Япончуудын айдаг домгийн мангасууд

Японы үлгэр домогт муу талын олон баатар байдгийн ихэнх нь сонин хачин зүс царайтай мангасууд байдаг ажээ. Их наран улсын домог зүй үнэхээр сонирхолтой, сургамжтай байдгаас гадна дүрүүд нь бодит мэт байж чаддагаараа дэлхий нийтэд алдартай болсон юм. Ингээд та бүхэндээ сонирхуулахаар Японы домогт гардаг 10 мангасуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

“Yuki Onna”


Ямар шашин байхаас хамаарч япон домгийн мангасуудын гадаад төрх, зан ааш нь харилцан өөр өөр байдаг. Үүнтэй нэгэн адил, цасан хүүхэн буюу “yuki onna” нь японы аль нутагт байна, түүнээсээ хамаарч харилцан өөр домогтой байдаг. Тэр цагаан арьс, цагаан кимоно, цагаан, заримдаа хар үстэй, үзэсгэлэн төгс байдаг. Хүмүүсийг гоо үзэсгэлэнгээрээ өөртөө татаад, тэднийг хөлдөөн сүнсийг нь өөртөө авдаг гэх домогтой ажээ. Өөр нэгэн хувилбар нь хүмүүстэй юм ярихад, өөдөөс нь хариу хэлэхгүй бол тэр дор нь алж орхидог гэх нь ч бий.

“Shuten Doji”

Энэ дүр нь харахад мангас шиг биш ч, хамгийн харгис гэгддэг. Үлгэрт гардгаар бол тэр залуу охидыг хулгайлж өөрийн цайздаа авчирч хорин, тамладаг. Мэдээж түүний энэ хэргийг ямар ч хаан хорьж дийлдэггүй бөгөөд зүгээр л харж суухаас өөрийг хийж чаддаггүй аж.

“Otoroshi”


Тэд сүм хийдийг гэрээ болгох дуртай бөгөөд сүмийн дотор хаалганы дээд талын хөндлөн модонд нуугдаад хүн орж ирэхийг отон сууж байдаг хэмээн үлгэрт гардаг байна. Гэхдээ зөвхөн муу санаатай хүмүүсийг л иддэг гэжээ.

“Ikuchi”

Энэхүү мангас нь ayakashi мангасын төрөлд хамаардаг гэнэ. Тэрээр далайн хөвөөгөөр ил гарч ирдэг бөгөөд хэдэн километр үргэлжлэх урттай хэмээн бичигдсэн байдаг. Өөрийнхөө биенээс тос ялгаруулан далайчдын завин дээгүүр асгадаг бөгөөд далайчид түүнийг нь цэвэрлэж чадсан тохиолдолд амь гарч, үгүй бол завь нь живдэг ажээ.

“Mikoshi Nyudo”

Үлгэрт гардаг мангас бүхэн аймшигтай эрэмдэг төрхтэй байдаггүй. Эл чөтгөр нь эгэл жирийн хүн шиг төрхтэй бөгөөд түүний нэрийг орчуулвал “Далдыг харагч санваартан” ажээ. Тэрээр шөнө хийдэд ирэх хүмүүсийг урьдчилж мэдээд, отон хүлээдэг байна. Ингээд хүмүүсийг ховсондоо оруулан, идэхийнхээ өмнө хүзүүгээ сунгаж хурц шүдээрээ тасар татдаг хэмээн дурьдсан байна. Хэрвээ ховсдуулсан хүн зугтаах гэж оролдох юм бол хулсан саваагаар цоо хатгадаг ажээ.

“The Gashadokuro”

27 метр урттай аварга том араг ясны дайралтаас зугтааж чадах хүн байна гэж үү? Гашадокуро нь дайны талбарт төрлөө олохгүйн улмаас хилэгнэсэн муу ёрын 100 сүнснээс үүссэн гэж үздэг. Тэр тосгоны хамгийн шударга, зоригтой хүнийг хайж олоод, арьс болон эрхтнүүдийг хуулж хаян, бүх ясыг нь өөртөө наан эвлүүлж, өөрийнхөө биеийг илүү том болгодог гэжээ.

“The Akkorokamui”

Бусад улс үндэстний түүх домогт нийтлэг гардаг наймаалжтай тун төстэй бөгөөд хамгийн бодит нь гэж хэлж болно. 1900 оны эхээр Айну омгийн гурван загасчнийг 110 метр хүрэх үлэмж том наймаалж идчихжээ. Үүнээс хойш Айну омгийнхон үргэлж завин дээрээ зэвсэг авч явах болсон ба наймаалжийг дарж чадсан байна. Зарим хүн энэ аварга наймаалж одоог хүртэл далайн ёроолд байдаг хэмээн итгэдэг.

“Yamata-no-Orochi”

Домгийн энэхүү луу нь найман толгойтой, найман сүүлтэй, найман тосгоныг ороохоор урт хэмээн тэмдэглэгдсэн байна.

“Katakirauwa”


Зарим мангас заавал аймаар царайтай, аварга биетэй байх албагүй. Тэдгээрийн нэг нь энэхүү гахай шиг төрхтэй мангас юм. Түүний ойр хавьд хүн харагдах л юм бол өөрийн идэш болгож орхино.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.