О.Балжинням: Ханьдаа л “Хөдөлмөрийн баатар” болж байгаагаа харуулж чадсангүй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна.Тэдний нэг болох Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнууллаа.Тэрээр Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдыг олон жил дасгалжуулж байгаа билээ.

Ингээд түүний баярын сэтгэгдлээс хуваалцлаа.

Тэрээр “Би спортын байгууллагад 38 дахь жилдээ ажиллаж байна. Спортын салбарт зүтгэсэн нөр их хөдөлмөрийг минь ард түмэн, төр засаг минь үнэлж байгаад баяртай байна. Миний хувьд энэхүү шагналыг авахад Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн хамт олны маань зүтгэл нөлөөлсөн гэж бодож байна. 80 насыг зооглож буй ээж минь төрийн шагнал авахыг харлаа. Маш их баярлаж байгаа харагдсан. Хүнд жаргал зовлон ээлжилдэг. Намайг спортын салбарт хүчин зүтгэж байх үед ар гэрийг минь хариуцан үлддэг, таван сайхан хүүхдийн минь эх, хань минь гурван жилийн өмнө өвчнөөр бурхан болсон. Түүндээ л Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсноо харуулж чадсангүй. Гэхдээ хань минь дээд тэнгэрээс харж байгаа байх гэж итгэж байна. Төрийнхөө, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэндээ маш их баярлаж байна. Та бүхэн минь сайхан шинэлээрэй” гэв.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …