Д.Төмөртогтох: Хотгойдын Чингүнжав баатрын дүрийг бүтээх юмсан гэж хүсдэг

“Мандухай сэцэн хатан” киноны Мянхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Аянгат цагийн дууль” киноны Баянак, “Ану хатан” киноны Булат жанжны дүрээр бидэнд танил болсон жүжигчин Дэмидийн Төмөртогтохыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урьлаа. Энэ олон гайхалтай дүрийг бүтээсэн Д.Төмөртогтох нь малын эмч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ Өвөрхангай аймгийн Баянгол суманд ажиллаж, амьдарч байгаа юм. Тэрээр шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

-Монгол Улсын Гавъяат цол тэмдгээр энгэрээ мялаалгасанд  баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Үндэсний Эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын өдөр “Монгол Улсын Гавъяат жүжигчин” хэмээх эрхэм алдар цолыг Улсынхаа Ерөнхийлөгчийн гараас гардаж авах сайхан байлаа. Шагнал гардаж авч байх үед хамгийн эхлээд төрсөн нутаг, аав, ээж минь сэтгэлд бодогддог юм байна. Би Монгол Улсын гавъяат жүжигчин болчихсон юм уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Ерөнхийлөгчийнхөө гараас авна гэдэг том хүндэтгэл юм даа.

-Таныг МУГЖ цол тэмдгээр шагнуулаад нутагтаа ирэхэд нутгийн зон олон хэрхэн хүлээж авав?

-Cайхан хүлээж авсан. Орон нутгийн найз нөхөд, төрөл төрөгсөд, орон нутгийн байгууллагууд, нутгийн зөвлөл гээд  хүн бүр л сайхан халуун дотноор хүлээн авсан.

Өвөрхангай аймгаас төрсөн олон гавьяатууд байдаг. Та хэд дэх гавьяат нь болов?

-Аймагт бол олон гавьяат бий. Гэхдээ миний ажиллаж, амьдарч буй Баянгол суманд миний бие гурав дахь гавьяат нь болж байна. 1986 онд гавьяат малчин нэг, 1996 онд гавьяат жүжигчин нэг төрж байсан. Харин миний төрсөн Төгрөг сумаас 1980 онд гавьяат малчин төрж байсан. Түүний дараагийн гавьяат нь би л болж байх шиг байна.

Авьяас удамшдаг гэж ярьдаг. Танайд урлагийн мэргэжилтэй хүн бий юу. Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ? Та гэр бүлээ танилцуулна уу?

-Миний бие Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өссөн. Аавыг минь С.Дэмид ээжийг минь О.Цэгмид гэдэг. Насаараа мал малласан хүмүүс байлаа. Ээж минь их сайхан дуулдаг  хүн байсан. Урлагийн авьяас гэвэл ээжийгээ л дууриасан болов уу. Өөр урлагтай холбогдсон хүн манай удамд байхгүй. Харин миний ханийг Х.Дэнсмаа гэдэг. Малын эмч мэргэжилтэй. Д.Төмөртогтохынх гэдэг айл өнөөдөр дөрвөн хүүхэдтэй, арван ач зээтэй өнөр олуулаа болжээ.

Та бол малын эмч мэргэжилтэй хүн. Гэвч бас чамгүй олон кино уран бүтээлд дүр бүтээгээд амжсан байна. Хүүхдүүдээс тань урлагийн мэргэжлийг сонгосон уу?

-Том хүү Соёл Урлагийн Их Сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгссөн. Одоо Өвөрхангай аймгийн Тарагт сумын соёлын төвд эрхлэгч хийж байна. Бага хүү Кино Урлагийн Дээд Сургуулийг зураглаач мэргэжлээр төгссөн. Гэхдээ одоо гадаадад ажиллаж амьдарч байна. Харин хоёр охин минь урлагийн мэргэжлийг сонгоогүй. Том охин минь ээж аавынхаа малын эмч мэргэжлийн өвлөн авсан. Одоо малын их эмчээр ажиллаж байна. Харин бага охин минь багш мэргэжлийг сонгосон.

-Малын эмч мэргэжилтэй хүн урлагтай хэрхэн холбогдсон бэ. Энэ тун сонин түүх байх болов уу?

-1986 онд Бүх ард түмний урлагийн их наадамд оролцож, алтан медаль авч байлаа. Энэ цаг үеэс хойш урлагтай холбогдсон доо. Аймгийн хөгжимт драмын театрт дуучин, жүжигчин мэргэжлээр давхар ажилладаг байлаа. Тэр үед л түүхэн кинонуудад дүр бүтээх боломж, үүд хаалга нээгдсэн юм.

-“Мандуйхай сэцэн хатан” киноны Мянхай баатрын дүрийг тун чадмаг бүтээсэн гэж бодогддог. Энэ нь таны кино уран бүтээлийн анхны дүр гэж сонссон. Хэрхэн сонгон шалгаруулалтад орж байв?

Өвөрхангай аймгийн театрт жүжигчнээр ажиллаж байх үед “Мандухай сэцэн хатан” киноны сонгон шалгаруулалт манай аймагт ирж байлаа. Түүхэн киноны дүрд сонгон шалгаруулж байсан учраас оролцоод үзье л гэж бодсон. Тэгсэн Төрийн шагналт найруулагч Б.Балжинням намайг дуудаад Мянхай баатрын дүрд тоглох саналыг тавьсан юм. Үнэхээр их баярлаж, хүлээн авч байсан.

Ингээд л миний Д.Төмөртогтох гэдэг нэр Мянхай болж өөрчлөгдсөн юм. Мандухай сэцэн хатан кино гарсны дараа хүмүүс намайг Мянхай баатар гэж дууддаг болсон. Гэхдээ надад энэ нэрээр дуудуулах сайхан байдаг юм. /инээв/

-Таныг Мянхай баатарт дүр бүтээж байх үед Х.Дамдины найруулсан “Мандах нарны туяа” кино уран бүтээлд Д.Сүхбаатар жанжны дүрд тоглох санал тавьж байсан гэж дуулсан. Та яагаад Д.Сүхбаатар жанжны дүр бүтээхээс татгалзсан бэ?

-“Мандухай сэцэн хатан” киноны Мянхай баатрын дүрд тэнцсэн байх үед Х.Дамдин найруулагч “Мандах нарны туяа” киноны  жанжны дүрд тоглох санал тавьсан юм. Гэхдээ Дашнамжил ахын гаргасан дүрийг давж гаргаж амжихгүй байх гэж өөрийгөө голсон л доо. Тэгээд ч Мянхай гэх  баатрын дүрийг бүтээхээр болсон байсан болохоор илүү шуналгүй тухайн дүрээ л сайн бүтээхэд анхаарч ажилласан. Д.Сүхбаатар жанжны дүрийг  бүтээгээгүйдээ харамсдаггүй.

-Сайхан Монгол эрсийн дүрээр та дэлгэцнээ мөнхөрчээ. Аль дүрдээ илүү хайртай байдаг вэ?

Ер нь бүх дүрүүддээ хайртай. Гэхдээ “Аянгат цагийн дууль” киноны Баянакийн дүр миний тоглосон анхны  гол дүр байсан учраас илүү хичээж, хөдөлмөрлөсөн. Дүр бүтээж байх үеийн дурсамжууд одоо ч санаанаас гардаггүй юм. Баянакийн дүрдээ арай л илүү хайртай юм уу даа.

Мэргэжлийн жүжигчид түүхэн дүр бүтээхээ эмээдэг. Таны хувьд түүхэн дүрийг бүтээхэд хүндрэл учирч байв уу?

-Түүхэн кинонд дүр бүтээнэ гэдэг нэр хүндтэй, сайхан л даа. Тэр тусмаа л хичээж ажиллах учиртай юм. Гэхдээ айх, эмээх зүйл гаралгүй яах вэ. Гэвч нэгэнтээ сонгогдсон учраас өөрийн чадах бүхнээ дайчилж ажилладаг.

-Эерэг дүрүүд танд олон бий. Гэвч “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрийг олон нийт сөрөг гэж харах нь бий.

-Би “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрийг сөрөг дүр гэж бодоогүй. Манай О.Бат-Өлзий найруулагч надад Дэлэгийн дүрийг санал болгосон. Найруулагч итгэл хүлээлгэж санал тавьсан учраас Дэлэгийн дүрийг бүтээсэн.

Мэргэжлийн жүжигчдийн бүтээхийг хүсдэг олон сайн эрс, баатруудын дүрийг та бүтээсэн. Гэхдээ хүсэлд хязгаар үгүй гэдэг шүү дээ. Танд бүтээхийг хүсдэг баатрын дүр бий юу?

-Хотгойдын Чингүнжав баатрын дүрийг бүтээх юмсан гэж хүсдэг. Гэхдээ найруулагчийн сонголт л мэднэ дээ.

Олон ангит кино уран бүтээлд тоглох санал ирж байна уу?

-Миний хувьд хоёр ч олон ангит кинонд дүр бүтээлээ. Он цагийн эрэлчид нэртэй хүүхдийн кинонд дүр бүтээсэн. Сүүлд Хазаар цэцэгсийн дуулал нэртэй олон ангит кинонд гол дүр болох аавын дүр тоглолоо. Мэдээж цаг нь байгаад тоглох хүсэл байвал ирсэн саналуудаас татгалзахгүй.

-Бидний урилгын хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хүсч буй Чингүнжав баатрынхаа дүрийг бүтээж, Ардын жүжигчин хэмээх цолоор энгэрээ мялаахыг ерөөе.

-Баярлалаа та бүхэнд. Шинэ оны шинэ жилийн мэндийг элэг нэгт Монгол түмэндээ дэвшүүлье.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …