Иргэд газрынхаа асуудлаар бодлого тодорхойлогчидтой нүүр тулан ярилцлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн газрын харилцаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, гомдлын талаар “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд сарын хугацаанд иргэдийн санал гомдлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан авлаа. Нийт 530 орчим иргэн санал гомдлоо ирснийг ажлын хэсэг хүлээн авч, өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт өргөн барьсан юм.

НИТХ анх удаагаа иргэдийн газрын асуудлыг нээлттэй хэлэлцэж байгаа нь энэ үйл ажиллагааны онцлог байв. Тиймээс ч иргэд өөрийн асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн удирдлагуудад хүргэх зорилгоор хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байна.

Гэхдээ хэлэлцүүлгээр хэн нэгэн иргэний санал гомдлыг шууд шийдвэрлэх боломжгүй гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Харин иргэдээс ирсэн санал гомдлыг тусган авч, хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэн НИТХ-ын зөвлөмж гарч, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм. Ингэснээр иргэдийн өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлууд шийдвэрлэгдэх, гарц, гаргалгааг олох боломж бүрдэнэ гэж онцолж байна.

Хэлэлцүүлгийн хувьд үнэхээр цаг үеэ олсон гэж иргэд талархал дэвшүүлж байлаа. Замбараагүй газар олголтоос үүдэлтэй, эмх цэгцгүй байдал, олон жил хашаа хатган амьдарсан ч өөрийн нэр дээр өмчилж чадахгүй яваа иргэний гомдол, нэг хүний нэр дээр маш олон газар өмчлөгдсөн тухай асуудал, газрын албаныхны хариуцлагагүй болоод хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар иргэд нийслэлийн удирдлагууд болон нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй нүүр тулан ярилцаж байна.

Уурлах, бухимдах асуудал маш их. Хэлэлцүүлгийн үеэр үүнийгээ ч илэрхийлэхээр ирсэн иргэн олон байв. Зарим нь “өгсөн гомдол хүсэлтийг бөөгнүүлж байгаад хогийн саванд хийх байлгүй”гэсэн цөхөрлийн үгс чулуудаж харагдсан. Гэвч нийслэлийн удирдлагууд, газрын албаныхан, УИХ-ын гишүүн анх удаагаа иргэдийнхээ газартай холбоотой асуудлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ бол дэвшил юм.

Хэлэлцүүлгийн үеэр газартай холбоотой гомдол хэлсэн иргэдийг олонхи нь Баянзүрх дүүргийнх байлаа. Тэд дүүргийн газрын албыг ихэд шүүмжилж, үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдгаа хэлж, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунд гомдлоо бичгээр гардуулан өглөө. Мөн нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд биечлэн гомдол гаргасан иргэд ч байв.

Арав гаруй жил газрын асуудлаа шийдвэрлэхээр дүүргийн болон нийслэлийн газрын албаны үүд сахиж байгаа иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх боломж бүхий хэлэлцүүлэг учраас амжиж үгээ хэлэхийг хүссэн иргэд хүлээцтэй гэгч нь урт дараалалд зогсож харагдлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Иргэдийн санал, гомдлыг сонсоод газрын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. 2018 онд багтаж энэ хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэх болно” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Миний сонгогдсон Баянгол дүүрэгт газартай холбоотой маш их асуудал байдаг. Гэвч энэ асуудлууд хууль тогтоомж өөрчлөгдснөөр засагдана гэж бодохгүй байна. Хамгийн чухал нь газрын албанд ажиллаж байгаа хүмүүс хуулиа дагадаг байх шаардлагатай. Тэд хариуцлагатай, зарчимтай ажилладаг болсон цагт бид хуулиа өөрчилж, хэрэгжүүлэх боломжтой” гэж мэдэгдсэн юм.

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Баянгол дүүрэгт иргэдэд өмчлүүлэх газар байхгүй. Гэтэл тус дүүрэгт нэр дэвшигчид байнга л газар амласан байдаг. Тухайлбал, арваад жилийн өмнө н.Энхболд газар амлаж УИХ-д сонгогдсон байдаг. Гэвч одоо ч иргэдийн уг асуудлыг шийдвэрлэж чадаагүй байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж байж л газрын албанд ажиллаж байгаа хууль бус үйлдэлд холбогдсон хүмүүст хариуцлага тооцно. Монголд мөнгөтэй хүн газар худалдаж авдаггүй. Харин мөнгөгүй иргэд л газар худалдан авч байна. Хэн ямар эрх мэдэлтэй нь ганцаараа олон мянган га газар авч, хэн нь хуулиар олгогдсон 0.7 га газраа авч чадахгүй байна вэ гэдгийг л ялгаж тогтоож, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй” гэж асуултанд хариулсан юм. Түүнийг хариулах үед үзэгчдийн суудлаас өөрийгөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн гэж танилцуулсан хүн “Д.Бумбаяр заан манай хорооны нутагт 60 мянган га газар эзэмшдэг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ. Үнэхээр л шударга юм бол тэр газраа малчид бидэнд хуваагаад өгчих хэрэгтэй” гэж хэлээд олныг шуугиулж орхилоо. Д.Бумбаяр бол Ц.Одонтунгалаг төлөөлөгчийн нөхөр юм.

Баянзүрх дүүргийн иргэдээс ирсэн гомдолтой холбоотой, энэ дүүрэгт юу болоод байна вэ гэсэн асуултанд НИТХ-ын дарга С.Амарсайхан “Баянзүрх дүүргийн иргэд бухимдахаас ч аргагүй нөхцөл байдал үүссэн байгаа. Улс төрийн агуулгатай, нам эвслүүд учир зүйгээ олохгүй байгаа асуудал бий. Үүнээс шалтгаалж иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд гацаанд ороод байна. Тэгвэл үүнийг шийдвэрлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас ажлын хэсэг гарч, Баянзүрх дүүрэг дээр ажилласан. Мөн АН, МАН-ын хамтарсан ажлын хэсэг гарч хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Эзэнтэй ч биш, эзэнгүй ч биш ийм байдалтай байгаа учраас ажлын хэсэг дүгнэлт гаргаж, Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлсэн. Гэхдээ өнөөдөр нийслэлийн иргэдийн газартай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол санал байнга ирж байна. Тэр нь үндэслэлтэй байгаа. Тийм учраас л өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээс өмнө иргэдийнхээ санал гомдлыг хүлээн авсан. 500 гаруй санал гомдол ирснийг ангилсан. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь давуу тал юм. Эндээс бид иргэдийнхээ гомдлыг богино хугацаанд шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд яаралтай, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах, хохирсон иргэдийг хохиролгүй болгох хууль зөрчиж байгаа асуудлыг цэгцлэх зэрэг ажлуудыг зохион байгуулна. Газрын асуудлыг шийдвэрлэхгүйгээр иргэдийн аж амьдралын тухай, нийслэлийн хот төлөвлөлтийн тухай ярихад учир дутагдалтай байна. Энэ хэлэлцүүлэг өнөөдрөөр дуусахгүй. Дүүрэг дүүрэг дээр газрын албаны даргатай нь хамт сууж байгаад иргэдийнх нь гомдол саналыг сонсож шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлнэ болно” гэж мэдэгдсэн юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхны ярианаас өнөөдрийн хэлэлцүүлэг бол эхлэл эндээс гарсан саналыг ажил хэрэг болгох, цаашлаад дүүрэг бүрт хүрч, дүүргийн иргэн бүрийн газрын асуудлыг холбогдох хүмүүсийг нь байлгаж байгаад шийдвэрлээд явна гэж ойлголоо. Газрынхаа асуудлыг шийдвэрлэсэн Улаанбаатарчуудын дараагийн хөгжил рүү алхахад дөхөм болох юм байна.

Ямартай ч энэ хэлэлцүүлэг тун үр дүнтэй, ач холбогдолтой гэдгийг ойлгосон иргэд хэлэлцүүлгийн зохион байгуулагчдад алга ташч баяр хүргэж, зөвлөмжөө яаралтай гаргаж, гомдолтой асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хүслээ.


Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …