бүр биш, харин долоо хоногт 1-2 удаа тавихад л хангалттай.

Үхэжсэн арьсыг гуужуулах

Мэдээж арьс арчлах хамгийн чухал зүйлсийн нэг бол үхэжсэн арьсыг гуужуулах юм. Тухайн гуужуулагчны зориулалт, найрлагаас хамаарч арьсаа гуужуулах хугацаа нь ч харилцан адилгүй байдаг. Зөөлөн буюу усан, гелэн суурьтай гуужуулагчийг өдөр тутамдаа, харин ширүүн, элсэн ширхэгтэй гуужуулагчийг долоо хоногт дор хаяж нэг удаа хэрэглэж заншаарай. Ингэснээр таны арьсны өнгө сэргэж, хуурайшилт болон будаг шингэхгүй байх аюулаас бүрэн сэргийлэх боломжтой.

Хангалттай чийг, тэжээл өгөх

Нэгэнт арьсаа цэвэрлээд, гуужуулсан бол мэдээж хангалттай хэмжээний чийгшил өгөх нь зүйтэй. Хэрвээ та хуурай арьстай бол тосон суурьтай шөнийн тосыг, харин холимог болон тослог арьстай бол усан суурьтай шөнийн тосыг хэрэглэх нь зүйтэй. Гэвч шөнийн тосны хувьд усан суурьтай байх нь илүү тохиромжтой. Учир нь бүх л шөнийн турш арьс маань тослогтон, илүүдэл тослогийг гадагшлуулж, улмаар батга гарах магадлал ихэсдэг. Тосны сонголт гэдэг ийм чухал зүйл байдаг юм шүү, бүсгүйчүүд ээ!

Үргэлж дээшээ харж унтах

Арьсаа зөвхөн сайн цэвэрлэсэн, чийгшүүлсэн тохиолдолд өнгөлөг, эрүүл харагдана гэсэн ойлголт байхгүй. Шөнө ямар байрлалтай унтдагаас ч мөн хамаарах асуудал юм. Тиймээс та аль болох дээшээ харж, өндөр биш дэр дэрлэж унтах нь арьсанд тань ээлтэй. Өндөр дэр байнга дэрлэвэл хүзүүний арьс амархан суларч, үрчлээтдэг гэдгийг санаарай.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.