Үндэстэнээ голсон үндэсний үйлдвэрлэгчид

Монголчууд минь эх орныхоо өв соёлыг шингээсэн сайхан, сайхан бүтээгдэхүүн урлаж байна аа. Үнэхээр мундаг. Тэднээрээ бахархаж, тэднийхээ бүтээгдэхүүнээр гангарч, гайхуулж явмаар санагдах юм. Даанч бяд гэгч зүйл хүрэхгүй байна. Эндээс Монгол хүний ур ухаан шингэсэн гэх онцлогтой бүтээгдэхүүн тийм ч олон хүнд зориулагддаггүй бололтой гэсэн бодол төрөөд байгаа юм.
Таван нүдэн гэх гайхалтай хутга байна. Үнэхээр Монгол эр хүнд л баймаар эд. Гэвч төө хүрэхгүй төмөр хутга таван сарын цалинг минь тэр чигт нь хуу хамах шинжтэй. Яагаад Монгол эрчүүд бүгдээрээ хэрэглэж болохгүй тийм өндөр босго тогтоов гэж “таван нүдэн”-г үйлдвэрлэгчдээс асуумаар санагдах юм.
Энэ ганц хутган дээр яригдах зүйл биш. Монгол цамц, Монгол оймс, Монгол архи хүртэл импортын барааг хэд нугалсан үнэтэй худалдаалагдах юм.ГУМ компани “Шигүдэри” нэртэй шимийн архийг үйлдвэрийн аргаар гарган авч дэлхийг дайлна гэсэн сүрхий уриалга дэвшүүлжээ. Ганц ч дусал ус ороогүй, яг л уламжлалт Монгол аргаар гаргаж авсан шимийн архи гэх. Зорилго уриалгаасаа мань мэтэд зориулсан эд бишээ гэдэг нь харагдаад байгаа юм. Үнэ ханшийн тухай яриад ч хэрэггүй. Литр орчим хэмжээтэй шимийн буюу сул архийг вискинээс ч өндөр үнээр худалдаж авах шаардлагатай.
Японы саке, Шведийн төмсний архи, Солонгосын сөжү эд бол иргэддээ зориулсан үндэсний ундаа. Мөн иргэдээ дагаж дэлхийд гарсан бүтээгдэхүүнүүд. Гэтэл манайх шууд л гадныханд л зарах зорилготойгоор борчуудаа “ад үзсэн” бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Ийм байхад бид яаж үндэсний үйлдвэрээ дэмжих вэ. Бод! зах дээр нэг мянган төгрөгт таван оймс худалдаж байна. Хятадын үйлдвэрийн оймс гэдэг нь ойлгомжтой. Гэтэл манай Монгол оймс үйлдвэр дээрээ 2500 төгрөг. Дэлгүүр хоршоонд очвол 3000 төгрөгөөс дээш үнээр зарагдана. Яг үнэнийг хэлэхэд хэнийг оймсоор хангах гээд байна вэ.Томчуудыг уу? Тэд чинь Монгол оймс тоож өмсдөггүй л байхгүй юу. Бид бүгдээрээ л “Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгч “Хас” банкны захирал Г.Амартүвшингийн өнгө өнгийн оймс ямар үнэтэйг мэдэх үү? Уучлаарай та бидний нэг байтугай 10 өдрийн цалин ч түүнд хүрэхгүй байж магадгүй.
Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид нарантуул зах дээр шороон түмээрээ бужигнаж байгаа тэр худалдан авагчдад л зориулсан бүтээгдэхүүн хий л дээ. Яагаад хужаа барааг нарантуулынхан вагон вагоноор авч ирээд байна вэ. Худалдан авагч байгаа учраас л тэр. Гэтэл манай үндэсний үйлдвэрлэгчид хужаа барааг зах зээлээс шахахын оронд жинхэнэ худалдан авагчдаа голж гадны зах зээлийг сонирхох нь эмгэнэлтэй. Ийм байхад “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй” гэж мянга орилоод яах ч билээ. Дотоодын сонголтгүйгээс гадна үнэтэй барааг сонгож байхаар гадны хямдхан сонголттой бараан дунд хөлбөрч л байя гологдсон борчууд нь.

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Anonymous says

    чухам үнэнийг бичжээ

  2. Anonymous says

    mongoliin uildweriin yum arai unetei bna denduu
    aaruul yu we odo arai arai

  3. saraa says

    unen bichjee , uuniig buh uls unshval sain l bn daa yalaguya ter mongoliin uildverlegchid

  4. Anonymous says

    Үнэн үнэн монголынхоо үндэсний үйлдвэрийн хийсэн бүтээгдхүүнийг авахыг боддог даанч үнэтэй үнээ дагаад чанартай бол болж байна

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.