Дэлхийн шилдэг нийтлэл: Си Зиньпиний хөрөг (The New York Times)

БЭЭЖИН. Соёлын Хувьсгал улс орныг нь там болгож байх үед 13-хан настай, Хятадын сонгодог яруу найрагт ухаангүй дуртай, сулхан дуутай, турьгүй жаахан хөвгүүн байлаа. Хоёрхон жилийн дараа, биенээ дэвсэлсэн Улаан Хамгаалагчдын урсгал хотын гудамжуудаар үер мэт цутгалан байх үед Бээжингийн гудамжинд хаягдсан Си Зиньпин тэдний хөл дороос амь зулбаж чадсан юм.

Коммунист намын удирдах албанд зүтгэж явсан ч намын доторх цэвэрлэгээнд өртөж баривчлагдаад хэдэн жилийн нүүр үзсэн эцэг нь тэр үед, шоронд байнгын зодуур дарамтанд байв. Энэ хооронд оюутан тэмцэгчид гэр орныг нь байсгээд л нэгжиж түйвээх тул тэднийх байшин саваа хаяад зугатаж одохоос өөр аргагүй болжээ. Энэ мэт хөл үймээний үеэр эгч нарынх нь нэг амь үрэгдсэн байдаг. Цугларсан олны өмнүүр хувьсгалын эсэргүүгээрээ дуудуулан алхаж, төрсөн эхээрээ донгодуулж зогсохдоо Хятад гүрний ирээдүйн их удирдагч “Намын удирдагчийн гэмт хэрэгтэн хүү” хэмээн шоронд орохын даваанд ирж байв.

Харин саяхан Америкийн Нэгдсэн Улсад айлчлахдаа, эдүгээ 62 насыг зооглон буй ноён Си өөрийгөө ёстой л гялалзсан удирдагч мэтээр харуулж, Сиэтлд Америкийн хөрөнгөтнүүдтэй ядах юмгүй хэл амаа ололцож, Цагаан Ордонд өөрт нь зориулсан хүндэтгэлийн зоогонд намбатайяа тухлан байв аа. Мао намын удирдлагын төв байруудыг бөмбөгд гэж оюутнуудыг шахаж шалж байсан коммунист дэглэмийн хамгийн аймшигт он жилүүдэд залуухан Си нийслэлийн гудамжнаас анхлан улс төрийн хүрээнд хөл тавьж байлаа.

Си сонин хэвлэлд ярилцлага өгөх нь цөөн. Харин 2000 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр “Би бусдад дээрэлхүүлэхийг үнэнхүү тэвчдэггүй, гөжүүд хүүхэд байлаа. Тиймдээ ч радикалуудын уурыг дандаа хүргэнэ. Уурссан радикалууд намайг юунд ч болохнээ буруутгаж байж санаа амардаг байлаа,” гэж Бээжинд өнгөрүүлсэн өсвөр насныхаа тухай дурссан байх юм.

Ноён Си Соёлын хувьсгалын сүүл үеэр хөдөөгийн тосгон руу цөлөгдсөн долоон жилийнхээ тухай дандаа дурсан ярьдаг. Сая айлчлалынхаа үеэр Сиэтлд тавьсан илтгэлдээ ч хөдөөгийн ард түмний зовлон гачланг нүдээр үзэж, тэндээс улс эх орноо хэрхэн өөрчлөх санаа зорилго өвөрлөж харьсан хотын хүүгийн амьдралын түүхээр өөрийнхөө намтрыг өгүүлж байна билээ.

Гэвч ноён Си 1966-аас 1968 он буюу Соёлын хувьсгалын ид үймээн бужигнааны үеэр хаана юу хийж явсан тухайгаа ярих нь тун ховор, ойр тойрныхон нь ч энэ талаар нь гадаадын сэтгүүлчдэд ам алдалгүй олон жилийг баржээ.

Харин хамтрагчдынх нь бичсэн дурсамж, Сигийн гэр бүлийнхний дурдатгал тэмдэглэлийг анхааралтай шинжвээс намын онцгой эрх дархтаны гэр бүлд, ая тухтай нь аргагүй өсч торнисон энэ л бүрэг, томоотой, номд хорхойссон жаал Мао оюутнуудыг коммунист намын эсрэг турхирч, бүх шатны удирдлагыг нь түйвээн самарч асан үймээний тэр он жилүүдийг хэрхэн гэтэлж, тэр хоорондоо хэрхэн өөрчлөгдөж, ямаршуу хүн болж төлөвшсөн дүр зураг тун тодорхой болж ирдэг.

Ноён Сигийн бага насны амьдрал намын элитүүдийн болон цэргийн удирдагчдын хүүхдүүд л сурдаг, тусгай сургуулийн долоодугаар ангид байхаас нь огцом өөрчлөгдөж эхэлсэн бололтой байдаг. Соёлын хувьсгалын тэмцэгчид мөнхүү сургуулийг нь нурааж орхисонд жаалхүү намын удирдлагуудыг жигшиж дургүйцсэн улсаар дүүрэн энгийн сургуульд элсэн орохоос аргагүй болсон тухай нь сургуулийн дэд захирал, Цянь Пэйзэнь дурсчээ.

Нэгэнт тогтолцоо нурж эхлэсэн тул Си бага залуу хүний л зангаар ихэнх цагаа хичээлийн танхимаас гадуур өнгөрөөх болж. Сиг нэг найзтайгаа нийлээд өдөржин гадуур тэнээд алга болчихдог байсан тухай хатагтай Цянь ярьж байв. Гэр орноосоо зугатсаныхаа дараа Сигийн ээж хүүхдүүдээ дагуулаад засаг төрийн удирдлагуудыг бэлддэг Төв Хорооны Сургуульд орогнох болжээ. “Бид үнэхээр жир бус орчинд өссөн шүү” гэж тусгай сургуулийнх нь нэг ангийн сурагч Ли Сяобинг сургуулийнхаа цахим хуудсанд сэтгэгдэл үлдээсэн байв.
Маогийн Соёлын хувьсгал нэрээр өрнүүлсэн их цэвэрлэгээ, улаан хамгаалагчдын улангасал, нийтийн тэмцэлдээн нь удирдлагын шат өөд амжилттай замнасан Хятадын удирдагчдын нэр сүр, аж амьдралд ёстой л хар тамга дарсан юм.

Гэвч ноён Си тэдний эгнээнээс ялгарч үлдсэн юм. Энэ нь Маогийн дайчдын дунд алхаж явсан залуу насных нь намтар, Улаан хамгаалагчдын үеэс төрсөн намын анхны удирдлага хэмээх ухагдахуун, удирдлагын шат өөд өгсөх нь бүү хэл эхний гишгүүр дээр нь хөлөө тавьж амжаа ч үгүй байхдаа доош унаж улс төрийн хүрээнд шоовдорлогдсон, гудамжны хөөрхийлөлтэй банди болж хоцорсон түүх нь түүний ахин босч ирэхэд харин ч ивээс болсон юм.

Хэдийгээр ноён Сигийн үеийнхэн Маог тахин шүтэж ирсэн ч Си өөрөө Маогийн өдөөсөн хүчирхийлэл, харгислалын хохирогч бие хүн. Тиймдээ ч Сигийн намын удирдлагад ахин гарч ирсэн явдал бол мөнхүү үймээн самууныг эсэргүүцсэн удирдагч ангийн байр сууринаас нь эхтэй.

Тэгээд ч ноён Си шуудхан л намын эсрэг юм уу Маогийн өөдөөс эргэж ноцоогүйгээрээ удирдагч ангиас гаралтай бусад залуусаасаа тэс өөр. Харин ч нөмөрсөн зовлонг өөрийнхөөрөө туулж явахдаа хатуу чанд удирдлагын зарчимд улам хүндэтгэлтэй хандахад суралцаж шатлан захирах ёсны эсрэг гарах аливаа самууныг жигших болжээ.

“Си Зиньпин Маогийн дэглэм дор тун их зовсон. Гэвч намын удирдагчдын “төрөлхийн улаан” хүүхдүүд Маогийн орыг ахин эзлэх ёстой гэдэг итгэл үнэмшил нь чухам тэр үед л түүнд бэхэжсэн болов уу,” гэж Соёлын хувьсгал судлаач ноён Сунг ярилаа.

Тусгай сургуульд байхдаа Си, болон түүний хамт сурагчид улс эх орондоо социалист хувьсгалыг үлгэрлэн манлайлагсад болохоор бэлтгэгдэж байжээ. “Бид сурагчдад жорлон цэвэрлүүлж, ойр зуурын бүхий л ажлыг хийлгэдэг байсан. Тэд ч сайн хийнэ. Тухайн үеийн төр засгийн удирдлагуудын хүүхдүүд бидний юу хий гэснийг үг дуугүй биелүүлэх хүмүүжилтэй байлаа” гэж тус сургуулийн багш асан Танг Юухуа бас дурсчээ.

Ноён Сигийн хуучин багш нарын нэг Чэн Цьюин Хонконгийн сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа түүнийг “Тун сурлагатай, эелдэг даруу, тэвчээртэй, Дү Фүгээс авахуулаад Хятадын сонгодог яруу найрагт их дуртай хүү байсан” гэж дурссан байх юм.

Гэлээ ч Соёлын хувьсгалын эхэн үе Си болон түүний эгч нарын хувьд тун эмзэг, хөндүүр он жилүүд байлаа. Маогийн дайралт эцэг рүү нь эргэж, дөрөвхөн жилийн өмнө төрийн нарийн бичгийн дэд даргын тушаалд дэвшээд байсан цогтой хувьсгалч Си Зоншун бүх албан тушаалаа алдаад зогсохгүй Хятадын төв нутаг руу үйлдвэрт ажиллахаар цөлөгдөж ахуй. Эцэг нь ийн уруудан доройтож ахуйд эх Ци Шинь нь Бээжинд намын боловсон хүчний ажлаа үргэлжлүүлсээр байжээ.

1966 онд Маогийн дэвшүүлсэн, намын үзэл санааны дайснууд, урван тэрслэгчдээс нийгмээ цэвэрлэх уриа дуудлагад хамгийн түрүүнд нэгдэгсэдийн дунд тухайн үеийн төр засгийн удирдлагуудын хүүхдүүд олноороо байлаа. Гэвч Си тэднээс хойно сууж үлдсэн нь нэгт хэтэрхий балчир байсных, хоёрт эцгийнхээ уналтад балмагдахдаа эргэн тойрноо анзаарах сөхөөгүй явсных. Ингэснийхээ гороор тэр мөнхүү хүчирхийллийн давалгаанд хамагдах хамгийн эхний золиос болжээ.

Радикалууд эцэг эхээ хамгаалж Маогаас урвасан хэргээр оюутан, сурагчдыг хайр найргүй донгодон буруушааж байлаа. Хүчирхийлэл улам гаарч 1966 оны найм, есдүгээр сард зөвхөн Бээжинд л гэхэд 1800 оюутан халдлага, довтолгооны хөлд амиа алдсан юм.

Энэ үеэр Си эцэг нэгт эгч Си Хэпинээ алдсан гэдэг. Албан мэдээнд охиныг амиа хорлосон гэж тооцсон байдаг ч хожмын судлаачид түүнийг айж, дарамтанд орсондоо өөрийгөө егүүтгэхэд хүрсэн гэж үзэж байна. Тэр үед Улаан хамгаалагчдын шүдэнд зуугдмагцаа айж балмагдахдаа ийм үйлдэл хийдэг улс бишгүй их байлаа.

Соёлын хувьсгал хөл толгойгоо алдаж эхлэх үед Си өөрийнхөө амийг хоохойлох арга чаргад дадаж эхлэжээ. “Ангид бидэн шиг хар толботой хүүхэд байсангүй. Бүгд л биднээр тохуурхдаг байв. Нэг өдөр уриа хашхирч, лоозон өргөсөн хэдэн зуун улаан хамгаалагч сургууль руу нь дайрч орж ирээд замдаа таарсан бүхнийг аймшигтайгаар балбаж, хэмхчиж эхлэсэн. Тэр үед Си бид хоёр зугатаж амжсан ч нэг найз маань арай удаан гүйснээсээ болоод тэдэнд гүйцэгдэж, үхтлээ зодуулсан даа,” гэж Сигийн энгийн сургуулийн нэг анги, эцэг нь мөн л намын цэвэрлэгээнд өртөж хэлмэгдсэн Ни Вэйпин нэгэнтээ дурсчээ.

Си 2000 оны үед, орон нутгийн удирдлагад ажиллаж байхдаа өгсөн нэгэн ярилцлагадаа тэр үеийнхээ тухай дурсаж “Хүмүүс намайг дандаа л удирдагч, удирдагчийн үр сад гэж хардаг байлаа. Тэгээд “хийсэн хэрэгтээ” хэр их гэмшиж буйг минь асууна. Тэгэхээр нь би “Минийх буудуулж үхэхэд таарсан ял уу?” гэж асууна. Харин тэд “Зуунтаа буудуулвал таарсан ял” гэнэ. Гэвч би ганц буудуулаад үхэх, зуу буудуулж үхэх хоёрын ялгаа юусан билээ гэж гайхдаг байлаа,” хэмээн ярьсан нь буй.

Нэгэн удаа өнөөх л улаан хамгаалагчид нийтийн цуглааны үеэр Сиг насанд хүрсэн таван хүний хамтаар тайзнаа гаргажээ. Си олны өмнө сөхрөхийн сацуу толгой дээр нь тавьсан шовх оройтой төмөр малгайг хоёр гараараа барьсан байв. Энэ тухай Сигийн эцгийн шадар туслах Ян Пин дурсахдаа “Эх нь тэр үед хүүдээ туслах ямар ч аргагүйн эрхэнд цуглааны архан талд дуугүй л сууж байлаа. Улаан хамгаалагчид “Си Зиньпинийг сөхрүүл!” гэж хашхирхад эх нь суудлаасаа өндийгөөд цугласан олонтой хамт мөнхүү уриаг нь дагаж хашхирч байв,” хэмээжээ.


1968 оны сүүлээр Си Зиньпин цэвэрлэгээнд арчигдсан нам төрийн удирдлагуудын хүүхдүүдийг засан хүмүүжүүлэх зорилготой хүүхдийн хорих руу ачигджээ. Гэвч Мао хотын залуучуудыг хөдөө рүү томилох санаачлага дэвшүүлснээр тэр суллагдаж, огтоос таньж мэдэхгүй холын тосгон руу цөлөгдсөн юм.

Намын төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Энлай үймээний үеэр хагацсан гэр бүлүүдийг эргэн уулзуулах үйл ажиллагааг 1972 онд зохион байгуулах хүртэл Си эцэгтэйгээ огт уулзаагүй байсан юм.
Олон жилийн хорио, байцаалт, шийтгэлд нухлагдаж доройтсон эцэг нь нас биед хүрсэн хоёр хүүгээ хараад таньж ядан балмагдаж байв. Хөгшин эцэг нь цурхиртал уйлж, харин Си түүний хажууд дуугүй хэсэг сууснаа ганц янжуур сарвайжээ.

“Аав надаас “Чи бас тамхинд орчихоо юу?” гэж асуусан. Тэгэхэд нь би “Сэтгэлээр унаад хэцүү байлаа шүү дээ. Бид ч бас энэ хэдэн жилийг арайхийн давлаа,” гэсэн юм. Аав минь хэсэг дуугүй сууснаа “Би чамд тамхи татах эрх олголоо,” гэж билээ” хэмээн ноён Си дурссан удаатай.

 

Орчуулсан Б.Баясгалан

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …