Үхэх болсноо мэдсэн 27 настай бүсгүйн бичсэн захидал

Хангалттай мөнгөгүй, ажил сэтгэлд хүрэхгүй, бусадтай харилцаа сайнгүй гэх мэт шалтгаанаар өөрийн амьдралаа дутуу үнэлэх хүн олон байдаг. Зарим хүн танихгүй хүмүүстэй интернэтээр ярьж цагаа өнгөрүүлдэг. Амьдралд ямар нэг зүйл дутаж байна гэж бодох хүн ч цөөнгүй. Гэхдээ л бид дэлхий дээр амьдрах хугацаа аль хэр үлдсэнийг мэдэхгүй учраас уйтгарт гунигт автаж цагаа үрэх ёсгүй.

Австралийн Графтон хотын Холли Батчер гэх энэ бүсгүй ихэвчлэн залуу хүмүүсийн өвчилдөг “Ewing’s sarcoma” гэх нэртэй ховор төрлийн хорт хавдар тусч 27 насандаа хорвоог орхисон юм. Тэрээр өөд болохоосоо өмнө амьдарсан хугацаандаа ойлгосон зүйлээ facebook-тээ бичиж үлдээхийг хүсчээ. Түүний захидлыг уншсан олон хүн өдөр тутмын амьдралдаа хэрэггүй зүйлсэд сэтгэл, оюун, хүчээ үрэх хэрэггүй болохыг ухаарсан байна. Тэрээр хүмүүст хамгийн чухал гэсэн зүйлдээ анхаарлаа хандуулж, аль болох бүрэн дүүрэн амьдралаар амьдрахыг сануулжээ. Түүнийг бичсэн захидлыг толилуулъя.

“Амьдралд төсөөлж ч байгаагүй зүйлс тохиолдох хүртэл бид ирээдүйд юу болох талаар мөрөөдөн суусаар байдаг. Би хөгшин эмэгтэй болчихоод үр хойчоо тойруулан сууна гэж мөрөөддөг байлаа. Амьдрал эрхэм мөртлөө хэврэг, гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг юм байна. Би одоо 27 настай. Өдөр бүхэн бэлэг учраас үргэлжлүүлж амьдрахыг хүсч байна. Би хүмүүсийг өдөр тутмын жижиг асуудлуудад сэтгэл санаагаа тавгүйтүүлэлгүй, аз жаргалтай амьдарч амьдралаа үнэ цэнэтэй болгоосой гэж хүсч байна. Амьдралд асуудал байхад тэрхүү асуудлаас тань дор нөхцөл байдалд байгаа хүмүүсийг санаарай.

Тэгээд гүнзгий амьсгал тултал нь нэг аваад цэлмэг тэнгэр, моддыг нэг хараарай. Та өнөөдөр замын түгжрэлд гацаж, нойр дутуугаас болж ядран, үсчин үсийг тань хэтэрхий богино болгосонд цухалдаж байж болно. Өөрийгөө жижигхэн хөхтэй, эсвэл илүүдэл жинтэй гэж голж байж болно. Гэхдээ эдгээр нь энергиэ барсан үнэхээр утгагүй санаашралууд юм шүү.

Би дахиад нэг л удаа Зул сарын баяр, төрсөн өдрөө тэмдэглэвэл ямар сайхан бэ. Та биеийн эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй, сэтгэлийн тэнхээ, амар амгаландаа анхаараарай. Өөрийг тань хямраах бүхнийг авч хаяж сур. Бусдад тусална гэдэг ямар сайхан бэ. Надад одоо бусдад хайр халамжаа түгээж, тэднийг аз жаргалтай болгох боломж байхгүй.

Мөнгөө бүгдийг нь материаллаг зүйлд зарцуулахын оронд амьдралын сайхныг мэдрэх зүйлсэд зарцуулаарай. Байгальд гар. Элсэн дээгүүр нүцгэн хөлөөрөө гүй. Өглөө эрт босч шувууд жиргэхийг сонсон, нар мандаж байгаа агшинд өнгө нь хэрхэн харагдахыг ажаарай. Хөгжим сонс. Найзууд руугаа залгаж ажил, амьдрал нь сайн байгаа эсэхийг асуу. Бялуу ид. Хүмүүнлэг үйлсэд нэгд. Найзууд минь, дахин уулзатлаа баяртай.”

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.