У.Хүрэлсүх: 2018 он ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно

Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэд ээ, эх орноосоо алс хол, усны урт, газрын холд суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, ард иргэд, айл өрх бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улиран одож буй 2017 он өөрийн гэсэн онцлог, тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа.

Монгол улсын засгийн газар тодорхой амжилт бүтээлтэйгээр хуучин оноо үдэж, хийж бүтээх их ажлын эхлэлтэйгээр шинэ онтойгоо золгож байна. Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл, өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүл нэмж, Монголчууд бид гурван сая хоёр зуун мянгуулаа боллоо.

2017 онд манай улс олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд улс орныхоо өмнө тулж ирээд байсан санхүүгийн эрсдэлийг амжилттай даван туулж чадлаа. Хэдхэн хоногийн өмнө Олон улсын үнэлгээний агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг эерэг болгон өөрчилсөнөө олон улсад зарлалаа.

Энэ бол Манай улсын эдийн засагт ногоон гэрэл асаж, эдийн засаг сэргэж эхэлсэний бодит нотолгоо юм. Улсын эдийн засаг 2016 онд -1,4 хувь хүртэл унаж байсан бол 2017 онд 5,8 хувьд хүрч өсөөд байна. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 2.3 тэрбум америк доллар боллоо. Долларын ханш ч бууж эхэллээ.

Монгол улсын экспорт анх удаа зургаан тэрбум ам. долларт хүрч өслөө. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг 2016 онтой харьцуулахад хоёр дахин багасгаж ДНБ-ий есөн хувьд хүргэж чадлаа. Энэ бүхэн Монголчууд бидний хувьд чамлахааргүй амжилт юм. Эх орон нэгт Монгол ахан дүүсээ, Та бид өрнүүн их ажил хүлээсэн 2018 онтой золгож байна.

Манай засгийн газрын бодлогын төвд Монгол хүн, Монгол улсын иргэн та байх болно. Шинэ онд Монгол улсын Засгийн газар ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, эрчим хүч, газрын тосны үйлдвэр барих зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхлэх болно.

Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно. Ирж буй 2018 онд Монголчууд бид амжилт ололтоо улам бататгаж, алдаа дутагдлаа засаж, ахуй амьдралаа өөд нь татаж, ашиг орлогоо нэмэгдүүлж, учирч болох сорилт бэрхшээлийг ухааны ур, эвийн хүчээр даван туулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө эр зориг гарган эрч хүчтэй хамтран ажиллах учиртай.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, бас биднийг нэгтгэдэг, бидэнд урам зориг, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол Тусгаар тогтносон Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно.

Ирж буй шинэ онд иргэн бүр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Бадамласан галын дөл өөдөө байдгийн адил баатарлаг түүхт Монголын минь хувь заяа мандан бадрах болтугай.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …