Бурхан багшийн дүрүүд, Түүний бодь чанарууд

1. Бурхан багш дараах таван бодь чанартай учир түүнийг бүгд хүндэлдэг.
Үүнд:
биеэ зөв авч явах чадвар, суут үзэл бодол, суут оюун ухаан, суут номлох чадвар,
хүмүүсийг зөв замд оруулах суут чадвар багтана. Түүнээс гадна Бурхан багш дараах найман чадвартай. Үүнд:
Нэгдүгээрт, Тэрбээр хүнд зол жаргал, сайн сайхныг авчирдаг.
Хоёрдугаарт, Бурхан багшийн сургаал энэ ертөнцөд ашиг тус болдог.
Гуравдугаарт, Тэрбээр нүгэл,буян, үнэн, худлын тухай зөв зүйтэй сургадаг.
Дөрөвдүгээрт, Тэрбээр зөв зам мөрийн тухай зааж сургаад, хүмүүсийг гэгээрэлд залж авчирдаг. Тавдугаарт,Тэрбээр бүх хүнийг нэг л замаар дагуулан явдаг.
Зургадугаарт, Бурхан багш биеэ тоох, онгирч сагсуурахыг үл мэднэ.
Долдугаарт, Тэрбээр хэлсэн үгэндээ эзэн болж, юу хэлсэн яг түүндээ хүрдэг.
Наймдугаарт, Тэрбээр өргөсөн тангараг, хүртсэн сахилаа заавал баримталж биелүүлдэг.
Бурхан багш бясалгалаар дамжин энх амгалан, амар тайван байдлыг олж, бүгдэд тэнцүүхэн энэрэнгүй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр ханддаг. Тэрбээр атгаг сэтгэлээс бүрэн ангижирч, санаа сэтгэлээ муу муухайгаас чөлөөлж, зөвхөн ариун цагаан сэтгэлтэй хүний хүртэх тийм жаргал цэнгэлд хүрдэг.

2. Бурхан багш бол бүх хүний эцэг нь ч, эх нь ч мөн.
Мэндэлснээс нь хойш 16 сарын турш хүүхэдтэйгээ нялхын хэлээр нь ойлголцож, дараа нь том хүмүүсийн хэл зааж сургаж эхэлдэг эцэг эх лүгээ адил.

Бурхан багш хүмүүсийн ярьдаг хэлээр сургаалаа айлдаж, хүмүүсийн өмнө буй болохдоо тэдний таних дүрийг олж тодрон тэд нарыг амар амгалан, тайван ертөнцөд залж аваачдаг. Бурхан багш сургаалаа нэг хэлээр номлох атал бүх хүн өөрийнхөөрөө ойлгож, Бурхан багш зөвхөн өөрт нь хандаж байна хэмээн боддог бүлгээ. Бурхан багшийн сэтгэл санааг төөрөлдөгсөд үл ойлгоно, түүнийг үгээр илэрхийлэх аргагүй, гагцхүү сургааль, домгоор тайлбарлаж болно. Хэдийгээр Ганга мөрнийг яст мэлхий, загас жараахай, заан болон бусад ан амьтан бохирдуулж байдаг боловч ус нь цаг ямагт цэвэр цэнгэг байдаг. Үүнтэй Бурхан багш агаар нэгэн буй. Өөр шашин шүтлэгийн загас жараахай, яст мэлхий сүрэг сүргээрээ явж ус ундааг бохирдуулж булингартуулсан ч Бурхан багшийн Ном цэвэр цэнгэг, намуун тогтуун хэвээр үлдэнэ.

З. Бурхан багшийн оюун ухаан бүх үнэнийг мэднэ.
Бурхан багш аливаа туйлширлаас зайлсхийж ямагт дундад зам мөрийг баримталдаг юм. Аливаа бичиг үсэг, хэлээс хол давсан байдаг учир тэрбээр хорвоогийн бүх хүний бодол санааг тод томруун уншиж, нэгээхэн агшинд оюун ухаандаа орчлонт ертөнцийг бүхэлд нь багтаадаг.

Зах хязгааргүй тэнгис далайн усанд бүх од мичид багтан тусдагтай адил Бурхан багшийн оюун ухааны далайд бүх хүний бодол санаа, бүх юм нэгэн зэрэг тусмуй. Тиймээс Бурхан багшийг Бүхнийг мэдэгч хэмээдэг.

Бурхан багшийн оюун ухаан, хүмүүсийн санаа сэтгэлийн цангааг тайлж, тэдэнд гэрэл гэгээ хайрлаж, амьдралын утга учрыг номлож, цэцэглэн дэгжих болон мөхөн сүйрэх, учир шалтгаан болон үр дагаврын үнэнийг нээн харуулна. Гагцхүү Бурхан багшийн оюун ухааны дэмээр хүмүүс энэ хорвоог танин мэднэ.

4. Бурхан багш хүмүүсийн өмнө гагцхүү Бурхан багшийн дүрээр буй болдоггүй.
Заримдаа Тэрбээр шулам, эмэгтэй хүн, бурхан, эзэн хаан, сайдын дүрээр ч тодордог. Тэрбээр янхан эм, мөрийтэй тоглогчийн гэрт ч залардаг. Халдварт өвчин тархсан цагт Бурхан багш эмч болж, бүгдэд эм тан тарааж, сургаал номоо хайрлана. Дайн дажин дэгдсэн цагт хүмүүсийг зовлон сүйрлээс аварч зайлуулахын тулд тэдэнд гэгээн сургаалаа айлддаг. Тэрбээр ганцхан үзлээ хатуу чанд баримтлах хүнд энэ ертөнцөд мөнхийн тогтонги юм үгүйг сургана. Тэрбээр биеэ тоож, амиа хичээсэн хүнд төлөв даруу байх, бусдын төлөө бие сэтгэлээ үл хайрлахыг номлоно. Тэрбээр энэ ертөнцийн зугаа цэнгэлд хууртсан хүнд хорвоогийн зовлон зүдүүр, аюул сүйрлийг үзүүлж харуулна. Амьдралын аливаа тохиолдолд илрэх Бурхан багшийн бүх үйл хэрэг Дхармакая (Бурхан багшийн үнэмлэхүй мөн чанар)-гаас үүдэн гардаг. Бурхан багшийн эцэс төгсгөлгүй амьдрал, авралын эцэс төгсгөлгүй гэрэл гэгээ нь мөн адил Дхармакаягаас гарна.

5.Энэ ертөнцийн амьдрал шатаж буй байшинд байгаа мэт амар тайван бус.
Хүмүүс мунхагийн харанхуйд автаж, хэрэлдэн уралцаж, атаа жөтөөнд өртөж, нэг нэгэндээ тунин гомдож, ертөнцийн шунал тачаал амьдралыг нь хиртээж хордуулна. Нялх хүүхдэд эх нь хэрэгтэйн адил хүмүүст Бурхан багшийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл үгүйлэгдэнэ.

Бурхан багш ариун явдалтай бүхнээс хамгийн ариун явдалтай нь болой. Тэрбээр энэ орчлонгийн эцэг нь юм. Тиймээс бүх хүн Түүний үр хүүхэд юм. Тэд гагцхүү зугаа цэнгэл хөөцөлдөж, аюул сүйрлийг урьдчилан харах оюун ухаангүй юм. Энэ хорвоо зовлон зүдүүрээр дүүрэн, энд үргэлж өтлөж өвгөрөх, өвдөж зовох, үхэх мөхөхийн гал сүүмэлзэж байдаг юм.

Харин Бурхан багш төөрөгдөл бүхий, галд автсан ертөнцийн гадна, чимээ аниргүй ойд буй бөгөөд Түүний айлдах нь: “Энэ бол миний ертөнц, энд амьдарч буй хүмүүс цугаараа миний үр хүүхэд юм. Гагцхүү би тэднийг эцэс төгсгөлгүй зовлон зүдүүрээс аварч чадна”. Бурхан багш бол үнэхээр Номын агуу их хаан мөн. Тэрбээр сургаалаа хүссэнээрээ номлож чадна. Бурхан багш хүмүүсийг амарлингуй болгож, тэдэнд зол жаргал авчрахын тулд энэ ертөнцөд заларсан юм. Тэрбээр хүмүүсийг зовлон зүдүүрээс аврахын тулд Номоо номлодог. Гэвч хүмүүс хүсэл шуналаасаа болж Түүний хэлснийг үл сонсож, Түүнд анхаарлаа үл хандуулдаг юм. Харин энэ сургаалыг сонсоод баярлаж баяссан хүмүүс шинэ ертөнцөд очиж тэндээс төөрөгдлийн мананд эргэж унахгүй. Бурхан багшийн хэлснээр “Миний сургаалыг зөвхөн түүнд сүсэглэн итгэсэн хүмүүс хүлээн авч чадна. Гагцхүү Бурхан багшид сүсэглэн итгэснээр энэ сургаалыг ойлгохоос бус ухаанаар эс ойлгоно”.

Иймээс Бурхан багшийн сургаалыг анхааралтайяа сонсож, чанд мөрдвөөс зохино.

 

эх сурвалж: budda.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …