Дейл Карнеги: Ухаантай хүн бусдыг буруутгах бус, ойлгохыг хичээдэг


Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, зохиолч Дейл Карнеги АНУ-ын Миссури мужийн нэгэн тосгонд ядуу айлын хүү болон төржээ. Тэрээр хар багаасаа өглөөний дөрвөн цагт босож үнээгээ саахаас эхлэн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийлгүй ажилладаг байсан ч өөрийгөө дайчлан Уорэнсбургийн Багшийн коллежид суралцан боловсрол эзэмшиж чадсан юм.

Карнеги тухайн үеийн сэтгэл зүйчдийн боловсруулсан онолын үндэслэлийг амьдралд хэрэгжүүлсэн төдийгүй, хүмүүсийн хоорондын харилцааны талаар өөрийн гэсэн үзэл баримтлал боловсруулж, бусадтай харилцахдаа таатай уур амьсгал бий болгох арга, илтгэх урлагийн ур чадварыг эзэмших, өөрийгөө төгөлдөржүүлэх боломжийн тухай зэрэг сэтгэл зүйн цуврал лекцийг гаргажээ.

Тэрээр “Муу хүн гэж байхгүй, харин муу нөхцөл гэж бий. Амьдралаа үрэн таран хийж, эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг зовоолгүй таагүй нөхцөл байдалтайгаа тэмцэх хэрэгтэй” гэж хэлдэг байжээ. “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” ном нь түүний хамгийн шилдэг бүтээл нь бөгөөд 30 гаруй орны хэлээр хэвлэгдэж, тухайн салбартаа хамгийн олон хүнд хүрсэн хэмээн үнэлэгддэг. Энэхүү ном нь зургаан бүлэгтэй бөгөөд хувь хүний харилцаанаас эхлээд гэр бүл, олон нийттэй үр дүнтэй харилцах арга зарчмуудыг энгийн ойлгомжтойгоор арвин баялаг жишээнүүдээр харуулсан. Ингээд номны эхний бүлэг болох хүмүүстэй үр дүнтэй харилцах үндсэн техникүүдийн талаар товч дурдъя:

Шүүмжлэл бол ямар ч үр ашиггүй зүйл. Учир нь хүн өөртөө хамгаалалт тавьж, өөрийгөө зөвтгөхийг чармайдаг. Шүүмжлэл бол аюултай, учир нь энэ нь хүний үнэт итгэлийг алдруулж, өөрийгөө чухал гэх мэдрэмжийг нь үгүй болгож, дургүйцэл, гомдлыг төрүүлдэг. Хүмүүсийг буруушаахын оронд тэднийг ойлгохыг хичээцгээе. Тэд яагаад ийм зүйл хийх болсон шалтгааныг нь, тухайн нөхцөл байдлыг төсөөлөхийг хичээцгээе.

Хүн бүр өөрийгөө чухал гэдгийг мэдрэхийг хүсдэг. Энэ л хүсэл нь та биднийг сүүлийн үеийн загварын хувцас өмсөж, ганган машин унаж, амжилттай яваа хүүхдүүдийнхээ тухай ярихад хүргэдэг. Үр дүнтэй харилцааны нууц нь хүний мөн чанарыг мэдэх явдал юм. Хүн бүр магтаалд дуртай. Сайшаал, магтаал нь хүнийг урамшуулж, өөртөө итгэх итгэлийг нь өсгөж, чухал гэдгийг нь мэдрүүлдэг.

Бусад хүмүүсийн сайн талууд дээр төвлөрцгөөе. Гэхдээ зусар үг, долигонуур занг мартъя. Хуурамч бус, үнэн сэтгэлээсээ бусдыг сайшаая. Би гүзээлзгэнэ, креймэнд дуртай. Харин загас барихаар явахдаа гүзээлзгэнэ, креймийг биш, өт хорхойг өгөөш болгон ашигладаг. Харилцаанд ч тэр энэ л зарчмыг ашигла. Та хэн нэгнийг ямар нэгэн зүйл хийлгэхээр ятгах гэж байгаа гэж бодъё. Та ярихаасаа өмнө өөрөөсөө ингэж асуугаарай, түүнд үүнийг хийх хүслийг хэрхэн төрүүлэх вэ?

Бусдад таны бус, өөрсдийнх нь ажил хэрэг сонирхолтой гэдгийг сана. Хүн буруутай байж болно. Гэвч тэр өөрөө ингэж боддоггүй ажээ. Тэгэхээр илчлэх хэрэггүй. Тэнэг хүн хэн боловч ингэж чадна. Ухаантай бол хүнийг буруутгах биш ойлгохыг хичээдэг. Хүн болгонд өөрөөрөө байж үл болох тодорхой шалтгаан байдаг. Энэ далд шалтгааныг олж чадвал та түүний үйлдэл, магадгүй хувийн чанарыг нь тайлах түлхүүр оллоо гэсэн үг. Өөрийгөө түүний оронд тавиад үзэхийг оролд. “Хэрэв би түүний оронд байсан бол яах байсан бэ?” гэж өөрөөсөө асуувал цагаа хэмнэж, эрүүл мэндээ ч гамнахсан. Учир нь бид шалтгааныг нь сонирхож байвал үр дүнд нь илүү хүлцэнгүй ханддаг билээ.

Тэрчлэн та хүмүүсийн харилцааны талаар их зүйлийг ойлгох болно. Хэн нэгнийг буруутгах хүсэл төрвөл хормын төдий бодолхийлж, өөрийн хэргийн төлөө гэсэн хүслээ бусад бүх юманд гаргадаг хайхрамжгүй байдалтайгаа жишиж үзнэ үү. Дараа нь хүн бүхэн л ингэдгийг ойлгохыг хичээ. Тэгвэл хүмүүстэй сайн харилцаатай байх эсэх тань бусдын санал бодолд хандах хандлагаас чинь хамаардгийг ойлгох болно.

Хэн нэгнээс түүдэг унтраахыг ч юм уу аль эсвэл улаан загалмайд зориулж 50 доллар өгөхийг хүсэхийн өмнө санаа бодлыг нь ойлгохыг хичээх нь чухал. Үүнийг хийх хүсэл яагаад төрөх ёстой вэ? гэж өөрөөсөө асуугаад үз. Үүнийг эргэцүүлэн бодоход хугацаа шаардагдах нь мэдээж. Гэхдээ найз нөхөдтэй болоход тань тус болж, сайн үр дүнд хүрэх болно. “Ажил хэрэг ярих гэж байгаа хүн рүү орохынхоо өмнө цонхных нь доогуур хоёр цаг холхиж, юун тухай ярих надад юу гэж хариулж болохыг бодолхийлдэг” гэж Гарвардын их сургуулийн декан надад ярьсан юм.

Иймд хэрэв та хэн нэгэн хүнийг ямар нэгэн зүйлд итгүүлье гэвэл “Юмыг ярилцагч хүнийхээ нүдээр харагтун” гэсэн мөрдлөгийг баримтлаарай.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …