60 тэрбумынхан “ялагдаж”, Ц.Сандуйгаас сураг тасрав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар нууц санал хурааж, С.Амарсайхан 51.2 хувийн саналаар НИТХ-ын даргаар сонгогдсон юм. Гэвч Ц.Сандуй, П.Баярхүү, Н.Баярсайхан, Ж.Алдаржавхлан, Ж.Батсайхан нарын төлөөлөгчид “С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилсон хурлын шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү” хэмээн шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэдний зүгээс “НИТХ-ын даргад хоёр хүн нэр дэвшээд аль аль нь олонхийн санал аваагүй бол шинээр нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн шүүхэд хандсан юм.

Энэ гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж, “С.Амарсайханы томилгоо нь хуулийн дагуу явагдсан байна” гэдэг дүгнэлтийг гаргаж, төлөөлөгчдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй нар алдсан албан тушаалаа эргүүлэн авах арга сүвэгчлээл амжилт ололгүй, ялагдал хүлээлээ. Уг нь МАН дахь хагарал арилсан гэж тэд өөрсдөө мэдэгдсэн хэдий ч НИТХ дахь олонхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй, бухимдаж яваа нь энэ шүүх хурлын үеэр харагдсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Нэгэнтээ шүүх асуудлыг хэлэлцэж, С.Амарсайханы томилгоонд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзсэн учраас НИТХ-ын үйл ажиллагаа цаашид саадгүй үргэлжлэх боломж бүрдсэн юм. Гэвч Ц.Сандуй тэргүүтнүүд хурлын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулсаар байна. Тухайлбал, Ц.Сандуйгаас сураг тасраад удаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр 12 дугаар сарын 23-ны өдөр Сингапур нисч, тэндээ он гаргасан сурагтай. Иргэд нь утаан дунд бүдчин алхаж байхад өмнө нь хариуцлагатай албан тушаал хашч байсан төлөөлөгч нь утаанаас дайжиж, халуун оронд нарлаж хэвтсэн байх нь.

Гэхдээ түүнийг эзгүйд НИТХ ажилласаар байсан. Шийдэлд хүрч, ажил нь зогсолтгүй үргэлжилсээр байгаа. Газар чөлөөлөлтийн ажлууд өрнөж, хотын нягтаршлыг арилгах жилийн төлөвлөгөөтэй ажлаа НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулж, иргэдийн талархлыг хүлээгээд байна.

Гэвч урагшлах замд саад их гэгчээр “60 тэрбумынхан” гэх автортай хэсэг төлөөлөгчдийн үйлдэл зарим ажилд тээг болж байгаа нь харагдлаа. Ц.Сандуйгийн хувьд хамгийн их таслалттай төлөөлөгчөөр бичигдэж мэдэхээр байна. Ер нь л НИТХ-ын даргын албан тушаалаас бууснаас хойш Хангарьд ордонд ирж ажиллах дур сонирхолгүй болчихсон юм болов уу. Уг нь иргэддээ ямар амлалтуудыг өгч, төлөөлөгч гэх эрхэм албан тушаалд ирснээ мартаагүй л баймаар юм. Гэвч иргэддээ өгсөн амлалтаа бус хувийн эрх ашгаа тэргүүнд тавьж, бусад нөхдөө ч бас хөлдөө чирч яваа сураг дуулдав.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн …