УБЕГ-ын гадаа хөгжиж буй “хурган бизнес”

Улсын бүртгэлийн байгууллага тэр дундаа гадаад паспортын хэлтэс үнэхээр их ачаалалтай ажилладаг. Гадаад паспорт хэрэгтэй хүн л тийшээ зорьж очно уу гэхээс онцын шаардлагагүй хүн бол зориод дэмий газруудын нэг л дээ. Гэвч гадаад паспортыг сунгахгүй болсонтой холбоотой ачаалал нь бүр ч нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гадаад паспортын хугацаа нь дуусч, шинээр авах шаардлагатай мянга, мянган хүн хараад халшрам оочир дарааллыг үүсгэж байна.

Өглөө 09.00 цагт буюу онгойход нь ороод 15.00 цагийн үед гарч ирж байна гэхээр энэ байгууллага ямар их ачаалалтай ажиллаж байна вэ гэдэг нь ойлгогдож байгаа байх. Харин энэ ачааллыг далимдуулсан жижиг бизнесүүд эрчийг авчээ. Тухайлбал, Улсын бүртгэлийн газрын дараалал зохицуулж, дугаар олгодог төхөөрөмж нь гэмтжээ.

Ингээд л үнэгүй тараагдах ёстой жижиг цаас үнэд орж эхлэв. Гадаа хүйтэнд зогсож байхаар ядаж дотогш ороод зогсьё гэсэн хүмүүс 20 мянган төгрөгөөр өөдөс цаас худалдан авч байгаа нь харагдлаа. Бүр улаан цаймдаа гарчихжээ. “Хөөе урдуур аятайхан оочир байгаа шүү. 20 мянган төгрөг” гээд зарлаад зогсож байна. Ийм зүйл байж болох уу. Эндээс л самбайчлагаараа авч чадахгүй бол өнөөдрийн дараалал дууссан гэдэг гонсойлгосон хариулт сонсож мэднэ.

Зөвхөн оочир дараалал дээр тулгуурлан үнэгүй тараагддаг цаас, үнэт цаас болон хувирч байгаа юм л даа. Үүнийг хэн зохицуулах ёстой вэ. Хэсэг бүлэг хүмүүс нь тэд хууль зөрчөөд л халаасаа түнтийлгэж байхад хаалганы цаана зогсох цагдаа тоосон шинжгүй.

Бид хэдэн онд амьдраад байна вэ. Картын бараанд оочирлож, талх авах гэж дугаарладаг байсан тэр үеийн дүр зураг, “урдуураа оруулчих” гээд дараалал худалдан авдаг байсан цаг үе Улсын Бүртгэлийн газрын гадаа л жинхэнэ утгаараа төгөлдөршиж байна.

Уг нь гадаад паспорт авах гэж гадаа, доторгүй оочирлож байхаар гэрээсээ эсвэл аль интернет кафегаас анкетаа бөглөөд хурууны хээ, иргэний үнэмлэхээ үзүүлээд авчихдаг зохицуулалт байж болдоггүй юм уу. Манайхаас бусад орон ийм байдлаар л шийдсэн харагддаг. Гэтэл манайх оочирлоод л оочирлоод л. Өнөөхийг нь дагасан хурган бизнесүүд хөгжөөд л…  Төрийн үйлчилгээ хэзээ эмх замбараатай, явдал, чирэгдэлгүй болох вэ?

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. NARUTO says

    ИЙМ Л ҮЕД МӨНГӨ ОЛНО Ш ДЭЭ. БҮГД ХУВААЖ АВЧ БАЙГАА. АТГ-АЖЛАА ХИЙХ ДУРГҮЙ Ш ДЭЭ. МӨНГӨНӨӨС НЬ АВЧ БАЙГАА.

  2. NARUTO says

    МИНИЙ МОНГОЛ ИЙТ Л ГОЁ Ш ДЭЭ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.