Владимир Путин гуравдугаар сард болох сонгуульд ялах магадлал өндөр байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх гуравдугаар сарын 18-нд болно. Сонгуульд дахин өрсөлдөж байгаа Д.Путин бусад 15 өрсөлдөгчөөсөө саналын хол зөрүүтэй ялалт байгуулж 2024 он хүртэл төрүүн тэргүүний ажлаа үргэжлүүлэх магадлалтай байна.

Тэгвэл гадаадын эдийн засагч, судлаач, шинжээчид Оросын эдийн засаг өөрчлөгдөхгүй байгаа болон үүнд дорвитой арга хэмжээ авах цаг болсон талаар хэлжээ. Лондонд төвтэй санхүүгийн үйлчилгээний IHS Markit компанийн эдийн засагч Лилит Геворгяан “Хэрэв В.Путин ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол эдийн засаг болон гадаад харилцаанд дорвитой өөрчлөлт гарахгүй л болов уу” хэмээжээ.

Барууныхны хориг,  газрын тосны үнийн уналтаас болж 2015 онд Оросын эдийн засаг зогсонги байдалд орсон. Харин рублийн ханш тогтвортой байгаа ба ажилгүйдлийн төвшин буурсан байна. Төрийн өмчийн эрх мэдэлд байдаг Оросын газрын тосны салбар дэлхийд нэгт бичигдэж байсан ч сүүлийн жилүүдэд АНУ-ын дараа жагсах болсон.

Америкийн эрдэм шинжилгээний байгууллага болох Атлантикийн Зөвлөлийн Шведийн талын гишүүн, эдийн засагч Андерс Аслунд “Оросын эдийн засаг сүүлийн жилүүдэд идэвхжихгүй байгаа. Шинэ санаачлага боловсруулж, хувиараа бизнес эрхлэхийг дэмжиж байгаа зүйл ажиглагдахгүй байна” гэсэн.

Олон Улсын Валютын Сан Оросын эдийн засаг ирэх таван жилийн хугацаанд жилд дунджаар ердөө 1.5 хувиар өсөх болохыг таамагласан. Хэрвээ газрын тосны үнэ цаашид буурсан хэвээр байвал эдийн засаг хямарч эхлэх магадлалтай байгаа аж. Геворгяан хэлэхдээ “Орос хээл хахуулийн асуудлыг чангатгаж, танил талаа дээшлүүлэх явдлыг зогсоон, геополитикийн асуудалд дорвитой арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй. Ингэснээр гадаадын хөрөнгө болон экспертизүүдийг татах боломж бүрдэх болов уу” хэмээсэн.

Испанийн Santander банк Оросын хөрөнгө оруулалт эдийн засгийн хүчин чадалтай нь харьцуулахад сул байгааг онцолжээ.

Германы Berenberg банкны Европын талыг хариуцсан эдийн засагч Карстен Хессе “Зөвхөн Засгийн газрын хөрөнгө оруулалт, үүнд харьяалагддаг компаниудад найдах нь хангалттай биш. Энэ оны зургаа болон долдугаар сард зохион байгуулагдах FIFA дэлхийн цомын тэмцээн Оросын хувьд гадаад харилцаагаа сайжруулах тохиол байж магад” хэмээсэн байна.

Трампын засгийн газар энэ сарын сүүл хүртэл өнгөрсөн наймдугаар сард Конгрессоор баталсан шинэ хориг хэмжээ авах улсуудын жагсаалт гаргана. Жагсаалтад олигархууд болон Оросын Засгийн газрын өрийн талаарх асуудлыг тусгах магадлалтай байгаа аж.

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …