М.Оюунчимэг:Б.Хурц буруутай үйл ажиллагаа явуулж, хүмүүс хэлмэгдсэн бол хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.

БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор болсон Б.Хурцын асуудлыг Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдлийн дагуу хэлэлцэх ёстой гэсэн ч хуралдаагүй гэдэг шүүмжлэл байна. Гэсэн хэдий ч Л.Болд, Ж.Батзандан нар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Та тус нээлттэй хэлэлцүүлэгт орж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны дарга болоод удаагүй байгаа ч иргэдээс ирсэн өргөдөл бүртэй сайтар танилцаж 30 хоногийн дотор хариу өгч шийдвэрлүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих тал дээр маш сайн ажиллаж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудал нь өөрөө хурц байна л даа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр нэг сар шахам хэлэлцэгдээгүй томилгоотой холбоотой асуудал гэнэтхэн Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхээр албан бичгээр ирсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Б.Хурцын томилгооны асуудлыг Их хурал шийдэх гэж байсан. Тиймээс хуульчдаа явуулж албан тооттой албан ёсоор танилцаж байтал УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас найман хүний өргөдөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нууцын зэрэглэлд хамаарах хоёр өргөдөл энэ сарын долооны өдөр ирсэн. Тиймээс 10 хүний өргөдөлтэй танилцах зайлшгүй шаардлага үүссэн тул УИХ-ын даргад Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг хойшлуулах хүсэлт гаргахад долоо хоногоор хойшлуулж өгсөн юм. Өргөдлийн байнгын хороо дөрөв хоногийн хугацаанд тус өргөдлүүдтэй танилцаж, судлахад хувь хүний нууцтай холбоотой, сөрөх тагнуулынхантай холбоотой гээд нэлээдгүй хугацаа шаардах ээдрээтэй зүйлс их байсан. Байнгын хороо иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хянах, шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу судалсан. Үүнийхээ дүнд энэ сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлж, прокурор нарийвчлан судалж үзээд арванхоёрдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Одоо хариу нь ирэх ёстой.

-Танай байнгын хороо яагаад нээлттэй хэлэлцүүлэг хийгээгүй юм…

-Өргөдлийн байнгын хорооны 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдүгээр тоот тогтоолоор баталсан Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай дүрмийн 9.9.3-д байнгын хороо цахим хэлэлцүүлгээр 900-гаас доошгүй дэмжсэн санал авсан тохиолдолд өргөдлийг шууд оруулж хэлэлцэнэ. Өргөдлийн байнгын хорооны дарга танилцуулна гэж заасан байдаг. Тиймээс Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй гэдгийг УИХ-ын Тамгын газрын болон, байнгын хорооны хуульчид надад албан бичиг өгсөн. Элчин сайдын томилгоотой холбоотойгоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдэж, чуулганаар ордог журам өнөөдрийг хүртэл үйлчилж ирсэн. Гэтэл Б.Хурц дээр өөр тоглолт явсан. Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийхийн тулд 900-ээс дээш хүний дэмжсэн санал хэрэгтэй байсан тул ганц, хоёр хоногийн дотор үнэхээр боломжгүй байгааг хэлсэн. УИХ-ын дарга Өргөдлийн байнгын хороонд 900-гаас дээш дэмжсэн санал ирээгүй, өнөөдрийн түвшинд боломжгүй байгаа гэж бол уг асуудлыг удаа дараа хойшлуулах шаардлагагүй гээд баасан гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Элчин сайдын томилгоо чуулганаар ордог өдөр буюу энэ сарын 15-ны өдөр бид прокурорт албан бичиг явуулсан, Өргөдлийн байнгын хороонд нэгэнт нээлттэй хэлэлцүүлэг хийх хууль эрх зүйн боломж байхгүй байсан тул, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдийн санаачлан зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, Ц.Нямдорж сайд бид суусан. Нээлттэй сонсгол үргэлжилж байх явцад УИХ-ын чуулганаар томилгооны асуудлыг О.Баасанхүү гишүүний горимын саналаар хаалттай хуралдан шийдсэн.

Заавал хаалттай хуралдах шаардлага байсан юм уу?

-Чуулганы хуралдааныг хаалттай явуулсанд үнэхээр харамссан. Миний хувьд хаалттай хуралдах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь УИХ-ыг муухай харагдуулсан л даа. Тиймээс хаалттай хуралдаанд оролцолгүй, иргэдийн өргөдлийг зайлшгүй судлах шаардлагатай гэж үзээд нээлттэй хэлэлцүүлэгт орсон. Нэг хүн өргөдөл гаргасан бол хүн эргэлзэж болно. Гэтэл тэнд нэлээд олон хүн өргөдөл гаргаж асуудлыг ярьж байсан ч чуулганаар асуудал шийдэгдсэн. Хэдийгээр УИХ-аар томилгооны асуудал шийдэгдсэн ч Улсын ерөнхий прокуророос бидэнд албан тоотоор хариу ирүүлэх ёстой. Үүний дараа холбогдох хүмүүстэй нь сууж байгаад хэлэлцэх боломж байгаа гэж харж байна. Ерөнхийлөгч энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх бол гэж харж байсан ч томилгоо нь өөрөө хурц асуудалтай байсан учраас бие бие рүүгээ түлхсэн байдалтай байсан. Миний хувьд Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар асуудалд бие даасан өөрийн байр суурин дээр нухацтай хандаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …