Б.Солонго:Мiss International Queen тэмцээнд өөрийгөө бүрэн дайчилж оролцоно

Өдөр бүр 110 мянган хүнд өөрийн эрүүл зөв амьдралын тухай зөвлөж, мэдээ мэдээлэл хүргэж, нийгмийн хурдацтай амьдралд хөл нийлүүлэн яваа залуу бүсгүйг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Энэ бүсгүйг Б.Солонго гэдэг. Харин 110 мянга гэдэг тоо бол түүний фейсбүүк хуудас дахь дагагчдын тоо юм. Б.Солонгийг  Мiss International Queen тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гээд завгүй явахад нь түүнтэй ярилцлаа.

-Мiss International Queen 2018 тэмцээнд эх орноо төлөөлж оролцохоор болсон байна. Ямар шалгуураар энэхүү тэмцээд оролцохоор болсон бэ?

– Мiss International Queen тэмцээний хувьд дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп юм. Мiss International Queen 2018 тэмцээн ирэх хоёрдугаар сарын 25-наас, гуравдугаар сарын 9-ний өдрүүдэд үргэлжлэнэ. Тайланд улсын Бангкок болон Паттайяа хотод зохион байгуулагдахаар болсон. Энэхүү тэмцээн олон жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд миссийн бусад тэмцээнүүдээс хүний өөрчлөлтийг бодитоороо харуулж өгдөг талаараа ялгаатай. Тэмцээний шалгуурын хувьд оролцох хүсэлтэй хүн болгоныг оролцуулаад байдаггүй.

Улс үндэстэн болгоноос нэг юм уу, эсвэл хүн ам ихтэй улсуудаас дээд тал нь хоёр хүнийг оролцуулдаг. Гэхдээ энэ жилийн хувьд улс болгоноос нэг хүнийг оролцуулж байгаа. Уг нь шилдэг 32 оролцогчдыг шалгаруулдаг байсан. Харин энэ удаад нийт жараад орны шилдэг 28 оролцогчийг эхний ээлжид шалгаруулсан. Миний хувьд 2015 онд трансжендер бүсгүйчүүдийн дунд зохион байгуулагдсан Моngolian Beautу тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Энэ амжилтаараа олон улсын миссийн тэмцээнд өөрийгөө сорьж үзмээр санагдаад Мiss International Queen 2018 тэмцээнд өөрийн танилцуулгаа явуулсан. Дараа нь намайг нийгэмд өөрийгөө хэрхэн авч явдаг, тухайн улсдаа хэрхэн танигдсан талаар судалж, шилдэг 28 оролцогчийн нэгээр сонгосон байсан. Олон Улсын түвшинд хэр танигдсан юм гэдгээ мэдэхийн тулд тус тэмцээнд оролцохыг зорьсон. Өөрийгөө илүү дайчилж, өндөр хариуцлага тогтоогоод тэмцээндээ бэлтгэж байна. Танай сайтаар дамжуулан нийт Монголчууддаа хандаж хэлэхэд миний Solongo SOKO QQ пэйж дээр нийтлэгдсэн видео танилцуулгыг үзэж, өөрийн санал хүсэлт, үзэл бодлоо илэрхийлээсэй гэж хүсч байна. Видео танилцуулгыг минь дэмжиж лайк дарж, түгээх нь хамгийн их хэрэгтэй байгаа. Тиймээс Монголын ард түмэндээ намайг дэмжээрэй гэж хүсч байгаагаа илэрхийлье.

-Тэмцээндээ хэзээ явах вэ?

-Тайланд улс руу хоёрдугаар сарын эхний долоо хоногтоо амжаад явах төлөвлөгөөтэй байгаа. Харин цагаан сараа эх орондоо тэмдэглэж чадахгүй нь дээ.

 Миссийн тэмцээнд оролцогчдын боловсрол, хэлний мэдлэгийг манайхан шүүмжилж байгаа харагддаг. Таны хувьд боловсролдоо хэрхэн анхаардаг вэ?

-Би таны харж байгаагаар эрэгтэй байж байгаад эмэгтэй болсон хүн. Тэгээд ч Монгол улсад хийгдэх боломжгүй хагалгааг Тайландад хийлгүүлсэн. Мэс засалд орноо гэдэг бол наад онгоцонд суухаас эхлүүлээд тухайн оронд очоод гадаад хүмүүстэй харилцах асуудал гарч ирдэг. Тиймээс өөрийнхөө гадаад хэлний мэдлэгийг сайжруулах шаардлага тулгарна биз дээ. Англи хэлийг давгүй сайн суралцсан учраас эмч, сувилагчтай өөрөө ярилцаж, хагалгаагаа хийлгэсэн. Тэгэхээр би өөрийгөө англи хэлтэй гэж бардам хэлж чадна. Харин орос хэлийг бага ангидаа сурч байсан. Оросын нэвтрүүлгүүдийг өөрийнхөө хэмжээнд ойлгоод үзчихдэг. Тэгэхээр Мiss International Queen тэмцээнд оролцоход хэлний асуудал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Таны арьс үнэхээр сайхан харагдаж байна. Өвлийн эрс тэс уур амьсгалд, бас утаатай, агаарын бохирдолтой энэ үед арьсаа хэрхэн арчилдаг вэ?

-Баярлалаа. Нээх айхтар онцгойрсон арчилгаа байхгүй. Бусдын л адил арьсаа арчилдаг. Өөрийнхөө фейсбүүк хуудсаар дамжуулж, охид бүсгүйчүүддээ зөвлөгөө өгдөг. Гэхдээ зөвлөгөө өгч байгаа бүсгүйчүүдээ нүдээр харж, уулзаж байгаагүй болохоор өдөр тутамдаа ямар хоол хүнс хэрэглэдэг, орой доо хэдэн цагт унтаж амардаг, стресс хэр түвшинд байгаа зэргийг нь мэдэхгүй учир миний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд заримд нь тохирохгүй байж асуудал тулгардаг.

Хүн өөрөө байгалийн амьтан учраас өөрийнхөө арьсыг нөхөн төлжүүлж, зөв арчлах хэрэгтэй. Гадна талд нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа ч өөрийнхөө биеийн дархлааг сайжруулж байж арьсаа гоё сайхан хэвээр хадгалж үлддэг. Бүсгүйчүүддээ хэлэхэд идэж байгаа хоол хүнсэндээ анхаарах ёстой.

-Таны хувьд хэрхэн хооллодог вэ?

-Хоол хүнс бол эрүүл байхын үндэс юм. Миний хувьд өдөрт нэг удаа л хооллодог. Ингэхдээ гахай, үхэр, загасны махыг байцаагаар ороож нь идэх амттай. Бас хажуугаар нь жимс, ногоог түлхүү хэрэглэдэг.

Хүн өөрөө хэн байхаас үл хамаарч хичээвэл, санхүүгийн асуудлаа шийдвэрлэж, зах зээлд өрсөлдөгч болж чадна

 

 

Уучлаарай хувийн шинжтэй асуулт асууж болох уу?

-Болно.

Та гоо сайхны бүтээгдэхүүний зардлаа хэрхэн олдог вэ. Эмэгтэй хүнд сайн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд санхүүгийн хувьд асуудал үүсэх тохиолдол гардаг шүү дээ?

– Би Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрийн сургуулийг 2012 онд маркетинг менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Мэргэжлээр аль нэгэн компанид ороод хамт олонтой болоод ажиллаж чадахгүй байгаа ч боломжийн хэмжээнд зөвлөгөө өгчихдөг гэж боддог шүү. Дуучин Нара, загвар өмсөгч Төгсөө нарын хамт Z24 нислэгийн компанийн нүүр царай болж дүрээ мөнхлөөд амжсан. Олон сайхан телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан. Тэгэхээр хүн өөрөө хэн байхаас үл хамаарч хичээвэл, санхүүгийн асуудлаа шийдвэрлэж, зах зээлд өрсөлдөгч болж чадна гэж үздэг.

Мөн гоо сайхны компаниуд надтай хамтарч ажиллах хүсэлтэй байдаг. Тэгээд л өөрийн хэрэглэхийг хүсч байгаа бүтээгдэхүүнээ сурталчилж өгөөд хөнгөлөлттэй авдаг. Заримдаа үнэгүй авчих ч тохиолдол бий. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ шүү дээ. Маркетингийн чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Мөн намайг автомашин оруулж ирдэг гэдгийг фейсбүүкийн найзууд минь мэддэг болсон байх.

– “Гоо сайхны бүтээгдэхүүний зардлаа хэрхэн олдог вэ” гэж асуусан шалтгаан минь таныг олон нийт ардаа ивээн тэтгэгчтэй гэж ярьдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ. Олон нийтийн энэ хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ?

– Монголд 20 гаруй трансжендер байгаа. Эдгээр хүмүүс дунд сайн, муу яваа нь олон. Гэвч энэ хүмүүсийн хийсэн үйлдэл бүрийг Солонготой холбож ярьдаг болсон байна. Би өөрөө фэйсбүүк орчинд идэвхтэй байдаг. Тиймээс зарим хүний үйлдлийг надтай холбож байгааг олж хардаг л даа. Би хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй шүү дээ. Харин өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж болно. Бусад нь ивээн тэтгэгчтэй учир Солонго ч бас ивээн тэтгэгчтэй гэж харж болохгүй биз дээ.

-Та найз залуугаа танилцуулаач?

-Миний найз залуу эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж явдаг залуу байдаг. Миний өмнө найзалж байсан залуучууд олонд танигдсан хөдөлгөөнтэй эрчүүд байсан. Харин надад тийм залуу тохирохгүй юм байна лээ.Учир нь би чинь өөрөө олны анхаарлын төвд байдаг, их хөдөлгөөнтэй дайчин шинж чанартай болохоор миний хажууд тийм хүн огт тохирохгүй юм байна лээ. Арга бэлэг талаасаа тохиролцдоггүй юм байсан. Миний ааш зан зарим үедээ түргэдээд байдаг. Харин миний найз залуу бол намайг зөв чиглүүлдэг сайхан сэтгэлтэй залуу.

Миний тухай шар хэвлэлүүд сайн, муу хангалттай бичсэн

 

 

Монголчууд та бүхэнтэй хэрхэн харилцдаг вэ. Нэг үеэ бодвол хандлага өөрчлөгдсөн болов уу гэж бодогдож байна. Та нийгмийн харилцаанд хэрхэн оролцож байна вэ?

-Би нийгмийн бүхий л харилцаанд эрх тэгш оролцдог. Өөрийгөө нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох чадвартай гэж дүгнэдэг. Бусдад буруу үлгэр дууриалал үзүүлдэггүй бол Монголчууд маань хэн нэгнийг буруутгаад үзэн ядаад байдаг ард түмэн биш. Танай сайтыг хүндэтгээд зарим хүмүүсийн хийж явдаг муухай үйлдлийг ярьмааргүй байна.

Аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүд Соко эгчтэй зургаа авахуулмаар байна гэдэг. Энэ нь надад маш их таалагддаг. Энгийн л хүн хоорондын харилцаа шүү дээ. Нэг үеэ бодоход биднийг гадуурхаж байгаа үйлдэл нь багасчээ.

-Таны амьдралын хүсэл тэмүүлэл, цаашдын зорилго юу вэ?

– Би зорилго хүсэл мөрөөдлөө аливаа нэгэн зүйлээр хэмжих дургүй. Жил болгон тодорхой нэгэн зорилго тавьж, түүндээ хүрэхийг тэмүүлдэг. Эхний ээлжид Мiss International Queen амжилттай оролцох зорилготой байна. Харин дараа нь бусдад туслаад сайн үйлсийн аян зохион байгуулах мөрөөдөлтэй явдаг.

Бага насны хүүхдүүдэд зориулсан асрамжийн газар байгуулахыг хүсдэг. Ялангуяа машин зам дээр үнэртүүлэгч, самар, жимс зарж яваа хүүхдүүдийг харахаар өрөвддөг. Эдгээр хүүхдүүд амьдрах нөхцөл сайтай, гэр оронтой байсан бол замын хажуугаар эрсдэлтэй алхам хийгээд яваа ч уу үгүй ч үү. Энэ бүх зүйл юунаас болоод байна вэ гэвэл гэр бүл төлөвлөлттэй холбоотой. Гэр бүлээ зохиож байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдөө сайн хүн болж төлөвшөөгүй үед хүүхэд төрүүлж байна. Эндээс л олон өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эх бий болж байгаа. Тиймээс залуусыг сайн эцэг, эх болоход нь сургаж, хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүнийг хийж хэрэгжүүлэхийг зорьж, хүсч явдаг. Мэдээж Сокогоор ийм зүйл заалгана гэж юу байх вэ гэж эсэргүүцэх байх л даа. Гэхдээ яагаад би гэж мэдлэгтэй, чадвартай, туршлагатай олон сайхан багш зааж сургаж болно шүү дээ. Би чиглүүлэгч нь, хэрэгжүүлэгч нь л байя гэж хүсдэг дээ. Бүгд эрх тэгш байж, амжилттай яваад эхэлбэл энэ нийгэмд ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл байхгүй болно гэж боддог.

-Та олон рекламанд дүр бүтээлээ. Харин кинонд тоглооч гэдэг санал ирж байна уу?

-Кинонд тоглуулах санал ирдэг. Гэхдээ ихэвчлэн эротик кинонд тоглуулах санал ирээд байдаг юм. Би татгалздаг. Хүний өөрчлөлтийг харуулсан, хүний дотоод сэтгэлд юм бодогдуулсан, ухаарал хайрласан киноны санал ирвэл татгалзахгүй. Гэвч одоогоор миний хүсч байгаа киноны санал ирэхгүй л байна.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа?

-Миний тухай шар хэвлэлүүд сайн муугаар хангалттай бичсэн. Гэхдээ Соко гэдэг хүнийг энэ нийгэмд таниулсан учраас би тэднийг шүүмжлээд байдаггүй. Харин одоо өөрийгөө зөв өнцгөөс бусдад таниулахыг хүсч байна. Тиймээс өглөө бүр эерэг ярилцлага нийтлэгдэж байдаг танай сайтад ярилцлага өгсөндөө баяртай байна.

– Мiss International Queen тэмцээнд танд амжилт хүсье.

Г.Нараа


Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …