Өглөгийн эзэд

Сар шинийн баяр болох гээд л захуудаар түм түжигнэж, бум бужигнаж байна. Мөнгөтэй нь ч яах вэ, дэлгүүр нүүлгэх шахам их бараа таваар худалдан авч байна. Харин арай л цалин нь бууж амжаагүй, эсвэл тэтгэврийн хэддээ багтаах гэж зүдэрч яваа ахмадуудыг харахаар өрөвдмөөр ч юм шиг. Ер нь бол цагаан сарын баяр гэдэг чинь нэлээд бядтайхан хүний хийдэг баяр болчихоод удаж байгаа юм шүү. Бид л бэлэгдлээ бодож, хойдохоороо урдахаа нөхөж, элбэг хангалуун шинэ сараа угтах гэж хичээгаад байгаа болохоос гадны улсыг зорьсон Монголчууд маань төвөг цаашаа л гэдэг болчихсон байна лээ. Ёс уламжлалаа хадгалан үлдэх ёстой шүү. Энэ л биднийг туурга тусгаар улс гэдгийг батална.

Гэхдээ л авсан хэдээрээ арайчүү л гэж байгаа айл өрхөд цагаан сар гэдэг баяр үнэхээр том дарамт болж байгааг нуугаад яах билээ. Харин эсрэгээрээ энэ баярыг тэсэн ядан хүлээдэг улс байна. Цаана чинь. Хэн бэ гэдэг манай төрийн түшээд. Тэд маань биднийгээ мартаагүй л яваа бололтой. Өө тэгээд шуудай шуудайгаар нь гурил будаа, бэлэг сэлт тараагаад сүйд. Магадгүй биднийхээ ядарч байгааг ойлгосон болохоор баяраас өмнө амжаад баярлуулчих санаатай л явдаг байлгүй дээ. Сүртэй хууль тогтоомж баталж сүйд болсонгүй. Телевиз арааживаар айхтар гарч гийгүүлсэнгүй. Тэгэхээр сонгогч түмэндээ бараагаа харуулж, танигдах гэсэн далдхан хүслийн цаана өглөг буянаа хайрлачихмаар, буян үйлдчихмээр санагддаг байхыг хэн үгүйсгэх вэ дээ. Тиймээс манай өглөгийн эздэд цагаан сар шиг ашигтай, нигууртай баяр үгүй аж.

Нэг сумаар мянган туулай гэгчээр ирэх 2020 оны сонгуулиа урьдсан мөнчиг аятайхан, бас хуулиар хориглоогүй арга хэмжээ юм л даа. За тэгээд өгч л байвал авч л байхгүй юу даа. Мэдээж бидний халааснаас, бидний татвараас л бүрдэж байгаа хойно ганц ч гэсэн айлын гэрт гал болон асч, хоол болон ундаашиж байхад бид гоншгоноод юугаа ч хийх вэ дээ.

Ер нь хэний ч намын хүн байсан хамаагүй битон, данх тараадгаараа л тараана. Тэд чинь өөрсдийгөө өглөг хишгээ хайрлах учиртай гэгээтэн мэтээр ойлгож байгаа юм шүү дээ. Тэгэхээр ганцхан олдох энэ завшааныг ашиглаж, хэн их гурил тараах вэ гэдэг тэмцээн уралдаан зохиож л байг. Маньд ямар хамаа байх вэ. Авч л орхьё. Буян болог…

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.