Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргыг огцруулжээ


Саяхан хуралдсан Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурлаар тус сумын Засаг дарга Л.Алтангэрэлийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцээд, ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, төрийн ажлын менежментийг зөв удирдан зохион байгуулж чадаагүй зэрэг үндэслэлээр, сумын Иргэдийн төлөөлөгчидийн олонхийн саналаар огцруулсан байна.
2015 онд Зах зээл ба Бэлчээрийн менежментийн төслийн хүрээнд 79,0 сая төгрөгөөр баригдсан өвс тэжээлийн агуулахыг /өвсний фонд/ сумын төвөөс 10 орчим километрийн зайд бариулж, өөрийн хамаатны нөхрийг сахиулаар ажиллуулсан байна. Энэ хүн нь удалгүй өөрийгөө боомилж үхсэнээс болж одоо тэр өвсний агуулах эзэнгүй харуул хамгаалалтгүй, ашиглалтгүй болжээ. Агуулахад хадгалсан өвс тэжээлээ алдаад одоогоор авсан өвс тэжээл нь ЗДТГ-ын хашаандаа хураалгаастай байна.Энэ нь сумын засаг даргын ажлын менежмент холбоотой гэж үзжээ.

Эзэнгүй хээр барьсан өвсний агуулах нь одоо хоосон.

ЗДТГ-ын хашаандаа өвс, тэжээлээ хураажээ.

2013 оны эцсээр ОНХС-ийн 65,0 сая төгрөгөөр халуун ус шинээр баригдсан байна.

Ашиглалтанд орсон цагаасаа эхлэн үйл ажиллагаа нь доголдож халуун хүйтэн усны тохиргоогүй нэг бол хүйтэн нэг бол хэт халуун ус гоожиж хүн шалзлах шахдаг, хаалга үүд нь түгжээгүй, бохир нь буцаж гардаг үнэр танар гээд л анхнаасаа л иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж байжээ. Засаг дарга найз Д.Алтантариадаа халуун усаа ашиглалтанд оруулаад л шинээр нь хүлээлгэн өгсөн байна. Тэр нь үлгэн салган ажиллуулж байгаад ажиллахгүй болгоод буцааж ЗДТГ-таа хүлээлгэн өгчээ. Одоо цонхнууд нь бүгд хагарсан, байнгын ажиллагаагүй, үсчин нь ажилладаггүй, 21-р зуунд халуун усгүй иймэрхүү өнгө төрхтэй Өгийнуурчууд амьдарч байна.

 

БНСУ-ын Ногоон Ази ТББ-ийн тусламжтайгаар SAMSUNG корпораци 2014 оноос эхлэн тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалтыг Өгийнуур суманд хийсэн байна.Уг байгууллага нь ундны усны худаг, ус түгээх машин, төсвийн байгууллагуудын барилгад нь засвар хийж, зарим тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн боловч өнөөдрийг хүртэл худгийг нь онгойлгож, усны машинаар нь айл өрхүүдэд ус түгээлгүй 3 жилийн нүүр үзсэн байна. Өөрийн эхнэр Б.Бадамханд нь Соёлын төвийн эрхлэгч бөгөөд эхнэрийнхээ удирдаж байгаа байгууллагад 60 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн боловч мөн л үүд хаалга нь хаалттай, соёлын ямар ч арга хэмжээ зохион байгуулдаггүй. Иймд сумын засаг даргын сул үлбэгэр ажил хариуцах чадваргүй, гэр бүлийн засаглал тогтоосон ийм байдалд нь дүгнэлт хийж тус байгууллага нь гэрээгээ 2017 оны 11 дүгээр сард цуцалсан байна. Монгол Улсын Газрын тухай хуулиар гадаадын иргэн аж ахуйн нэгжид газрыг зөвхөн ашиглуулдаг байтал тус хуулийг зөрчин БНСУ-ын Ногоон Ази ТББ-д газар эзэмшүүлсэн нь илэрч иргэд төлөөлөгчдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч аргагүй эрхэнд ашиглалт болгон өөрчилсөн 50 га газарт нь Ногоон төгөл байгуулах зорилгоор маш их хэмжээний мөнгө хөрөнгө хүч зарцуулж, дээрх байгууллага олон мянган мод тарьсан байна. Тэр төгөлийн мод одоо хариуцах эзэнгүй, санхүүжилтгүйн улмаас ирэх хаврын ургалтын байдал, цаашлаад ногоон төгөл болох эсэх нь бүрхэг болоод байгаа юм байна.

ЗДТГ-ын хашаанд 3 жил ашиглалтгүй сул зогсжээ

Барьж байгаа нь, гэвч  ашиглаагүй бас л 3 жил болжээ.

2013 онд Ахмадын өргөөг 70,0 сая төгрөгөөр шинээр нь барьж ашиглалтанд оруулсан боловч өнөөдрийг хүртэл тэнд ямар ч үйл ажиллагаа явагдахгүй, эзэнгүй, ашиглалтгүй өнчин ганц байшин өдий хүрч байна.Энэ нь бас л иргэдэд хүрсэн зөв ажил болж чадаагүй байна.

                                                           Барьж байгаа үеийн зураг 2013 он
Өгийнуурыг хашиж хамгаалах зорилгоор 2015 оны ОНХС-ийн 49,5 сая төгрөгийн санхүүжилтийг гэрээ байгуулж аймгийн “БИ-БОР” ХХК-д өгсөн байна. Гэрээний хугацаа нь дуусаад дахин сунгасан боловч 39,0 сая төгрөгний санхүүжилтийг аваад өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй хашиж хамгаалаагүй байна.  Хэрэв хашиж хамгаалсан байсан бол энэ зун нутгийн 2 малчин нууранд машинтайгаа орж осолдохгүй байх байсан. Сумын засаг дарга нь өгсөн мөнгөнийхээ хойноос хөөцөлддөггүй, гэрээндээ хяналт тавиагүй, сэтгэл гаргаагүй төдийгүй энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр өгсөн гэж ам таглаад сууж байна. Нутгийн иргэдийн мэдээлснээр сумын Засаг дарга, аймгийн арслан Ю.Пүрэвжаргал хоёр нь эгч дүү 2-ын хүүхэд юм байна.Бөх дүүгийнх нь багш Р.Батболд нь энэ БИ-БОР ХХК-ний захирал юм байна. Тэр жил энэ дүү нь аймгийн арслан цол авчээ.

Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт 2016 оны ОНХС-ийн санхүүжилтээр 43,0 сая орчим төгрөгөөр баригдсан наадмын талбай нь нэг жилийн дараа ийм байдалтай байна. Баригдсан үеэсээ эхлэн хүчтэйхэн салхи бороонд дээвэр нь хуурч унаж дусаал гоожжээ.Энэ нь төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан, өртөг өндөртэй баригдсан нь төсөв захирагч сумын засаг даргын хариуцлагагүй чадваргүй, сум орон нутгаа хөгжүүлэх алсыг харсан бодолгүй, сэтгэлгүй байгаатай холбоотой гэж иргэд үзэж байгаа юм.

Сумын Соёлын төв нь төсвийн байгууллага хэрнээ ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, өглөө 10-11 цагт хийх ажилгүй 4 хүн ажилдаа ирсэн болж цагаа бүртгээд буцаад явдаг байна. Ийм байдлаар лав сүүлийн 5 жил болж байна. Урлаг соёлын дуучид хааяа ирж тоглолт хийх, бусад төрийн байгууллага иргэд арга хэмжээ зохион байгуулахыг эс тооцвол соёлын төв соёлын үйл ажиллагаа царцжээ. Төсвийн цалинг зүгээр авч байгааг сумын ард иргэд нь бүгд шүүмжилж ярьж байна. Соёлын төвийн эрхлэгч Б.Бадамханд нь сумын засаг даргын эхнэр буюу хамаарал бүхий этгээд болохоор үр дүнгийн гэрээ байгуулж ажлыг нь дүгнэх боломж багатай. .Аймгийн Засаг дарга нь сумын засаг даргыг нь батлахдаа ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь хянуулаагүй батласан юм байна. Иймдээ ч иргэдийнх нь дунд Соёлын төвийн хаалгыг модоор дараад хадвал таарна гэсэн яриа гарч байхав.
2013 оноос хойш хэд хэдэн удаагийн төсөл шалгаруулж олон зуун сая төгрөгийг үйлдвэрлэл үйчилгээ эрхлүүлж ажлын байр бий болгох зорилгоор олон иргэнд олгосон байна. Өнөөдөр ганц 2 -хон хүн л зориулалтын дагуу зээлээ ашиглаж үйл ажиллагаагаа эрхэлж байгаа юм байна. жишээ нь 2017 онд шалгаруулсан төсөл дотор нэг төлөөлөгч нь 5,0 сая төгрөгөөр шүдний эмнэлэг ажиллуулах, ногоон тэжээл тарих нэрээр ЗДТГ-ын ажилчид болон төлөөлөгч нар нь хувааж авсанд сумын иргэд маш их дургүйцэж байна. Шалгаруулах комиссын дарга нь сумын засаг дарга нь өөрөө байдаг. Ах дүү хамаатан садан найз нөхдөө, өөрийгөө дарга болгосон төлөөлөгч нартаа энэ зээлээс өгдөг, юм хийх гэсэн хүнд дүрэм журмынхан дагуу өгдөггүй, эргээд хэрэгжилт, хяналт байдаггүй. Өдий болоход нэг ч дорвитой жижиг дунд үйлдвэр энэ суманд байгууллагдаагүй юм байна.
Засаг дарга Л.Алтангэрэл нь удирдан зохион байгуулах чадваргүй 4 жил ажиллахдаа ЗДТГ-ын дарга буюу ажлын албаны даргаа 6 удаа сольсон байна. Энэ үйлдлээс нь харахад гаргасан шийдвэртээ хяналт тавьдаггүй, үр дүнг нь тооцдоггүй, гаргасан шийдвэрээ мэддэггүй, эргэж буцсан олон шийдвэр гаргадаг ийм л хүн орон нутгийг удирдаж байв .Эхнэр Бадамхандтайгаа ашиг сонирхлын зөрчилтэй, эхнэр нь байнга ажлыг нь зааж зааварладаг, засаг даргаа шүүмжилсэн хүн рүү хэл амаар доромжилж дайрч давшилдаг, бусдыг турхирдаг, үнэн үг хэлсэн хүнд дургүй, үнэнийг хэлсэн хүний үгийг мушгин гуйвуулж иргэдэдээ буруу зөрүү ойлголт өгдөг, хов живээр ажлаа хийдэг. Дахин Засаг даргаар сонгогдоод бүтэн нэг жил өнгөрсөн хэдий ч эдгээр алдаа дутагдлууд нь давтагдсаар байжээ.

Н.Сүрэн

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Будан says

    Наадах чинь Өгийнуурын газрыг зараад баяжсан хулгайч шоронд явуулах хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.