Л.Мөнхбаатар: Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөлд бүртгэлийн байгууллагыг бүрэн цахимжуулах асуудлыг тусгасан гэдгийг хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.

Л.Мөнхбаатар: Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдсан. Ингээд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг хийсэн юм. Тухайн үед улс төр, нийгмийн нөхцөл байдал их амаргүй байсан. Бүртгэлтэй холбоотой зөрчилтэй олон зүйл гарсан. Сонгуулиа явуулж чадахгүй хэмжээнд хүртэл хүрсэн. Мөн нийгмийн халамж, даатгал давхардуулан авдаг гэх мэт олон зүйлээс болж төвөгтэй байдлууд бий болж байсан. Ийм учраас иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулах шийдвэр гарч бүх иргэнийг шинэчлэн бүртгэсэн. Энэ бол их амаргүй ажил байсан. Нийт 15 сая баримтыг бүгдийг нь цахимжуулсан. Үүний үр дүнд иргэн бүр нэг хувийн хэрэгтэй болсон. Хуучин төрсний болон гэрлэлтийн гэх мэт бүх бүртгэл нь тус, тусдаа байсан. Иргэдийнхээ мэдээллийг цэгцэлсний дараа өөрийнх нь хурууны хээ болон зургаар нь баримтжуулсан. Ингээд иргэн бүрийн мэдээлэл зөв болсон. Үүний үр дүнд 682 мянган зөрчлийг арилгасан. Монгол улсын бүх иргэн зөрчилгүй мэдээлэлтэй болж, цахим сантай болсон. Мөн цахим үнэмлэхийг иргэдэд өгсөн. Энэ бол бүртгэлийн томоохон шинэчлэл байсан юм. Мөн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд томоохон шинэчлэл хийж цахимжуулсан. 2011 онд гадаад паспортыг чиптэй буюу цахимжуулах асуудал яригдсан. Ингээд тухайн үед Гадаад хэргийн яам болон миний тушаалаар техник, технологийн бүх шийдлүүдийг нь гаргаад шийдвэрлэсэн. Үүнээс хойш долоон жил өнгөрсөн. Гэтэл яагаад энэ жил удаашраад байгаа юм. Хийхэд хэцүү ажил биш шүү дээ.

Уг нь энэ ажлын суурийг тавиад шийдвэрлэчихсэн. Манай улсын иргэд гадаад улс оронд зорчиход бэрхшээлтэй болж байна. Сунгалт хийсэн ч сунгалтыг нь уншдаг аппарат дэлхийд байхгүй боллоо. Долоон жилийн өмнө шийдвэрлэсэн ажил удааширч байгаад харамсаж байна. Нөгөөтэйгүүр одоо тендерт шалгарсан Унгарын компанийг эргэн харах шаардлагатай байна. Дэлхийд бүртгэл хийдэг тэргүүлэх хэд, хэдэн компани байна. Зөвхөн цаас үйлдвэрлэдэг бэлдэц хийдэг компанийг сонгон шалгаруулсан байна. Богино хугацаанд энэ ажлыг хийх хэрэгтэй байна. Улсын бүртгэл дээр үүсээд буй хэцүү хүнд асуудлыг шийдэх боломж бий. Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй. Ер нь шуурхай, сэтгэлтэй, хурдацтай, техник технологид суурилсан ажил манай улсын бүртгэлийн ажилд дутагдаад байна. Иргэн өөрийнхөө тухай мэдээллийг өөрөө олох гэж гүйгээд байж болохгүй. Уг нь тухайн иргэний мэдээлэл нь цахим бүртгэлд байгаа шүү дээ. Төрд иргэний мэдээлэл нь байхад нь дахин өөрийнх нь мэдээллийг олуулахаар гүйлгээд байж болохгүй” гэлээ.

Р.Содхүү: Бид шуурхай ажиллаж байгаа

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга P.Содхүү “Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн-Нэг бүртгэл” зорилтын хүрээнд бүртгэлийн байгууллагыг цахимжуулах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр түргэн шуурхай хангахаар ажиллаж байна. Хуулийн гол агуулга бол бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаа цахимжуулах явдал юм. Бэлтгэл ажилд нэг жил 4 сар зарцуулсан. Сая бид АНУ яваад ирлээ. Тэнд 6 долоо хоногийн дараа гадаад паспорт олгодог юм байна. Манай газрын хувьд гадаад паспортыг 7 хоногийн хугацаанд, яаралтай бол 3 хоногт багтаан гаргаж байна. Иймд манай байгууллага шуурхай байдлыг хангаж ажиллаж байгаа гэж хэлж болно. Бид 1.4 жил бүртгэлээ цахимжуулах үүднээс техникийн шинэчлэл хийсэн. “Монгол Улсын ой санамж 1, 2, 3” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Иргэний бүртгэлийн газарт иргэдийн оочер дугаар их байгаа гэдэг. 2016 онд бид иргэний үнэмлэх, гадаад паспортын бэлдэц байгаагүй учир 45 хоногоор саатаж байсан. Одоо 7 хоногийн дотор паспорт гарч байгаа. Яаралтайгаар гурав хоногийн дотор паспортыг гаргана. Бид шуурхай үйлчилгээр бүрдүүлж чадсан. Манайтай аюулгүй байдлыг хангах үүднээс хамтарч ажилладаг байгууллагуудтай зарим мэдээллийг нууцлалын дагуу цахимаар авч байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.

Ц.Мөнх-Оргил: Хөгжилтэй орнууд цаасан бүртгэл рүүгээ эргэж шилжиж байгаа юм билээ шүү

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Агентлагийн тоог цөөрүүлэх үүднээс хүчээр Оюуны өмчийн газрыг улсын бүртгэлтэй нийлүүлсэн. Энэ хоёр байгууллага нь өөр өөр статустай. Хоёр өөр байгууллагыг нийлүүлснээр үүсч буй асуудал юу байна. Уг нь эдгээр байгууллагыг аль болох эрт тус тусад нь ажиллуулах хэрэгтэй. Японы нэг хот хакердуулснаар бүртгэл устсан байсан. Уг нь хөгжилтэй орнууд цаасан бүртгэл рүүгээ эргэж шилжиж байгаа юм билээ шүү” гэв.

Ц.Нямдорж: Оюуны өмчийн газрын бие даасан статусыг сэргээхээр УИХ-д оруулж ирнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Оюуны өмчийн газрыг бүртгэлийн байгууллагатай нийлүүлсэн нь буруу. Би хавраас энэ хоёр байгууллагыг салгаж, Оюуны өмчийн газрын бие даасан статусыг сэргээхээр УИХ-д оруулж ирнэ. Цахим орчин найдвартай биш, устах магадлал өндөр. Тиймээс цаасан бүртгэл хэвээр цааш үргэлжилнэ. Уг нь энэ байх ёстой. Ном журмаараа байдаг юмыг буулгаад дахиад сэргээдэг нялхсын өвчин биднээс салахгүй байгаа. Дотоодын цэргийг нэгтгэчихээд дахиад салгаж байна. Оюуны өмчийн газрын бие даасан хэлбэрийг сэргээх ёстой. Хавраас энэ хуулийн төслийг оруулж ирнэ. Цаашид төр тогтвортой, суурьтай байсан нь дээр. Германд явж байхад 200-300 жилийн өмнө байшингийн бүртгэл хийж байсан. Ингэхдээ бичгийн машинаар биш гараар бичиж байсан. Цахим орчин тийм ч найдвартай биш. Хакердвал юу ч үгүй болно” гэлээ.

Б.Дэлгэрсайхан: Эд хөрөнгийн бүртгэлийн байцаагчийг суманд ажиллуулаачээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Манай улс хүнээ бүртгэж чадаж байна уу. Жишээ нь, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 17мянган оршин суугч байгаа. Өдөртөө орж гардагтайгаа нийлээд 30 мянган иргэн байдаг. Дээр нь эд хөрөнгийн бүртгэлийн байцаагч аймагт л байна. Суманд ажиллуулаач ээ” гэв.

Р.Содхүү: Орон тоог нэмэхгүй

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү “Миний харъяанд 27 байцаагч ажилладаг. Орон тоог цаашид нэмэхгүй гэсэн. Аймгуудад эд хөрөнгийн байцаагч байгаа. Үүн дээр үл хөдлөх хөрөнгийн байцаагчийн орон тоо гарсан. Гэхдээ бид орон тоогоо нэмэхгүйгээр зохицуулж байна. Суманд хөдлөх хөрөнгийн байцаагч байхгүй” гэлээ.

Б.Анир

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …